Цаг уурын өртөө харуулын бодит ажиглалт, ган, зуншлагын талаарх хиймэл дагуулын мэдээ, 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даац, ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт зэргийг үндэслэн цаг уурын байгууллагаас зудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргажээ. Тодруулбал, энэ сарын 10-ны өдрийн байдлаарх цасны зузаан, цаг агаарын урьдчилсан төлөвийг харгалзан уг үнэлгээг гаргасан байна. Зудын урьдчилсан төлөвөөс харахад нийт нутгийн хоёр хувьд нэн их, 16 хувьд их, 36 хувьд дунд, 29 хувьд бага, 17 хувьд хүндрэлгүй байх гэнэ. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Төвийн зарим нутагт зудын хүндрэл буюу эрсдэл үүсэх төлөвтэй байна. Цаашид цасны зузаан нэмэгдэн хүйтний эрч чангарах үед цаг агаарын бодит нөхцөл болон нарийвчлан боловсруулсан урьдчилсан мэдээгээр эл үнэлгээг тухай бүрд нь шинэчлэх аж.
Ч.Туяа