Монгол болон ОХУ-ын бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн түншлэлийг сайжруулах, эдийн засаг болон нийгмийн салбарын харилцаа холбоог бэхжүүлэх зорилгоор “Монгол-Оросын бүс нутгийн анхдугаар чуулга уулзалт”-ыг ирэх сарын 1-2-нд Эрхүү хотод зохион байгуулахаар төлөвлөснийг Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээллээ. Үүний хүрээнд “Монгол, Оросын худалдаа, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны боломжийг нээх нь”, “Монгол Улс болон ОХУ-ын бүс нутгуудын Евразийн орон зайд нэгдсэн харилцааг хөгжүүлэхэд гүйцэтгэх үүрэг”, “Монгол, Оросын аялал жуулчлалын боломжийг хөгжүүлэх нь” зэрэг сэдвээр танилцуулга, мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Мөн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч хоорондын уулзалт зохион байгуулах гэнэ. Оросын талаас хүнс үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, уул уурхай, эм, эмнэлгийн салбарын үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид оролцохоо мэдээлжээ. Харин манай талаас оролцох сонирхолтой компани, аж ахуйн нэгжүүд ЭЗХЯ, МҮХАҮТ-д хандаж болох гэнэ.
С.Дулам