Сэтгүүлч Б.Батцэцэг ССАЖЗ-ын сайд Ч.Номинг АТГ-т шалгуулахаар өгчээ. Энэ тухайгаа тэрбээр "Өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг гадаадад сурталчилна гээд гаргасан зардлыг нь холбогдох албан тушаалтнаас нь авахаар удаа дараа мэдээлэл авах гэж хөөцөлдсөн. Энэ талаар хангалттай мэдээлэл авч чадаагүй. GoMongolia, WeMongolia гээд хоёр ажил байгаа юм. Үүний зардал хэд вэ гэхээр нэг удаа 400 мянган ам.доллар, дараа нь 500 мянган ам.доллар, дараа нь 1 сая ам.доллар гэх баримтын алдаа буюу зөрүүтэй мэдээлэл гарсан. За тэгвэл эх үүсвэр нь хаанаас вэ гэхээр хувийн хэвшил, дараа нь Дэлхийн банк, дараа нь Засгийн газар гэсэн зөрүүтэй мэдээллүүдийг өгч эхэлсэн. Үүнийг тодруулж асуугаад тоймтой мэдээлэл аваагүй учраас холбогдох байгууллага нь шалгаад өгөөч гэж хүсэж байгаа юм.
Зарим зарлагыг бонд гэсэн хэсгээс олсон. Заримыг нь уншиж танилцуулбал
- Go Mongolia-г нэгдсэн өнгө төрхтэйгээр ОУ-д сурталчилах 230 сая төгрөг
- Go Mongolia түлхүүр үгийг олон улсад сурталчлах 1,7 тэрбум төгрөг
- Соёлын гадаад сурталчилгааг 1,6 тэрбум төгрөг
- Соёлын боловсрол олгох 1,5 тэрбум төгрөг Нийслэлийн урлагийн газарт
- Соёлын сэргэлт арга хэмжээнд 1 тэрбум төгрөг энэ мэтчилэн их хэмжээний зардлууд гарсан гэх мэдээлэл зарим сайтын шилэн дансан дээр ил болсон хэсгээс олж авсан.
Иймээс АТГ энэ асуудлыг шалгаж, татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулсан эсэхийг нягтлаж, төсвийн үргүй зардлыг хянах нь зүйн хэрэг. Эрүүгийн хуулийн 22.1-т заасан асуудлыг шалгуулахаар албан ёсны хүсэлтээ өглөө" гэх мэдээллийг өглөө.