
Баруун гараас: Кир Стармер, Питер Мандельсон
АНУ-д Британийн Элчин сайд, тус улсын парламентын Лордуудын (дээд) танхимын гишүүн байсан Питер Мандэльсон хэл аманд орж, хормойн явдалтай холбоотой дуулиант хэргийн улмаас олны танил болсон Америкийн санхүүч Жеффри Эпштейнтэй хэлхээ холбоотой байснаас Британийн Ерөнхий сайд Кир Стармерийг огцрохыг түүний хүрээллийнхэн үгүйсгэхгүй байна.
Эпштейнтэй Стармерын хүрээллийнхэн холбоо сүлбээтэй байсан тухай бидэнд мэдэгдэж буй юм юу байна вэ? Maндельсон АНУ-д суух Нэгдсэн хаант улсын Элчин сайдаар 2025 оны хоёрдугаар сард томилогдсон ч Эпштейнтэй бичгээр харилцаж байсныг нь АНУ-ын Хууль зүйн яам хэвлэлд мэдээлсний дараа Стармер болон Гадаад хэргийн сайд Иветт Купер нар түүнийг ёсдүгээр сарын 11-нд эгүүлэн татахаар шийджээ. Баримтаас үзвэл садар самуун үйл ажиллагаа зохион байгуулдаг байсан нь илэрсэн тэр тэрбумтныг Мандельсон “сайн анд” хэмээн нэг бус удаа нэрлэж байжээ. Элчин сайдад санхүүч 77 мянган ам.доллар шилжүүлж байсныг нь гэрчлэх банкны гуйвуулга цахим захидлуудад нь байсан аж.
Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой АНУ-ын Хууль зүйн яамны архивт байгаа материалд Питер Мандельсоны нэр 5866 удаа дурдагдсан байв. Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Мандельсон, Эпштейн нарын харилцаанд энэ сарын эхээр анхаарлаа хандуулжээ. Мандельсон 2009-2010 онд Британийн Бизнесийн сайдын албыг хашиж байхдаа 2008 оны санхүүгийн хямралын үр дагаврын талаарх зах зээлд ач холбогдолтой Засгийн газрынхаа нууц мэдээллийг Эпштейнд дамжуулж байсан нь нотлогджээ.
Мандельсон бүр 2002 оноос Америкийн санхүүчтэй идэвхтэй харилцаж байсан нь тодорхой болсон байна. Тэрбээр 2003 онд нэрд гарсан хүмүүс, улс төрчдийг оролцуулан садар самуун үйл ажиллагаа явуулдаг газар нь болохыг хүмүүс мэддэг Эпштейний хувийн Литл-СейтЖеймс арал дээр бараг нэг долоо хонож байжээ.
Насанд хүрээгүй охидыг уруу татан биеийг нь үнэлүүлдэг байсан Эпштейнийг Мандельсон 2008 онд дэмжиж байж. Мандельсон тэрбумтны хувийн онгоцоор нь дор хаяж нэг удаа нисэж ирж байсан бөгөөд онгоцоор зорчих зардлыг нь Эпштейн даадаг байв. 2019 оны JPMorgan компанийн дотоод тайланд Мандельсоныг Эпштейний ойр дотнын нөхрийн хувьд садар самуун явдалд оролцож байсан нь илэрхий болсон Британийн ханхүү асан III Карлын ах Эндрю Виндзор-Маунтбеттентэй эн зэрэгцэх хүн гэж бичсэн байжээ. Энэ хэл амнаас үүдэн Мандельсон бүх насаараа Нийтийн танхимын гишүүн байх албаасаа татгалзаж, энэ сарын 6-нд түүний хоёр сууцад нэгжлэг хийжээ. Гэхдээ Британийн эрх баригчид одоогоор түүнийг албан ёсоор буруутгаагүй байна. Мандельсоны эргэн тойронд хэл ам үүссэнээс Ерөнхий сайд Стармерийн Тамгын газрын дарга Морган Максуини энэ сарын 9-нд огцров. Тэрбээр АНУ-д суух Элчин сайдаар Эпштейний андыг томилохыг Ерөнхий сайддаа санал болгосон тул гаргасан шийдвэрийн төлөө хариуцлагыг өөртөө хүлээж байна гэж мэдэгдсэн. Мандельсонтой холбоотой болон бусад олон асуудлаар Ерөнхий сайд Кир Стармерийг депутатуудын уур хилэнгээс халхлах хамгаалах юм үгүй болжээ.
Эпштейнтэй холбогдсон Мандельсоны эсрэг дотоод мөрдөн шалгалт хийхийг Стармер энэ сарын 3-нд санаачилсан байна. Ор, хөнжлийн гэмт хэрэгт Эпштейнийг буруутгаж эхлээд байхад ч Британийн Элчин сайд түүнтэй харилцаатай байсныг баримт нотолж.
Мандельсоныг Эпштейнтэй холбоотой байсныг түүнийг шинэ албанд томилохоосоо өмнө мэдэж байсан гэж Британийн Ерөнхий сайд энэ сарын 4-нд хүлээсэн байх юм. Түүний үгээр бол садар самуун үйлдэл зохион байгуулагчтай тогтоосон хэлхээ холбоогоо тасалсан гэх худал яриаг Мандельсоныг томилсоны дараа тараасан гэнэ. Мандельсоныг томилсондоо харамсаж байгаагаа Ерөнхий сайд Стармер олон түмэнд илэрхийлээд, Эпштейн болон түүний хамтрагчдын үйлдлээс хохирол үзсэн хүмүүсийг дэмжиж буйгаа хэлжээ.
Стармер өөрөө ч, түүний хүрээллийнхэн ч Британий Элчин сайд болон АНУ-ын санхүүч асны нөхөрлөлийн хэр хэмжээг мэддэггүй байсан гэж бас хэлсэн аж. Түүнийг өөрийн хүсэлтээр огцрох гэж буй гэх цуурхлын талаар Тамгын газрынх нь мэдээллийн албаны захирал Тим Аллан мэдэгдэхдээ Стармер огцрох бодолгүй байгаа гэжээ. Алланы хэлснээр Британийн Ерөнхий сайд Сайд нарын танхимынхаа санаа нэгтэй дэмжлэгт итгэж, өөрөө ч суудалдаа үлдэхээр төлөвлөж байгаа юм.
Гэтэл Британийн хэвлэл мэдээллийн хэд хэдэн хэрэгслийн мэдээлснээр Стармерийн хүрээлэл хийгээд Лейборист намынх нь дотоод дахь санаа буруутнууд Ерөнхий сайдыг огцруулахын төлөө кампанит ажил долоо хоногийн дараа эхлэхийг үгүйсгэхгүй байгаа аж. Танхимд нь байгаа хэд хэдэн сайд Стармерийг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж, эсвэл өөрсдөө огцорно гэж шантаажилж буй юм байна. Засгийн газрын нэг гишүүний нэрээ нууцалсан зөвлөх Сайд нарын танхимын тэргүүн амралтын өдрүүд дуустал суудалдаа байх, эсэх нь 50:50 хувьтай гэж мэдэгдсэн хэмээн “The Telegraph” сонинд мэдээлжээ. Парламентын нэрээ хэлэхийг хүсээгүй гишүүний үгээр бол Ерөнхий сайд “үхлийн шарх авсан”, асуудал нь тэр огцрох, эсэхэд биш, харин хэзээ огцрох вэ гэдэгт байгаа гэнэ.
Лейборист намын нэрээ нууцалсан өндөр албаны хүмүүс “Politico” хэвлэлийн сурвалжлагчтай ярилцахдаа Стармер огцроход шаардагдах таван зайлшгүй алхмыг дурдсан.
1. Санаачилгыг парламентын 81 депутат бичгээр дэмжих ёстой (Гарын үсэг цуглуулахдаа намын удирдлагын анхаарлыг татахгүй байх).
2. Намын үндэсний гүйцэтгэх хорооны удирдлага Ерөнхий сайд болох хүсэлтэй хүмүүсийн (Ямар ч тохиолдолд Стермер нэрээ дэвшүүлэх эрхтэй) мэдэгдлийг цуглуулж авах.
3. Депутатууд Ерөнхий сайдын суудалд өрсөлдөгчдийн төлөө илээр саналаа өгөх бөгөөд шийдвэрийг өөрчлөх боломжгүй.
4. Нэр дэвшигчид тодорхой хугацаанд Лейборист намын байгууллагын таван хувийн дэмжлэг авсан байх ёстой.
5. Бүх шатыг давсан нэр дэвшигчид (журам ёсоор 2-3 хүн) намын гишүүдийн дундах эцсийн шатны санал хураалтад орно.
Лейбористуудын төлөөлөл Стармерийн огцрох боломжийг түлхүү ярилцаж байна. Тухайлбал, Хөдөлмөр, тэтгэврийн сайд Пэт Макфадден Стармерийг огцруулах саналтайгаа лейбористуудаас илэрхийлэхдээ албаа өгсөн Максуиныг жишээ болгон дурджээ. Стармерийг дэмждэг Лейборист намаас сонгогдсон энэ депутат Максуини огцорсон нь одоогийн Ерөнхий сайдын “зам дуусаж буйг” үндсэндээ харуулж байна. Түүний онцолсноор Засгийн газрын тэргүүний Тамгын газрын дарга шийдвэрийн гол хэсгийг гаргачихсан аж.
Ташрамд, бурангуй явдал нь сүүлийн үед Өрнөд, Дорнодгүй шуугиулж байгаа Жеффри Эпштейн гэгчийн талаар цухас тодруулья. Хорвоог орхисон хойноо ч бүр олон хүнийг хөлдөө чирч буй энэ хүнийг модод ороосон могой гэлтэй. Түүнд “Microsoft”-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтс, “Tecla and space”-г байгуулсан Элон Макс, цаашлаад АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп нар ч “ороогдсон” сурагтай. Эпштейний хэрэгт холбоотой 3.5 сая хуудас файл ил болсны дотор насанд хүрээгүй охин хүчиндсэн хүний “Ерөнхийлөгч Буш-1” гэсэн нууц нэр байгаа, харин энэ нь АНУ-ын 41 дэх ЕРөнхийлөгч эцэг Жорж Буш, эсвэл түүний хүү Жорж Буш нарын аль нэгний нь тухай өгүүлж буй, эсэх нь тодорхой бус. Эпштейн хэмээх “могойд” Америк хийгээд гадаадын томоохон улс төрчид, холливудын одод ч ороогдсон юм билээ. Энэ “могой” олон мод ороосны дотор Монголын Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэсэн нэр үзэгдсэн хэмээн манай телевизийн нэг суваг мэдээлнэ лээ.
Эпштейн уг нь ажилчин гэр бүлээс гаралтай, дээдсийн амьдрал, нөлөөнөөс хол хөндий, коллежид физик, математкийн багш явсан юм гэсэн. Гэвч овсгоо, арга заль, хуурч мэхлэх, хүний итгэлийг олж авах чадвар нь түүнийг дээш нь өргөх кран болж, нөхөрлөх хүмүүсийн хувьд ч, нөөцөлсөн хөрөнгийн хэмжээгээр ч өөд нь татчихаж. Худалдаж авсан нэгэн тансаг байр нь Дональд Трампын Мар-аЛаго гэх эзэмшлээс нь холгүй байсан гэх.
Эпштейн Билл Килинтоны үед Цагаан ордонд чөлөөтэй “зочилдог”, Харвардын их сургуулийн профессор Алан Дершовиц түүний бага насны охидыг хормойн явдалд уруу татсан, хүн наймаалцсан хэрэгт нь өмгөөлөгчөөр оролцоход хүргэсэн байжээ.
Эвгүй явдлыг энтэй эрхэлж зард гарсан, улсынхаа тэргүүнийг ч уруу татаж чадсан Эпштейн гэгч “модод ороосон могой” байж дээ.
Р.Жаргалант