“Ахмадын дуу хоолой хөдөлгөөн”өөс тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага тавин, өчигдөр мэдээлэл хийв. Ахмадууд, тэтгэврийн иргэдийн дуу хоолойг нийгэмд хүргэх, тулгамдаж буй асуудлаа шийдэх зэрэг зорилгоор байгуулсан тус хөдөлгөөнийнхөн тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэх, тэтгэврийн зээлийг багадаа 36 сараар олгуулах, зээлийн хүүг 12 хувь болгуулах шаардлага тавьж буйгаа танилцуулсан юм. Тус хөдөлгөөний гишүүн нэгэн ахмад “Ахмадын чимээгүй суултад оролцохоор Увс аймгаас ирсэн. Ахмадуудын тэтгэврийг 20-50 хувь нэмэгдүүлэх бодит шаардлага бий. Иргэдийн тэтгэвэр, тэтгэмж амьдралд огт хүрэлцэхгүй, бид амьдрах биш, амьд үлдэхийн төлөө тэмцэж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар зөв шийдвэр гаргаж, тэтгэврийг нэн яаралтай зээлээр ч болтугай өсгөх ёстой” гэлээ. Үүнээс гадна тэтгэврээ нэмэгдүүлэх зорилгоор зарласан чимээгүй суулт орон даяар хүрээгээ тэлсээр Улаанбаатарт төдийгүй Орхон, Хөвсгөл, Сүхбаатар зэрэг аймгийнхан нэгдсэнийг хэллээ.
С.Цэрэн