Ойрын хугацаанд толилуулах Монголын болон дэлхийн сонгодог жүжгүүдийн талаар мэдээлэл хүргэе.
“ЧИНГИС ХААН” ДУУРИЙГ ЭНЭ БААСАН, БЯМБА ГАРАГТ ТОЛИЛУУЛНА

Чингис хааны тухай кино, зохиол, ном товхимол, хөгжмийн бүтээлүүд дэлхийд олон бий. Харин түүний тухай өгүүлэх анхны дуурь нь “Чингис хаан” одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” билээ. Тэгвэл хоёр бүлэг, зургаан үзэгдэлт энэхүү дуурийг ДБЭТ-ын тайзнаа өнөөдөр болон маргааш толилуулах нь. Энэхүү бүтээлээр Чингис хаан бага балчир насандаа хэцүү бэрхийг туулсан ч Өүлэн эхийн сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Их гүрнээ байгуулж, хамаг Монгол Улсаа сэргээн мандуулж, их тулгар төрийг байгуулсан тухай өгүүлэх аж.
ХҮНИЙ АМЬДРАЛЫГ ОЙЛГОХ ЦОР ГАНЦ АРГА ЗАМ НЬ ХАЙР

“Орфей” театрынхан Ф.М Достоевскийн хамгийн алдартай роман болох “Гэм зэм”-ийг Монголын тайзнаа дахин амилуулах нь. Тэд “Гэм зэм” постдрамын жүжгийг Тусгаар тогтнолын ордны тайзнаа энэ сарын 20-нд толилуулах бөгөөд тасалбарыг 50-70 мянган төгрөгөөр борлуулж байна. Эл жүжигт хүний үйлдэл, түүнээс гарах үр дагавар, эгэл жирийн харилцаанаас эхлээд хууль, цаазын өмнө бие хүн хэрхэн хувьсаж, тэмцэж буй тухай өгүүлнэ. Мөн хүний амьдралыг ойлгох цор ганц арга зам нь хайр, хайрыг мэдэрсэн хүний сэтгэлд л нигүүлслийн гэгээ тусах боломжтой талаар харуулах гэнэ. Тэгвэл Ф.М Достоевскийн хүн төрөлхтөнд хэлэхийг зорьсон энэ амин санааг “Орфей” театрынхан жүжгээрээ дамжуулан хүргэхийг хичээсэн аж.
“НУГАСНЫ АН”-Д ГАРЦГААЯ

“Про” театрынхан “Сүүлчийн бороо” (нугасны ан) мета драмын жүжгээ Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн тайзнаа энэ сарын 23 хүртэл олны хүртээл болгох нь. Эл жүжиг нь найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнийг хөндсөнөөрөө онцлогтой. Гол дүр болох Виктор Зилов өөрийгөө зүгээр л урсгалаараа хөвж яваа, хүсэл тэмүүлэлгүй, утга учиргүй амьдрал дунд гацсан нэгэн мэтээр мэдэрнэ. Зиловын амьдралд тулгарах сорилтууд, түүний сонголт, үйлдлүүд нь үзэгчдийг өөрсдийн амьдралын мөн чанар, үнэт зүйлсээ эргэцүүлэн бодоход хүргэдэг. Тэрбээр удаан хүлээсэн нугасны андаа явахыг мөрөөддөг ч эцэстээ энэ аялал нь түүний амьдралын утга учиргүй байдлын бэлгэдэл болж хувирах аж. Уг жүжгийн тасалбарыг эгнээ, суудлаас нь шалтгаалаад 30-80 мянган төгрөгөөр борлуулж буй юм.
“ҮГҮЙЛЭГДСЭН ХАЙР”-ЫГ ДАХИН АМИЛУУЛАХ НЬ

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгийг УДЭТ-ын тайзнаа энэ сарын 23 хүртэл үзэгчдийн хүртээл болгоно. Ингэхдээ Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар, шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр толилуулах аж. “Үгүйлэгдсэн хайр” бол монгол хүний сэтгэлийн гүнд орших хайр, уучлалын уран яруу илэрхийлэл болсон бүтээл билээ. Мөн яруу най¬рагчийн уран сэтгэмж, хүний сэтгэлийн гүн гүнзгий мэдрэмжийг орчин үеийн тайзны хэлээр дахин илэрхийлэхээрээ онцлогтой бөгөөд тасалбар нь эгнээ суудлаасаа хамаараад 30-100 мянган төгрөгийн үнэтэй.
ИХ ЗОХИОЛЧИЙН НАМТАР, ТҮҮХЭЭР

Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэн туурвисан “Монгол ардын суут” түүхэн баримтат жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарын найруулгаар Хүүхэлдэйн театрын тайзнаа маргааш үзэгчдийн хүртээл болгох нь. “Монгол ардын суут” нь Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, суут яруу найрагч, зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан бүтээсэн түүхэн баримтат драмын жүжиг юм. Уран бүтээлийн бүхий л үйл хөдлөл, хэлж буй үг, санаа зорилго нь түүхэн баримт нотолгоотой, дурсамж хууч, тэмдэглэл бичвэрээс бүрдсэнээрээ онцлогтой бөгөөд тасалбарыг 50 мянган төгрөгөөр борлуулж байна. Мөн эл жүжгийн зохиолыг Нацагдорж судлаач Л.Балдан, С.Лочин, Ч.Жачин нарын эмхэтгэл товхимол, Ардын уран зо¬хиолч Ш.Сүрэнжав тэргүүтэй хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалжид үндэслэн бичжээ.
“ИНЭЭМТГИЙ ХҮН” ВИЗУАЛ ДРАМЫН ЖҮЖИГТЭЙ

Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” романыг “Про” театрын уран бүтээлчид тайзны бүтээл болгон туурвисан байдаг. Тэгвэл эл жүжгийг Оросын шинжлэх ухаан соёлын төвийн тайзнаа энэ сарын 28-30-нд дахин олны хүртээл болгох гэнэ. Жүжгийн үйл явдал нь XVII-XVIII зууны зааг үед Англид өрнөх бөгөөд Лорд Линней Кленчарлийн азгүй хайр дурлал, золгүй хувь тавиланг зүрх шимширмээр өгүүлнэ. Тэрбээр юу ч мэдэхгүй жаахан хүүхэд байхдаа муу хүмүүсийн гарт орж үзэшгүй муухайгаар зэрэмдэглүүлэх ба Гуинплен хэмээх нэр зүүж хэрмэл жүжигчин болсноор жүжиг цааш үргэлжилнэ. Виктор Хюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргил гэгддэг эл жүжгийн тасалбарыг эгнээ, суудлаас нь шалтгаалаад 30-80 мянган төгрөгөөр худалдаж байгаа юм.
Э.Сондор