Олон улсын уулын холбооноос АНУ-ын Колорадо мужийн Лонгмонт хотод зохион байгуулсан мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын гурав дахь цуврал тэмцээнд Монголын тамирчид оролцлоо. Секунд, долийн хол зөрүүгүй ширүүхэн өрсөлдөөнөөс шилдгүүдийг тодруулдаг эл тэмцээнд эрэгтэйчүүдээс хурдны төрөлд “Сутайн бор” клубийн тамирчин, ОУХМ Ч.Мандахбаяр (6.28) амжилтаар багийнхаа шагналын салхийг хагалж, мөнгөн медалийн эзэн болов. Түүнтэй хамт өрсөлдсөн авирагчдаас ОУХМ Н.Хэрлэн (6.31) хүрэл медаль хүртэж, спортын мастер О.Сайханжаргал XIII байр эзэлсэн юм. Түүнчлэн хурдны төрөлд ур чадвараа сорьсон эмэгтэйчүүдээс Н.Сэлэнгэ IV байрт шалгарчээ. Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв дэх мөсөн хананд бэлтгэл сургуулилалт базаасан тус клубийн дөрвөн тамирчин дээрх цувралаас бүгд медаль гардсан. Монголын баг одоогоор тус бүр нэг алт, хүрэл, хошой мөнгөн медаль хүртсэн амжилтаар гал морь жилийг өөдрөг угтаж байна. Манайхны дараагийн оролцох тэмцээн бол Канадын Эдмонтон хотод энэ сарын 26-28-нд болох сүүлийн цуврал юм.