Олон улсын хүнсний стандартчиллын байгууллага болох Кодекс алиментариус комиссын 48 дугаар чуулган Италийн Ром хотноо энэ сарын 11-нд болж өндөрлөлөө. Тус хуралдааны үеэр Монгол Улсын дэвшүүлсэн “Ингэний ариутгасан сүүний кодексийн стандартын санал”-ыг хэлэлцэн зөвшилцсөний үндсэнд нийт 39 улс албан ёсоор дэмжиж, комисст бүртгэсэн байна. Энэ нь монголчуудын хувьд шингэн хүнсний стандарт бие даан боловсруулан, батлуулж буй анхны тохиолдол гэв.
Хөдөө аж ахуйн салбарын дотоодын үйлдвэрлэлийг өсгөх, зах зээлээ тэлэх, сүү, сүүн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд кодексийн стандарт чухал ач холбогдолтой. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ингэний ариутгасан сүү, чацарганын тосны кодексийн стандарт боловсруулж, батлуулах ажлыг гардан зохион байгуулсан аж. Ажлын хэсгийн гишүүд жил гаруй хугацаанд хоёр бөхт тэмээний сүүний найрлага, онцлогийг стандартад тусгах чиглэлээр нотолгоонд тулгуурласан дата, судалгаа боловсруулан, төслөө бичиж, олон улсын мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний эцэст ийн ажил хэрэг болгожээ.
“Ингэний ариутгасан сүүний кодексийн стандарт”-тай болсноор үндэсний онцлог шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлэх, улмаар малчдын амьжиргааг дэмжихэд бодит хувь нэмэр оруулна гэдгийг салбарын яамныхан онцолсон юм.
М.Гэгээ