Зам, тээврийн сайд болон Авто тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга, “Монголын төмөр зам” ТӨХКийн захирал зэрэг албаныхан “Баян зам” тээвэрчдийн холбооны төлөөллийг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзжээ. Уулзалтаар тус холбооноос Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын талаар хэлэлцлээ. Уг шаардлагад хил нэвтрэх С зөвшөөрлийг жолооч нарт олгодог болсон ч уурхайн компаниудаас бүрэн хамааралтай хэвээр байгааг болиулах, жижиг аж ахуйн нэгж, худалдан авагч нарт олгож буй нүүрс тээврийн зохицуулалттай Засгийн газрын зарим тогтоолыг авч хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд хүчингүй болгох, салбарын сайдын бүрэн эрхийн хүрээнд тээврийн жишиг тарифыг мөрдүүлж ажиллахыг хүссэн байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийг нүүрс тээврийн тендерт хамгийн доод үнэ тогтоодгийг болиулахыг хүссэн аж. Түүнчлэн Цагаан хад сууринд жолооч нарын амьдрах, ажиллах орчин тохь тухгүй, эрүүл мэнд, хүний эрхийн асуудал ноцтой зөрчигдсөн хэвээр, цалих хөлс харилцан адилгүй байдаг зэрэг олон асуудлыг шийдэж өгөөч хэмээн илэрхийлжээ. Тэгвэл албаныхан болон салбарын сайдын зүгээс нэг компанид давуу байдал олгон, олон жолоочийн эрх ашгийг хохироож байвал болиулах, С зөвшөөрлийн асуудлыг авч хэлэлцэхийг дурдав. Мөн энэ сарын сүүлчээр жолооч нар, нүүрс худалдан авагчид болон бусад талуудтай биечлэн уулзаж, асуудлыг шийдвэрлэхээр болсныг Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
С.Цэрэн