Бүргэдээр ан хийлгэх уламжлал, зан заншлыг сэргээн, хойч үедээ өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилготой “Бүргэдийн баяр-2026” арга хэмжээг “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт ирэх сарын 7-8-нд зохион байгуулна. Энэ үеэр олон төрлийн тэмцээн, уралдаан зохион байгуулдаг бөгөөд оролцогчид үндэсний хувцсаараа гоён, гаршуулсан бүргэдээ шуун дээр суулгаж, ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсаал хийдэг. Тэднээс уламжлалт зан заншлаа хадгалсан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтойг нь шалгаруулдаг билээ.
Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг шувуучлахуй хэмээн нэрлэдэг. Бүргэдээр ан хийх энэхүү заншил нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн. Энэхүү уламжлалыг 2010 онд ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн байдаг. Уг наадмын тасалбарын үнэ өнөө жил 15 000 төгрөг байх гэнэ. Мөн иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчлэх юм.
У.ЦЭЦЭГ