Шадар сайд С.Амарсайханыг Засгийн газрын гишүүний хувьд “хариуцлагын гэрээ”-гээ зөрчсөн гэж үзэн, албан тушаалаас чөлөөлж буйгаа Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн аравдугаар сарын 29-ний өдрийн хуралдааны үеэр мэдэгдсэн. Тэгвэл түүний оронд Шадар сайдаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг томилохоор болсон тухай улс төрийн хүрээнд яригдаж байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулах хүсэлтээ Ерөнхий сайд өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид хүргүүлжээ. Үүний дагуу УИХын нэгдсэн чуулганд уг асуудлыг танилцуулах байсан ч Х.Ганхуяг гишүүн Төсвийн байнгын хорооны даргын ажлаа өгөөгүй гэсэн шалтгаанаар түр хойшлуулсан тул энэ долоо хоногт хэлэлцэхээр болсон аж.
Х.Ганхуягийн хувьд өнгөрсөн аравдугаар сарын 17-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах, эсэх асуудлыг хэлэлцэхэд эсэргүүцэж кноп дарсан гишүүдийн нэг билээ. Тэрбээр Шадар сайдаар томилогдвол өөрийн эрхлэх ажлын хүрээнд хамаарах “Шинэ хоршоо” хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хороо, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Үндэсний итгэмжлэлийн төв зэрэг байгууллагыг цаашид хариуцан ажиллах юм.
Г.Сансар