Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Н.Баасандамба “Хуулийн дагуу Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлыг олон улсад нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох учиртай байтал шууд томилсон нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзлээ” хэмээн мэдэгдсэн юм.
З.Нарантуяаг хамтарсан Засгийн газар байгуулагдан ажиллах хугацаанд буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 7-нд дээрх албан тушаалд томилсон билээ. Эрх зүйч, санхүүч мэргэжилтэй тэрбээр“Монгол шуудан” банкны дэд захирал, “Хадгаламж” банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байгаад 2016 ондАН-аас УИХ-д нэр дэвшиж, сонгогдсон нэгэн.
Түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэр гарсны дараа өөрийн цахим хуудсандаа “МАН-ын даргын өрсөлдөөний кнопны наймаанд Хөгжлийн банк өртчихлөө. Энэ нь цаг хугацааны л асуудал байсан. Оны эцсийн тайлангаа аятайхан болгож өгөөд явах бодолтой байлаа. Хөгжлийн банкны хамгийн том эрсдэл нь төр буюу МАН. Удирдлагыг нь түүхэндээ хэзээ ч нээлттэй сонгон шалгаруулж үзээгүй банкийг нээлттэй зарлахаас өөр аргагүй байдалд оруулсандаа харин туйлын баяртай байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Ташрамд дуулгахад, үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш яг нэг жилийн босгон дээр чөлөөлөгдсөн З.Нарантуяагийн тус банкийг удирдаж байхдаа хийсэн ажлын нэг нь Монгол Улсын Хөгжлийн банк өнгөрсөн зургаадугаар сард олон улсын хөрөнгийн зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжсан явдалхэмээн зарим хэвлэлд тодотгожээ.
Ч.Туяа