Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанд Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулсан байна. Сүүлийн жилүүдэд төрийн байгууллага, албан тушаалтнаас нууцад авах мэдээлэл өргөжсөн, ингэхдээ явцуу ашиг сонирхлын үүднээс ийм зэрэглэлд хамруулах нь нэмэгдсэн аж. Өмнө нь Засгийн газрын тогтоолоор хэт олон буюу 574 мэдээллийг төрийн нууцад хамааруулжээ. Мөн төрийн байгууллагууд нууцын жагсаалтаа өөрсдөө тогтоодог. Нууц ихсэх тусам авлига, албан тушаалын гэмт хэрэг нэмэгдэх эрсдэлтэй. Бас төрийн үйл ажиллагаа аль болох ил тод байж, иргэдийн мэдэх эрхийг хангах учиртай. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газарт тус тус үүрэг болгосон юм. Үүний дагуу төслүүдийн үзэл баримтлалыг боловсруулж,бэлэн болгосон юм байна.
Эдгээр хуулийн төслийг баталснаар төрийн нууцад хамаарахаас бусад бүх мэдээлэл ил тод, нээлттэй болно. Албаны нууцыг хүчингүй болгосноор төрийн 59 байгууллагын нийт 882 мэдээллийг ил болгох нь. Түүнчлэн төрийн нууцын жагсаалтыг Засгийн газрын шийдвэрээр өргөжүүлэх, үндэслэлгүйгээр мэдээллийг нууцалдгийг зогсоох аж. Цаашид төрийн нууцын жагсаалтыг УИХ баталж, иргэд хянах боломжийг бүрдүүлнэ гэлээ.
С.Уул