УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэх, эсэхийг шийдэв. Шинээр томилогдсон УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хуралдааныг удирдсан юм. Ерөнхий сайд Г.Занданшатар төслийн танилцуулга хийхдээ “Манай гадаад худалдааны 70, экспортын 90 гаруй хувь нь нэг улсаас хамааралтай байна. Эрчим хүчний 24, түлш шатахуунаар 100 хувь импортын хамааралтай. Эдийн засгийн төрөлжилтийн индексээр 145 орноос 139-д эрэмбэлэгдсэн. Энэ бол төрөлжөөгүй, ганц салбараас хамааралтайг харуулж буй юм. Эдгээр тоон үзүүлэлт Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол хэврэг, хамааралтай байгаагийн илэрхийлэл. Тиймээс эдийн засгаа төрөлжүүлж, хамаарлаа бууруулах нь үндсэн чиглэлийн гол зорилго болж байна. “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” бол хий хоосон уриа биш, бодит ажил, шийдэх асуудлын бүрэн зураглал байхаар төлөвлөлөө. Эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрх бүрд үр дүнг нь гаргах зорилт тавьсан” гэв.
Ирэх таван жилийн хөгжлийг хүний, эдийн засаг, дэд бүтэц, бүсийн хөгжил, мөн нийгмийн ба үндэсний нэгдмэл үнэт зүйл, байгаль орчин, засаглал, дижитал шилжилт, үндэсний өрсөлдөх чадвар, шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун гэсэн чиглэлээр боловсруулсан байна. Мөн 66.6 их наяд төгрөгийн өртөгтэй 87 төслийг хэрэгжүүлэх нь. Эдгээрийн эх үүсвэрийг төсөв, гадаадын зээл, тусламж зэргээр шийдэхээр тодорхой болсон аж. ШУА, эрдэмтдээс санал авсан, “мөрөөдлийн жагсаалт” биш, бодит тооцоо, судалгаатай баримт бичиг боловсруулсан гэв. Тухайлбал, хүний хөгжлийн индексээр манай улс 193 орноос 104- т яваа. Үүгээр тэргүүлдэг орнуудын дундаж үнэлгээ 0.9 байдаг. Тиймээс 2030 онд Монгол Улс эл үнэлгээгээ 0.8 болгохыг зорьсон байна. Хөдөө аж ахуйн салбарт гэхэд тулгамдсан гол асуудал нь бэлчээрийн доройтол учир 100 га тутамд ногдох малын тоо 114 байгааг 2030 онд 95 болгох гэх мэтээр хэрэгжүүлж болохуйц, бодит тоо, чиглэл өгчээ. Төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ.