Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, холбогдох дүрэм журам зөрчсөн үйлдэлд шинжээчийн дүгнэлт гаргуулдаг болох гэнэ. Уул уурхай, барилга, зам зэрэг хүнд үйлдвэрийн салбарт иргэд ажлын байран дээрээ осол, гэмтэлд өртөх нь түгээмэл. Энэ тохиолдолд ажилчид ихэнхдээ шинжээчийн дүгнэлтгүйгээр удирдлагуудтайгаа “тохирох” гэж оролдоод эрүүл мэндээрээ насан туршдаа хохирсон нь олон байдаг аж. Иймд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Хууль зүй, дотоод хэргийн яамныхан хамтраад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс үүссэн зөрчил, ослын үед шинжээч томилох журам боловсруулахаар болсон байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн дагуу төрийн албан хаагч шинжээчээр ажиллах зайлшгүй шаардлага үүссэн тохиолдолд хэрхэн ажиллах тухай зохицуулалтыг байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр журамлах, шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх хүнд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөлд яамдын төлөөллөөс оролцуулах, эрүүгийн хэрэгт шинжээчээр ажиллах хууль, эрх зүйн орчныг нэг мөр болгоход талууд санал нэгджээ.
О.Оргилох