Монгол Улсад мэргэжлийн театрын урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ой энэ жил тохиож байна. Театр бол урлагийн ариун сүм гэдэг. Тиймээс хүн төрөлхтний оюун соёлын гүн хэмжүүрийн нэг нь театрын урлагийн хөгжлийн төвшин билээ. Чухамхүү тэр хөгжлийн төвшинг 50 жилийн турш тэргүүлж явсан гайхамшигт уран бүтээлчийн нэг нь Монгол Улсын Төрийн хошой шагналт Донровын Намдаг юм. Түүний мэндэлсний 100 жилийн ойд зо риул сан үзэсгэлэн өнөөдөр Теат рын музейд нээгдэнэ. Тиймээс Д.Намдагийн гарын шавь, хэл бичгийн ухааны доктор (Ph.D), сэтгүүлч, яруу найрагч Үржингийн Хүрэлбаатарыг дугаарын зочноор урилаа.
-Та Намдаг гуайтай ямар хувь тавилангаар анх танилцав?
-Тэнгэр тэтгэсэн буй заа. Тэр өдрийг би яахин мартах билээ. 1978 оны аравдугаар сарын 14- ний өдөр байсан юм. Монголын зохиолчдын эвлэлийн саарал байшингийн хаалгаар сүрдэн байж ороход жижүүрийн дэргэдэх модон сандал дээр атигар шар өвгөн намрын навч шиг хорчийн сууж байсан. Би Намдаг зохиолчийн залуугийн зургийг олон харсан юм шиг байгаа юм. Тэгээд энэ хүн Намдаг зохиолч гэхэд арай л хөгшин юм уу даа гэж тээнэгэлзэн бодож билээ. Жижүүр намайг дотогш оруулсангүй. Би сониныхонтой л уулзах гэж очсон байх.
Миний уулзах хүн одоохон гаднаас ирэх юм гэнэ. Хүлээлээ. Жижүүртэй ярьж байгаагаас нь мөнөөх өвгөн Намдаг зохиолч болох нь тодорхой болов. Жилийн өмнө УБДС төгсөж ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд театр судлаачаар томилогдсон хүн Намдаг зохиолчтой анх нүүр учрахдаа нов ногооноороо байсан хэрэг. Ингэж л би багшийгаа ёстой амьдаар нь анх харж билээ. Монголын их утга зохиолын орд өргөөний үүдэнд багштайгаа анх учирсан болоод ч тэр үү, би тэр өдрийг их бэлгэшээдэг юм.
-Тэгээд яаж танилцав. Анх юу ярив даа?
-За даа, тэр үед ахмадуудаа их хүндэлнэ дээ. Би хажууд нь жаахан дуугүй суусан санагддаг. Тэгээд юм асуумаар санагдаад болдоггүй. Анхны асуулт “Данзанравжаа гэж хэн бэ? “Саран хөхөө” юуны тухай жүжиг вэ?” гэсэн. Ганц энэ асуулт миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн юм. Намдаг зохиолч намайг дагуулан гэр рүүгээ явлаа. Улсын их дэлгүүрийн хойхно байсан юм.
Зам зуур би алхааг нь гүйцэхгүй, нэг бол хоцроод эсвэл шогшоод байсан хэрэг. Одоо бодоход ботго шиг л юм хойно урд нь орж явсан байх. Гэр нь нэг давхарт юм байна. Оруутаа гадуур хувцсаа тайлж, диван дээрээ сууснаа тогдос хийн босож нэг том жимсний чанамлын шилэнд ус хийж дүрдэг плитка залгаж орхиод мамбасааны хайрцаг тогшин онгойлгоод бүдүүн ширхэгтэй улаан дүнсэн тамхи чимхэн авч зузаан цаасанд боож шүлсдэн биежүүлээд шүдэнз шархийн зурж асаан цонх ширтэн баагиулж гарав. Зохиолчдын хорооноос гэр хүртэлх замдаа, бас гэртээ ирсэн хойноо юу ч ярьсангүй.
Би гайхлаа. Дургүй байгаа юм болов уу гэж бодлоо. Тийм бол яахин гэртээ авчрах билээ хэмээн сэтгэлээ тайвшруулан тэвчээртэй хүлээв. Тэр зуур ус буцлахад хоёр аяганд хуваан хийж байхуу хандалсан бас нэг шилнээс ханд хийн, хар цай болгон нэгийг нь надад барив. Ширээн дээр хуучны хийц бүхий тавганд хэдэн чихэр байсныг би сая л анзаарав. “За хө, Данзанравжаагийн тухай асуусан билүү. Данзанравжаа бол номлогч биш, зохиолч хүний ёсоор ертөнцийг таниулагч юм. Амьдрал судлагч эрэлчин хүн. Ард түмний хүсэл түүний цус маханд шингэсэн. Тиймээс ч ардын дундаас төрсөн авьяастан юм” гэхчилэн Намдаг багш маань ярьж эхэлсэн дээ.
-Тэр үед Равжаа хутагтын тухай ярина гэдэг ховор зүйл байсан байх аа?
-Ховроор барах уу, хориотой зүйл байсан. Энэ чинь социализмын үеийн 70-аад оны сүүлч шүү дээ. Үндэсний үзэлтэн, феодалуудыг магтан дуулагч энэ тэр гээд нэр хоч зүүлгэдэг тийм үе байв. Гэтэл Намдаг багш юу гэж ярьсан гээч. “Үзэл санааг үе урагтай нь холбож үзэж гэмээ нь материалист болно. Данзанравжаагийн үед шүтэн бишрэх асуудал хурц байв. Тэр үе цаг нь байгаа юм. Данзанравжаа шашнаа ариутгахын үүднээс шүүмжлэн бичсэн. Шашнаа хамгаалахын үүднээс халаглаж бичсэн. Утга зохиолын гүн ухаан түүнд их бий.
Зохиол бүтээл нь амьдралын амьд үг рүү тэмүүлсэн байдаг” гэж хэлж билээ. Материализмын мандал бадралын үед түүнийг гул барин дурдаж байгаад л Равжаа хутагтын мөн чанар, уран бүтээлийнх нь цөм санааг гайхалтай томъёолон хэлсэн байгаа биз. Багш маань ийм л давхар ухаантай далай сэтгэлгээтэй хүн л дээ.
-Намдаг гуай хувь хүний хувьд ямархуу зан араншинтай хүн байв?
-Хэзээ ч гутардаггүй хүн байсан. Баасансүрэн эгч (Д.Намдаг гуайн эхнэр) энэ зан чанарыг нь олон зүйлээр батлан хэлдэгсэн. Багш маань амьдралыг гэгээн сайхнаар хардаг хүн байсан. Уурлана гэж байхгүй. “Уур хилэнгээр бүтсэн зүйл орчлонд байхгүй” гэж хэлнэ.
Хэтэрхий энгийн. Төрийн хошой шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн хүн гэхэд тамхины галанд цоо түлэгдсэн цагаан дугуй малгай, цэнхэр күртиктэй цохиж явахаас сийхгүй. Тэр хэлбэрийг бус мөн чанарыг эрхэмлэдэг хүн байсан тул материаллаг зүйлд санаа тавина гэж байхгүй. Бас хүнийг их бага гэж ялгадаггүй. Ямар сайндаа мань мэтийн хорин хэдтэй “зулзагыг” гэртээ авчирч байхуу цайгаар дайлан, ном айлдаж суух вэ дээ.
-Зарим хүн зожиг хүн байсан гэж ярьж байх юм билээ?
-Тэгж ярихыг би ч бас цөөнг үй сонсож байсан. Архи уухгүй, хов ярьж хор найруулахг үй хүнийг зожиг гэхгүй бол өөр хэнийг хэлэх вэ? Багш маань тийм л зожиг хүн байсан. Энэ сонин ойлголтын дунд нэг гайхалтай хүн чанар анзаарагддаг юм. Намдаг багш хоёр ч удаа шоронд орж, улс төрийн хэлмэгдэлд биеэр өртөж явсан.
Шоронгоос гарсны дараа ч түүнийг мөрдөн мөшгиж, уулзаж учирсан хүн, яриа хөөрөө, алхаа гишгээг нь Дотоод явдлын яам тагнаж байсан нь одоо ил болжээ. Зарим мэдээлэл нь хэвлэлд ч ил тод гарсан. Түүнийг багш маань тухайн үедээ мэдэхийн дээдээр мэддэг байж л дээ. Тэгээд танил хүмүүсээ аминдаа хамгаалж, уулзаж учрахаас аль болох зайлсхийдэг байж. Архи ууна гэдэг бүр ч адармаатай зүйл болон тэмдэглэгдэнэ гэсэн үг. Тиймээс бусадтай архи уухгүй. Гэтэл үүнийг нь ойрын харааны шил шиг охор ухаантай хүмүүс зожиг, харамчаар нь дуудаж байсан нь үнэхээр харамсмаар. Тэр хүн өөрийг нь хайрлаж байхад ойлгохгүй харин ч муу хэлж, муухайгаар нь дуудаж явсан нь утгагүй хэрэг. Тэдний хооронд мөн ч их зай байгаа биз.
-Та багшийнхаа найз нөхдөөс хэн хэнийг мэдэх вэ. Ер нь хэн хэнтэй дотно үерхдэг байв?
-Залуу зандан үеийн найз нөхдийг нь би яаж мэдэх вэ. Харин өөрийнх нь ярианаас үзэхэд Буяннэмэхийг их хүндэлнэ. Их Нацагдоржоос бараг илүү хүндэтгэнэ. Буяннэмэхийг ярианы ухаантай, Нацагдоржийг бичгийн ухаантай гэж надад ярьж байсан. Аль алинтай нь хамт шоронд орж, жаргал зовлонгоо хуваалцаж байсан тул мэдээж чин сэтгэлээсээ үерхэж дотносож байсан байж таарна. Ялангуяа Буяннэмэхтэй шоронд хамт байсан үеэ утга зохиол соёлын их ухаарлын сургууль болсон гэдэг байсан.
Дунд үеийн найзууд гэхээр бас тодорхой биш. Хөгжмийн зохиолч Билигийн Дамдинсүрэнг жинхэнэ эр хүн гэж надад хэлж байсан. Шоронгоос гарсны дараа хүн бүхэн зай барьж байхад ганцхан Дамдинсүрэн л тэднийхээр орж гарч, бас балга тагш юм хуваан хүртдэг байсан юм билээ.
Сүүлийн үеийнхэн гэвэл нэг гэрт амьдарч байснаараа Цүлтэм зураач, хамаатан Явуухулан яруу найрагчтай ойр дотно байсан. Төрийн шагналынхаа найран дээр ардын жүжигчин С.Гэндэнтэй их л дотносож, Арвайхээрийн сайн эрчүүд гэж бие биенээ хөөргөн инээлдэж байхыг нь харж байсан. Миний мэдэх үе гэвэл найз гэхээсээ илүү шавь нар нь байна. Жүжгийн зохиолч бэлтгэх гэж олон хүнтэй хамтарч ажилласан. Ихэнх нь гэр сургуулийг нь тоогоогүй. Сугарч алга болсоор гурав дөрвийн зэрэг хүн үнэнчээр үлдсэн.
Одоо болохоор тухайн үед хаяж алга болж байсан хүмүүс жигтэйхэн л багш шавь байсан гэцгээх юм байна шүү. Түүнийг нь мэдэх үр хүүхэд нь байж л байна.
-Хэлмэгдэж бас цагаатгагдаж явсан гэдгийг хүн бүхэн мэднэ. Харин өөрөө энэ тухайгаа юу гэж ярьдаг байсан бэ?
-Шоронд байсан үеэ ярих дургүй байсан. Бас л хүнд гай болно гэж боддог байсан байх. Нэг их дэлгэрэнгүй ярьж байгаагүй. Харин зохиолтой холбоотой зарим хэсгийг бол ярьдаг л даа. Багш маань үнэндээ дэндүү их хэлмэгдсэн хүн. Түүнийгээ хэлмэгдсэн гэж хэлэхгүй золгүй явдал л гэнэ. 1932 оны тавдугаар сард баривчилж, зургаан сар мөрд өнд хорьсон.
Дараа нь 1941 оны аравдугаар сард Германы тагнуулч гэсэн хилс хэрэг тулган, долоон жилийн ял оноож, эдлүүлсэн. Тэр байтугай ял эдэлж дууссанаас хойш гурван жил сонгуулийн эрхийг нь хасаж хөрөнгийг нь хураасан. Харин 1958 оны аравдугаар сарын 27- нд АИХ-ын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах комиссын 446 дугаар тогтоолоор цагаатгасан байдаг. Тэгэхээр дор хаяж, хэрэг дээрээ 26 жил улс төрийн хоригдол явсан байгаа биз. Ийм хүнд нөхцөл, улс төрийн хавчлага хараа хяналт дор уран бүтээлээсээ үл хөндийрнө гэдэг эр зориг юм. Би багшийгаа утга зохиолын эр зоригтон, эх оронч хүн байсан гэдэгт дэндүү итгэдэг.
-Германд сурч байсан талаараа танд ярьж байсан уу?
-Бараг үгүй гэхэд болно. Би хэд хэдэн удаа тэр тухай яриулах гэж юм юм асууж байсан. Олигтой юм хэлдэггүй, ярих дургүй байсан болохоор нь дахиж асуухаа больсон. Уг нь багш Герман явах маш их сонирхолтой байсан байх. Даанч цаг үеийн тохироо бүрдээгүй юм.
Тэрбээр “1926 онд Германд суралцуулахаар 35 хүүхэд явуулахад тэдний дунд багтан, Германы дунд сургуулийн гуравдугаар ангид орж, гурван жил суралцаад зургадугаар анги төгсөөд 1929 оноос Эд барааны техникумд орсон боловч хоёр сарын дараа биднийг Монголд эргүүлэн татсан бөгөөд буцааж Герман явуулаагүй” гэж амаар хэлж бичүүлсэн гурван үеийн намтартаа дурдсан нь өнөөдөр чухал баримт болон үлджээ.
Арван хэдэн насандаа сурсан юм болохоор багш маань герман занд их таатай ханддаг байсан. Юманд яг яс хандана. Цаг барина. Хоол сайхан хийнэ. Талхны үртсийг ч үл хаяна. Дэвтэр, сонины захын зайд юм тэмдэглэнэ. Ер нь л оюуны зан төлөв нь барууны маягтай байсан даа. Намдаг багшийн Германд сурсан үе өнөө хэр олигтой судлагдаагүй байгаа нь харамсалтай.
Түүний зан чанарын төлөвшил, уран бүтээл, хэлмэгдлийн эх үүсвэр болсон энэ үеийг судлахгүйгээр түүний амьдрал, уран бүтээлийг танин мэднэ гэдэг таашгүй зүйл юм гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
-Ер нь Намдаг гуайн түүх намтрын хувьд сонирхолтой баримт хэр их байдаг вэ?
-Зөндөө. Энэ хүний уран бүтээлийг дагнан судалж, эрдмийн зэрэг хамгаалсан хүн нь өнөөдөртөө Монгол талаасаа надаас өөр алга. Харин энэ өдрүүдэд Бээжингийн Төвийн үндэсний их сургуульд Хаслуу гэдэг хүн Д.Намдагийн уран бүтээлээр эрдмийн зэрэг хамгаалах гэж байна. Гадаадад дагнан судалж, эрдмийн зэрэг хамгаалж буй анхны хүн нь энэ байх. Тэгэхээр Намдаг судлал хэрэг дээрээ онгон зэлүүд хэвээр байгаа гэсэн үг. Энэ онд 100 жилийн ойг нь тэмдэглэх гэж буй энэ их сэтгэгч, зохиолч, найруулагчийн талаар дэндүү чимээгүй байгаа нь хачирхалтай. Түүх бүдгэрч, амь амьсгал нь холддог. Одоо Намдаг багшийн идэр залуу үеийн тухай ярих хүн ганц Бөхийн Бааст л үлджээ.
-Энэ хүний шавь болсон нь таны хувьд ч бас сонин тавилан байх тийм үү?
-Миний хувьд илүү сонин хувь заяа юм. Хоринтавхан настай бандид итгэж судлаач болгоно гэж гурван жил гэрээрээ ном заана гэдэг их хувь заяа байлгүй яахав. “Энэ бор хүү ирээдүйд миний уран бүтээлээр эрдмийн зэрэг хамгаална” гэж охин Эрдэнээдээ ярьж байсан нь биеллээ олсон. Надад эрдмийн дөр оруулах гэж урамшуулж, бас сонин хачин, тулхтай баримт намтруудыг хэлж өгч байсан. Юмыг ухварлан бодох уялдуулан тайлбарлах, урвуулан сэтгэх арга барилыг би багшаасаа сурсан. Донровын Намдагийн гэрийн шавь сургалт бол Монголын жүжгийн зохиол, түүний судалгаа, театрын түүхийн хөгжлийн амьд лаборатори байсан юм.
-Уран бүтээлийн арга барилынх нь тухай юу хэлэх вэ?
-ХХ зууны тал хувийг буюу тавин жил Монголын театр, утга зохиолыг эзэгнэж манлайлж явсан хүнийг юу гэмээр юм бэ? Соён гэгээрүүлэгч, элит, дахин давтагдашгүй үзэгдэл гэмээр санагдаж байна. Тиймээс Намдаг багшийн уран бүтээлийн арга барилын тухай ярина гэвэл энэ үеийн шилдэг бүтээлүүдийн тухай ярих хэрэг гарна. Түүний нэг гайхамшигтай чадвар бол үе үеийн шинэчлэлтэй мөр зэрэгцэн явж, зүс өнгө тодорхойлогчийн манлайд явсанд байна. Гучаад онд жүжгийн оргил бүтээл хийж байсан бол дараа дараагийн арван жилийн үечлэлд мөн л тийм байр сууриа хадгалсан байдаг.
-Намдаг гуай бол Монголын театрын нэрт зүтгэлтэн хүн. Тиймээс театрын урлагийн ирээдүйн талаар юу гэж ярьдаг байсан бол?
-Дэлхийн дэвжээг мөрөөдөж байсан. Германд очих гээд байсан нь дэлхийн театрын хөгжлийн төвшинг бодитоор нь харахыг хүсэж байсных. Үзэл суртлаас ангид жинхэнэ урлагийг чин сэтгэлээсээ хүсэж байсан. “Сатирын театртай болно. Тэгээд миний нэрэмжит болно” гэж хэлж, “Хонгор зул” хошин шогийн хамтлаг байгуулж шуугиулж явсан. Ер нь Монголын театрын төвшин зохиол, найруулга талаасаа дэлхийд ойртсон. Гагцхүү үзэл сурталжсан агуулга бүхний саад болж байна гэдэг байсан.
С.Эрдэнийн “Шивнэлгүй ярих цаг боллоо” гэсэн өгүүллийг улаан цоохор болтол нь зурчихсан ихэд баяр баясгалантай надад уншуулж байсныг би санаж байна. Тэр ардчиллыг мөрөөдөж байсан. Үнэндээ 90 оны ардчилсан хувьсгалыг далаад оны дунд үед “Эрдэмтний яриа” жүжгээрээ урьдчилан дүрсэлж, нийгмийг сульдаанаас гарахыг уриалж байсан. Жараад оны сүүлч далаад оны эхэнд “Ээдрээ”, “Оролмаа” жүжгээрээ өнөөгийн Монгол төрийн самуун явдлын ул үндсийг хэлж байсан.
Д.Намдаг цаг үеэсээ ямагт тохой илүү, толгой өндөр байсан. Тиймээс Монголын театрын урлагийн ирээдүйг дэлхийн төвшинтэй нийцүүлэх цагийн урь унаж, ардчиллын салхи сэвэлзэнэ гэдэгт баттай итгэж байсныг түүний мөнхийн бүтээлүүд өнөөдөр гэрчилнэ.
Д.Намдаг “Миний бүтээл бүхэн туршлага” гэж нэгэнтээ хэлжээ. Тэр бас “Түүх дурддаг, утга зохиол тодруулдаг” гэж бичиж байлаа. Үнэхээр түүний амьдрал нь туршлага, бүтээл туурвил бүхэн нь туршиц мөн бөгөөд энэ нь хойч үеийнхний урагшлан дэвжихийн гишгүүр билээ. Данзанравжаагаар гагнагдсан багш шавийн холбоо их л холын уялагатай байсан санагддаг юм даа.
Ж.Солонго
