“Орчин үеийн, шинэ, өндөр барилгууд өдрөөс өдөрт нэмэгдэж, хот хөгжиж байгаа нь сайшаалтай ч үндэсний онцлогийг шингээсэн барилгууд цөөрч, монгол архитектурын шийдэл дутагдаж буй нь анзаарагдсан. Энэ нь нийслэл хотын бусад улс орноос ялгарах үнэт чанарыг бага багаар бүдгэрүүлж байгаа юм шиг. Орчин үеийн барилгуудыг эсэргүүцэж байгаа юм биш, бага ч гэсэн Монгол үндэсний элемент, жижигхэн хээ хуар ч болов шигтгэвэл зүйтэй гэж боддог. Хийц, хэв маягаас гадна удаан хугацаанд оршин тогтнохуйц бат бөх, чанартай барилгууд барих нь маш чухал. Хүний бие эд, эсээс бүрддэг бол хот түүнтэй яг адил.
Европын зарим хотод 12 дугаар зууны үед ямар байсан, одоо ч тэр үеийн зарим зүйлс нь яг хэвээрээ. Үүний адил Улаанбаатар хот цаг хугацааны эрхээр, хүн ам нь өсөхийн хэрээр өргөжин тэлж, өөрчлөгдөх нь тодорхой ч нандин онцлогийг хадгалж үлдээсэй гэж хүсдэг” хэмээн хот судлаач Б.Ивээл саяхан нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэрбээр ХБНГУ-д ажиллаж, амьдардаг бөгөөд одоогоор Улаанбаатар хотын 150 орчим барилга, байгууламжийн зураг дарж, баригдсан он, архитектурын нэр, хаяг байршил, онцлог шинжийнх нь талаар судалж, цуглуулан ном хэвлүүлэхээр зорьж буй аж. Тухайлбал, Гэрлэх ёслолын ордон, III, IV хорооллын бүжгийн ордныг сайн ажвал яг л Монгол үндэстний хувцас, малгай зүүсгэл шиг, мөн 40, 50 мянгатын дөрвөн давхар байрнууд, Байгалийн түүхийн музейн булан ирмэгүүдийг анзаарвал үндэсний хээгээр чимэглэсэн. Энэ мэтчилэн хуучны олон байгууламжаас үндэсний онцлог, гоё шийдлүүдийг анзаарч болох тухай ярьжээ. Харин хэдэн жилийн дараа Улаанбаатар хот Зүүн Азийн орнууд шиг харагддаг болчих вий гэдгээс санаа зовниж буйгаа ч хот судлаач залуу нуулгүй илэрхийлсэн байв. Холын хүнээс үг сонс гэдэгчлэн эх орноосоо алсад, хүний нутагт олон жил амьдарч, сурч хөгжөөд Монголдоо ирсэн мэргэжилтний үг өнөөгийн Улаанбаатарын хот төлөвлөлт, барилга байгууламж, өнгө төрх ямархуу байгааг илтгэх биз.
Бид өргөн уудам газар нутагтай ч 4.7 мянган ам метр талбай бүхий цор ганц нийслэлдээ нийт хүн амынх нь 50 орчим хувь шавааралдаж амьдардаг. Энэ хотод амар тайван, аз жаргалтай амьдрал улам алсарсаар. Ямар ч төлөвлөлт, зохион байгуулалтгүй барьсан, барьсаар байгаа өндөр барилгууд шил шилээ даран сүндэрлэсээр хүндээ улам л ээлгүй, хүртээмжгүй орчныг тэлсээр байна. Иргэд алхах газаргүй, хүүхдүүд тоглох талбайгүй, авто зам дээрээ тээврийн хэрэгслүүд нь багтахгүй түгжирсэн хотод гял цал, шилэн барилгуудыг хэт ихээр “шүтэж”, зай завсар бүрд барьж байгаа нь хөгжил биш болохыг мэргэжилтнүүд анхааруулах болсон. Нийслэлчүүдийн амар тайван, аюул, эрсдэлгүй орчинд амьдрах эрх хэдийн хөсөр хаягдсан. Тэнд ч газар ухаж, энд ч зам зассан ундуй сундуй байдал, Улаанбаатарын бүтээн байгуулалт, барилга байгууламж буух эзэн, буцах хаяггүй мэт “сэглэгдсээр”. Хөөрхий хэдэн монголчууд авто зам дээр нь ус урсаж байвал харайгаад гарчихдаг, нүх ухчихсан бол тойроод явчихдаг, хэтэрхий ноомой. Эрхийнхээ төлөө тэмцэхгүй, эвлэлдэн нэгдээгүйн балгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгшид, хүүхдүүд гээд хүч сул хүмүүс үүрч, ухсан нүхэнд нь унаж гэмтсээр.
ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ НЭРЭЭР ИРГЭДИЙН ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙНА
2013 оноос хойш дахин төлөвлөлтийн 44 байршилд хэрэгжүүлж буй ихэнх төслийн хэрэгжилт 3-10 хувьтай буюу хангалтгүй байгааг Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр саяхан ярьсан. Урагш муутай дахин төлөвлөлт нэрийн дор иргэдийн эрхийг ноцтой зөрчих үйлдэл улам гаарсаар. Манай улс 2023 онд хот дахин төлөвлөлттэй холбоотойгоор хуульдаа албадан нүүлгэх арга хэмжээ авахаар баталсан нь даарин дээр давс нэмсэн үйлдэл болов. Үүнийг хэрэгжүүлэх явцад хүний эрхийн олон зөрчил асуудал үүсгэх болсныг “Монголын эмнести интернэшнл” байгууллагынхан сануулж байна. Тус байгууллагын кампанит ажлын зохицуулагч Я.Цэцэнзаяа “Олон улсын эрх зүйн хэм хэмжээнд албадан нүүлгэлтийг хүний эрхийн маш ноцтой, бүдүүлэг үйлдэл гэж үздэг. Хүний эрх, тэр дундаа иргэний шаардлагад нийцсэн орон байртай, газартай, өмч хөрөнгөтэй, халдашгүй, хувийн нууцтай, аюулгүй орчинд амьдрах, үзэл бодлоо илэрхийлэх, амьжиргааны түвшнээ дордуулахгүй байх зэрэг маш олон эрхэд бүдүүлгээр халддаг учир албадан нүүлгэлтийг олон улсад хүлээн зөвшөөрдөггүй, зөвлөдөггүй. Гэтэл Монгол Улс 2023 онд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлахдаа хэрэв нөлөөлөлд өртсөн иргэдийн 70 хувь нь зөвшөөрвөл 30 хувийг нь нийслэлийн Засаг даргын захирамжаар албадан нүүлгэнэ гэдэг зохицуулалттай болсон. Хэрэв нүүлгэхээс өөр аргагүйд хүрвэл нөлөөлөлд өртсөн иргэдтэй чөлөөтэй, бодитоор зөвлөлдөж, мэдээлэл өгч, эрхийг нь зөрчихгүй, зөрчсөн тохиолдолд сэргээх механизмыг нүүлгэн шилжүүлэхээс өмнө, шилжүүлэх үед, дараа нь заавал хийх ёстой гэж зөвлөдөг. Гэтэл хотын даргын захирамжаар нүүлгэн шилжүүлэхийг хуульчилсан хэрнээ хүний эрхийг хамгийн бага түвшинд зөрчих, зөрчигдсөн эрхийг сэргээх хууль, эрх зүйн хамгаалалтын талаар нэг ч үсэг байхгүй нь асуудал үүсгэсэн хэмээн мэргэжилтнүүд, судлаачид хэлж байна. Өөрөөр хэлбэл, тухайн өмчөөсөө нүүх, шилжих боломжгүй, тухайн газартаа амьжиргаагаа залгуулдаг өрхийг нүүхээс өөр аргагүй байдалд оруулж байгаа нь албадан нүүлгэлт юм. Тухайлбал, өмчийн эрхээ шилжүүлээгүй байсан айлд барилгын компанийнхан шөнө оройн цагаар халдсан тохиолдол гарсан. Цахилгаан, интернэт, усыг нь таслах гэх мэтээр нүүхээс өөр аргагүй байдалд оруулах нь албадан нүүлгэлтийн нэг хэлбэр. Нийгмийн зайлшгүй хэрэгцээ гэдэг үндэслэл гаргаж албадан нүүлгэхийг хуульчилсан юм бол хамгаалалтыг хэн авах, иргэний хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэдэг процердурын арга хэмжээ зайлшгүй авах шаардлагатай” гэв.
Хот дахин төлөвлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн улмаас хэн ч орон гэргүй болох эрсдэлд өртөж болохгүйг төрийн бүх шатны байгууллагынхан сайтар ухамсарлах ёстойг хүний эрх хамгаалагчид хэлсэн. Нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд нэг хүний, эсвэл цөөнхийн эрхийг хуулиар хязгаарлаж, газрыг албадан чөлөөлөх хууль зүйн механизмыг Үндсэн хуульд нийцүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг ч дурдсан юм. Нэг иргэний өмчилсөн газрыг зах зээлийн үнээс багаар тооцож, амьжиргааны түвшнийг өмнөхөөс нь дордуулсан байхад хэн ч тоодоггүй. Хэн нэгэн хохирч үлдэх ёстой мэт хандлага өнөөгийн шударга бус байдлыг улам дэвэргэж байна. Нэг хүний эрхийг хязгаарласаар энэ нь нийтэд хамаатай болоход дуугарах сэхээ үлдэх болов уу.
НОМЫН САНГИЙН ОРОНД ӨНДӨР БАРИЛГА СҮНДЭРЛЭХ НЬ

СУИС-ийн урд байрлах А.М.Горькийн нэрэмжит номын сан үүдээ барьжээ. Хуучны хийц, загвар бүхий гурван давхар шар барилгын нэгдүгээр давхарт төвхнөж байсан тус номын санд өдгөө “шинэ эзэд” нь тухалсан байна. Гаднах өнгө төрх нь тоос шороонд дарагдсан ч ном уншихаар зорьж очигсдыг халуун дулаанаар угтдаг гэгээлэг орчин байсныг байнгын үйлчлүүлэгчид нь ам уралдан ярьсан. Үнэт эрдэнэс болсон ном, бүтээлд шимтэгчид тус барилгын хаалгыг өдөрт хэдэнтээ элээдэг байж. Гэтэл тус номы сан бүхий байрыг нурааж, оронд нь “Даймонд центер” гэх 15 давхар бүхий шил толь болсон барилга барих гэнэ. Нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд үйлчилгээний төв бүхий орон сууц барих юм байх. Ирэх хавраас газрыг нь чөлөөлж, хуучин барилгуудыг буулгаж эхлэх аж. Шинэ барилгыг хоёр жилийн хугацаанд сүндэрлүүлэх бололтой. Үүний дараа номын санг буцааж авчирна хэмээн цаасан дээр “сүндэрлэсэн” барилгын төлөөлөл хэлнэ лээ. Барилга буулгах ажлыг эхлүүлээгүй хэрнээ хамгийн эхэнд хүмүүсийн мэдэх эрхийг хязгаарлаж, номын сангийн үйл ажиллагааг зогсоочхож. Хүнсний болон бичиг хэргийн дэлгүүр, хоолны газруудыг хэвийн ажиллуулж байв. Хотын төвд байрлаж байсан дээрх номын санг ийнхүү Баянзүрх рүү “цөлчихлөө”. А.М.Горькийн нэрэмжит номын сан одоо “Бөхийн өргөө”-ний чанх ард “Баганат өргөө” барилгын дөрөвдүгээр давхарт “толгой хоргодож” буй юм билээ. Тухайн байрны оршин суугчид, ойр орчимд нь амьдардаг иргэд тухтай орчинд ном унших боломжгүй болов. Цаашид оршин суугчдын эрхийг яаж боогдуулахыг таашгүй. Өөрөөр хэлбэл, эдгээр гурван давхар барилгыг дээш нь сунгаж, давхрыг нь тав дахин нэмэгдүүлснээр оршин суугчид төдий чиний олширно. Гэтэл тэр хавьд автомашины зосгоол байхгүй, ногоон байгууламж, хүүхэд тоглох, хөгшид нарлаж, залуус болзох талбай үгүй. Дахиад л иргэд төлөвлөөгүй хот төлөвлөлтийн тоглоом болох нь.
Сүүлийн үед нийслэлд барьсан барилгуудаас монголчуудын гоо зүйн мэдрэмж хэр унасныг харж болохыг урлаг судлаачид шүүмжлэх болсон. Байрныхаа дэргэд хүүхдээ тоглуулах талбайгүй, авто зогсоолгүй, аюулгүй орчин хангаагүй барилгуудыг иргэд хүсэхгүй байна. Тэр дундаа хотын төвд тэнгэр баганадсан барилга барихыг цахим орчинд эсэргүүцэгчид цөөнгүй. Тухайлбал, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн хажууд 25 давхар, Их, Бага тойруу орчимд мөн л өндөр барилга барьж буйг иргэд шүүмжилсээр. Гэтэл чихгүй мэт суусан хотын дарга Х.Нямбаатар гэнэт ухаан оров уу гэлтэй “40, 50 мянгатын байруудыг буулгаж, эхнээсээ 16-20 давхар барилгууд барьж байна. Хотын төв хөрөөний ир шиг барилгуудаар дүүрлээ. Тиймээс Их, Бага тойруу дотор долоон давхраас дээш өндөртэй барилга бариулахгүй” хэмээн хэдхэн сарын өмнө мэдэгдсэн. Оройтсон борооны хойноос цув нөмрөв гэгчээр хотын төв хэдийнээ өндөр, сүрлэг хэрнээ хямд төсөр барилгуудаар дүүрсний дараа ийн халагласан нь цагаа олсонгүй. Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалаа авсан даруйдаа л Х.Нямбаатар ухаарах ёстой байв. Нийслэлийн үе үеийн дарга нар хотын төвд зургаан давхраас дээш барилга бариулахгүй хэмээн “попордог” ч өндөр барилгууд улам нь чигжсээр, иргэд чихэлдсээр. Хүчтэй нь хүчгүйгээ эрхшээлдээ оруулдгийн адилаар хуулийн засаглалгүй оронд ширэнгийн хууль л үйлчилсээр байх уу.