“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Аливаа төрлийн аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхэлж, зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой дарамтыг бууруулж, зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилго бүхий Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрч лөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг гишүүн Д.Энхтүвшингээр ахлуулан өнгөрсөн сард байгуулсан. Тус ажлын хэсгээс дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулж буй аж.
Хэлэлцүүлгийн эхний өдөр БОУАӨЯ, ЗТЯ, АҮЭБЯ-наас тухайн салбарт үйл ажиллагаа эрхлэхэд зөвшөөрөлтэй холбоотой ямар тулгамдсан асуудал байгаа, хууль хэрхэн хэрэгжиж буйг ярилцсан байна. Төрийн бүтээмж, хэмнэлтийн зөвлөлийн ажлын албанаас хийсэн судалгаагаар “зөвшөөрөл” гэж нэрлээгүй ч бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд шаарддаг, төрийн байгууллагаас олгож байгаа баримт бичгүүдийг түүн үзэхэд бүртгэл 264, дүгнэлт 232, гэрчилгээ 132, магадлан итгэмжлэл 30, сертификат ес байна гэсэн үр дүн гарчээ. Дээрх хуульд заагаагүй, зөвшөөрөл шаардахгүй үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн, чөлөөтэй эрхлэх зохицуулалттай ч зөрчил үүсгэж байгааг тогтоосон аж.
Мөн УИХ-ын дарга Н.Учралын санаачилсан “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж буй бөгөөд үүнд аймаг, нийслэл, дүүрэгт хуульд заагаагүй ч зөвшөөрөл шиг бичиг баримт шаарддаг байсан хувцас захиалга, засвар, гутал засвар, нүдний шил захиалга, гэрэл зураг, биллиард, машин угаалга зэрэг үйлчилгээг шууд эрхлэх нөхцөл бүрдүүлэхээр төсөлд тусгасан байна. Түүнчлэн аливаа зөвшөөрлийг 22 өдөрт багтаан олгох, 20 хоногт магадлан шалгах ажиллагаа хийдэг байсныг бүх зүйл нь хуулийн хү рээнд байвал хоёр хоногт сунгах нь зөв гэж үзжээ. Тусгай зөвшөөрлийг таван жилээр олгодог байсныг арав болгох нь.
С.Уул