Өмнө нь бид дэлгүүр хэсэхээр, гутал, хувцас авахаар гэрээсээ гардаг байлаа. Харин одоо бол гэртээ тухлан суугаад утсаа “мааждаг” болсон. Өнөө үед дэлгүүр бидэн дээр “ирдэг” болжээ. Худалдааны салбар ийнхүү хурдацтай хувьсан өөрчлөгдсөөр. Энэхүү өөрчлөлт өндөр хөгжилтэй улсуудад олон жилийн өмнөөс эхэлсэн бол манай оронд “Ковид-19” цар тахлын дараагаас идэвхтэй үргэлжилж байна. Магадгүй хүнснээс бусад бараа бүтээгдэхүүний дэлгүүр, лангууны тоо цаашид улам бүр цөөрөх, хэлбэр нь өөрчлөгдөх, үгүй болох ч шинжтэй.
Бага тойрууд байрлалтай “Metro mall” худалдааны төвөөр уржигдар оров. Уг төв олон хүн хөлхсөн, томоохон худалдааны газар байсан бол өдгөө үйлчлүүлэгч цөөнтэй, эл хульхан болжээ. Нэгдүгээр давхар дахь эмийн сан, хүнсний зах зэргийг эс тооцвол хувцасны лангуугаар нь үйлчлүүлэгчид тун цөөн байв. Мөн лангуунууд нь цөөрч, зарим нь талбайгаа хумьжээ. “Metro mall”-ыг үүдээ нээсэн цагаас л олон үйлчлүүлэгчтэй байсан БНСУ-ын “Basic house” брэндийнхэн бараг 100 орчим ам метр талбайгаа хоёр дахин багасгасан юм байна. Тус брэндийн худалдааны зөвлөх “Манайх том талбайгаа жижигрүүлээд удсан. Мэдээж худалдан авагч цөөрч, түрээсийн үнийг төлж дийлэхээ больсонтой холбоотой. Бараануудаа зарах гээд бүгдийг нь хямдруулаад, заримыг нь бүр 10 000 төгрөгөөр борлуулж байна. Дампуурах ч магадлалтай боллоо” гэв.
ХОТООР ДҮҮРЭН ХООСОН ЛАНГУУ
Баянгол дүүрэгт байрлалтай хэд хэдэн томоохон худалдааны төв мөн л эзгүйрч, хоосон лангуунууд олширчээ. Тухайлбал, “Билэг”, “Москва”, “Гранд плаза” худалдааны төвийг нэрлэж болно. “Номин” их дэлгүүрийн хувцасны сонголт ч цөөрч, том талбайд цөөн бараа дэлгэсэн нь анзаарагдсан. “Билэг”, “Москва”, “Гранд плаза” дэлгүүрүүд дээд хэсгээ буюу тав, зургаадугаар давхраа хаажээ. Уг нь бүх давхартаа лангуу байрлуулж, талбайгаа бүрэн ашигладаг байсан бол өдгөө ялангуяа хувцас, бараа зарахаар томоохон худалдааны төвд талбай түрээслэх хүн цөөрсөн гэнэ. Энэ тухай “Гранд плаза”-д 50 орчим ам метр талбай түрээслэн, эмэгтэйчүүдийн бэлэн хувцас зарж байсан нэгэн “Манайх 18 жил лангуу ажиллуулж, хүүхнүүдэд зориулсан бүх төрлийн хувцас зарсан. Гэсэн ч лангуугаа хаагаад нэг жил гаруй боллоо. Насаараа шахам наймаа хийсэн хүн учраас хаана, юу байдгийг сайн мэднэ, урагшаа болон БНСУ явахдаа цөөн хэдэн чанартай хувцас, цүнх, гутал авч ирдэг. Тэдгээрийг байнгын үйлчлүүлэгчид, мэр сэр хүмүүст онлайнаар санал болгож байна. Ер нь цар тахлаас хойш л хүмүүс дэлгүүр хэсэхээ больж, 2024 оноос бүр цөөрсөн. Дэлгүүр нь гар утас дотор нь “нүүгээд” ирснээс тэр биз. Бас лангуу, талбайн түрээсийн төлбөр “хаданд” гарсан. Ам метр нь 50 000 төгрөгөөс буухаа больсон. Тэгэхээр 50 ам метр талбай түрээслэх, бас худалдагчийн цалин сард багадаа л таван сая төгрөг болчихдог. Ийм байхад хэн лангуу, талбай түрээслэхийг бодох вэ. Онлайн орчинтойгоо л сайн нөхөрлөх хэрэгтэй гэсэн үг” гэлээ.
Тэгвэл Чингэлтэй дүүрэгт байрлалтай 15 давхар худалдаа, офиссын зориулалттай барилгын эзэн Б “Манайх барилгаа 2019 онд худалдаа, офиссын чиглэлээр ашиглалтад оруулсан. Тэр үед нэг ам метрийг нь 15 000-18 000 төгрөгөөр үнэлэн, түрээслүүлдэг байв. Нэгдүгээр давхарт цэцэг болон гоёл чимэглэл, үнэт эдлэл, гар утасны лангуу, үүрэн холбооны гэрээт борлуулагч ажиллуулаад, бужигнаж л үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бусад давхар нь оффисс, гоо сайхны эмнэлэг болон салон, үл хөдлөхийн агент зэрэг байлаа. Гэтэл ердөө 4-5 жилийн дотор л юмс өөрчлөгдчихлөө. Лангуу түрээслэгчид бараг бүгд гарсан. Утасны нэгжийг онлайнаар авч, төлбөрийг ч цахимаар төлдөг болсноос үүрэн холбооны борлуулагчид байрлахаа больсон. Оффисууд ч ялгаагүй. Түрээсийн төлбөр ам метр нь 60 000-70 000 болж өссөн учраас бараг 40-50 хувь нь гарсан. Ашиглалтын зардал буюу дулаан, усны мөнгө, нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ зэрэг багтсан дүнгээр нэг ам метрийн түрээст 60 000-70 000 төгрөг төлнө гэдэг төдийлөн үнэтэй биш. Бүр 100 000 төгрөгийн үнэтэй талбай ч олон бий. Гэсэн ч иргэд түрээсэлдэггүй ээ. Бид цахилгаан болон бусад зардлаа арайхийн аргалж байна. Ер нь үл хөдлөх хөрөнгийн менежмент хийнэ гэдэг зах зээлийн нөхцөл, иргэдийн худалдан авах чадвар, цахилгаан, дулааны зардал буюу суурь үнээс ихээхэн шалтгаалдаг. Манай улсын хувьд эдийн засгийн өсөлт саарч, иргэдийн худалдан авах чадвар жилээс жилд муудаж байна. Бас уламжлалт худалдааны зах зээл өөрчлөгдөж, цахимд шилжиж байгаагаас талбайгаа бүрэн ашиглах, сайн менежмент хийхэд хэцүү боллоо. Байшин дээрээ талбай түрээслүүлнэ, зарна хэмээн том үсгээр бичээд л сууж байна” хэмээв.
ХУДАЛДАГЧГҮЙ, ЦОМХОН ДЭЛГҮҮРҮҮД ОЛШИРЧ БАЙНА
Зөвхөн манай улсад гэлтгүй дэлхий дахинд худалдааны салбарын зах зээл өөрчлөгдсөөр байна. Энэ нь технологийн дэвшил, үнийн өсөлт, хэрэглэгчийн зан төлөв, автомашины зогсоолын олдоц, цаг хугацаагаа хэмнэх хандлага зэрэгтэй холбоотой аж. Тодруулбал, цар тахал дэгдсэнээс хойш хүмүүс гэрээсээ гарахаас зайлсхийж, онлайн бизнес хүчээ авсан. Товчхондоо, худалдаа, үйлчилгээ нь байршилд бус хүргэлтэд суурилсан болж өөрчлөгдөв. Мөн хүн бүр л онлайн талбарыг ашиглан гэрээсээ наймаа хийх, ямар нэгэн бараа, үйлчилгээ санал болгосноор худалдааны салбарын уламжлалт хэлбэр халаагаа өгсөн аж. Худалдааны төв, зах зэргээр үйлчлүүлэх хүний тоо цөөрсөн ч түрээс нь тогтмол өсөж буйгаас түрээслэгчид ч багассан хэрэг.
Лангуу, талбай түрээсэлж бизнес хийхэд хамгийн ашиг багатайд нь үнэтэй хувцас, эсвэл хэт хямд бараа, нэг удаагийн хэрэглэгдэхүүн зэрэг багтжээ. Тиймээс ч Европ, Америкт олон mall, kiosk хаагдсаныг “Global growth insights” цахим хуудаст дурдсан байна. Үүнээс гадна тус хуудаст “Дэлхий дахинд лангуу устаж байна гэж тодорхойлохоос илүүтэй хуучин загвар нь шинэчлэгдэж, улам бүр өөрчлөгдөж буйг дурдах нь зүйтэй. Лангуу, талбай түрээслэгчид бараа өрөөд, хүн хүлээгээд суувал ашиг багатай болсон. Тиймээс олон улс, хотод худалдагчгүй, өөртөө үйлчлэх жижиг дэлгүүрүүд туршигдаж байна. Мөн түр хугацааны Pop up (үзэсгэлэн, яармагийн үеэр бараа, бүтээгдэхүүнээ дэлгэн, танилцуулдаг) дэлгүүр зонхилж эхэллээ.
Бас онлайн болон бодит дэлгүүр холимог байдлаар ажиллаж байна. Энэ нь бага хэмжээтэй лангуу, талбайг түрээслэн захиалга хийх, захиалсан барааг нь олгох, брэндээ танилцуулах хэлбэр юм. Эдгээрийг заавал том худалдааны төвд биш, гадна талбай, зочид буудлын үүдний хэсэгт ч байрлуулж болно. Автомат касс, QR төлбөрийн систем, Touchscreen болон AI зөвлөхтэйгөөр ийм жижиг дэлгүүр, киоскийг зохион байгуулснаар илүү олон хүнд хүрч байна. Ийм төрлийн ухаалаг дэлгүүрүүдийн эрэлт дэлхий дахинд сүүлийн таван жилд жил бүр зургаан хувиар өсжээ” гэж бичжээ. Үүнээс гадна борлуулалтын өсөлт, үнэ цэнээ тогтмол хадгалж ирсэн томоохон люкс брэндүүд болох LVMN, Channel, Dior зэргийн борлуулалт 2025 онд 4-10 хувиар буурсан аж. Энэ нь гол худалдан авагч БНХАУын иргэдийн идэвх суларсан, үйлчлүүлэгчид дэлгүүр хэсэхээ больсон, цахим худалдааны платформ идэвхжсэн зэрэг шалтгаантай юм байна. Тиймээс ч тус брэндүүд зарим улс дахь салбараа хааж, жижиг Boutique хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах болжээ.
ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН АРЧИЛГААНЫ ЗАХ ЗЭЭЛ ТЭЛСЭЭР
Худалдаанысалбарынхувьсал,өөрчлөлтийн талаар дурдсаных сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд тэсрэлт хийж, ашиг орлого нь улам бүр нэмэгдэж байгаа зарим бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхуулъя. Үүнд гэрийн тэжээмэл амьтдын хоол, амттан, хувцас, гоёл чимэглэл, арчилгаа багтжээ. Мөн эрүүл хоол, гоо сайхны болон тураах эрүүлжүүлэх, урт наслуулах гэсэн үйлчилгээтэй бараа, бүтээгдэхүүний борлуулалт төдийлөн буурахгүй байгаа аж.
Ялангуяа амьтдын хувцас, хэрэгсэл, хоол, арчилгаа буюу “pet care” салбарын борлуулалт өссөөр, орлого нь 2025 онд гэхэд 250-260 тэрбум ам.долларт хүрсэн байна. Амьтдад зориулсан улирал тутмын хувцас, зөөлөн тоглоом зэргийн үйлдвэрлэл нь оёдлын салбарт жилд 6-6.5 тэрбум “ногоон”-ы өгөөж өгчээ. Цаашид ирэх 5-8 жилд эл салбарын орлого жил бүр 10 тэрбум ам.доллароор нэмэгдэх магадлалтайг олон улсын хэвлэлүүдэд дурджээ. Үүнээс гадна БНСУ-ын зөөлөн хүчний бодлого, соёлын нөлөө дэлхийд хүчтэй түгэн дэлгэрч буйгаас тус улсад үйлдвэрлэсэн гоо сайхны болон эрүүл мэндийн бараа, үйлчилгээний борлуулалт тасралтгүй өссөөр байгаа гэнэ. Ийм барааг аль ч улсад онлайнаар, “Pop art” дэлгүүрээр зарах нь улам нэмэгджээ.
С.Дулам