“Мон-Атом” компани болон ОХУ-ын “Росатом” корпорац, Шинэ Хархорум хотын зөвлөлийнхөн хамтран “Цөмийн эрчим хүч: ирээдүй рүү хийх алхам” семинарыг өчигдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад бага оврын цөмийн цахилгаан станц барих боломж, хамтын ажиллагааны цар хүрээг хэлэлцэхэд чиглэснээрээ онцлогтой бөгөөд “Росатом” болон “Мон-Атом”-ын төлөөлөгчид, хоёр орны эрдэмтэн, судлаачид оролцож, салбарын болон нийгэм, эдийн засгийн үр өгөөжийн талаар санал солилцсон юм.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков энэ үеэр “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин одоогоос 25 жилийн өмнө Монголд анх удаа айлчлахдаа цөмийн эрчим хүчийг энх тайвны зорилгоор ашиглах салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан. Харин бид өнөөдөр энэхүү хэлэлцээрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Энэхүү хэлэлцүүлгээр зөвхөн атомын цахилгаан станц барих тухай яриад зогсохгүй бусад олон чиглэлээр ярилцсан. Учир нь “Росатом” бол арвин туршлагатай компани. Байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, инженер, шинжлэх ухаан зэрэг салбарт боловсон хүчин бэлтгэхэд ч хамтран ажиллах нөөц боломж бий” гэв.
Цөмийн эрчим хүч нь хүлэмжийн хийг хамгийн бага ялгаруулдгаараа давуу талтай тул ногоон эдийн засгийн гол тулгуур хэмээн үзэх нь бий. Тэгвэл хоёр орны эрдэмтэд цөмийн цахилгаан станцыг барих тохиромжтой байршил болоод байгаль орчинд үзүүлэх нөлөө, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийн талаар илтгэл хэлэлцүүлж, санал солилцсон юм. Мөн цөмийн технологийн хэрэглээ зөвхөн эрчим хүчээр хязгаарлагдахгүй болохыг ч энэ үеэр тайлбарлалаа.
“Росатом” корпорацын Монгол дахь төлөөлөгч Сергей Игорьевич Демин “Монголд Оросын загвараар бага оврын цөмийн цахилгаан станц барих нь хоёр орны хамтын ажиллагааны тэргүүлэх төсөл болно. Бид мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхээс эхлээд үйл ажиллагааны бүхий л шатанд хэрэгжүүлэх төслүүдийг санал болгож буй. Үр дүнд нь улс орны эрчим хүчний тогтвортой байдал, тусгаар тогтнол баталгаажиж, нэг кВт цагт ногдох үнийг урьдчилан таамаглах чадвартай болно. Бидний зүгээс санал болгож буй РИТМ-200 загварын реакторууд нь орчин үеийн, Арктикийн хатуу, ширүүн нөхцөлд хамгийн хүчирхэг цөмийн мөс хагалагч хөлөг онгоцон дээр олон жилийн турш найдвартай, үр ашигтай ажиллаж, чанартай гэдгээ баталсан технологи” гэсэн юм.
“Мон-Атом” компанийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргал “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин манай улсад өнгөрсөн жил айлчлахдаа Хархорум хотод бага оврын атомын цахилгаан станц барих санаачилга гаргасан. Үүнийг нь хоёр орны Засгийн газрын түвшинд ярилцаж хэлэлцээд, эхний ээлжид эрдэмтэн, судлаачдын мэдээллийг сонсох зорилгоор энэхүү семинарыг зохион байгууллаа. Одоогоор бид ТЭЗҮ зэрэг нарийн асуудал руу ороогүй, албан ёсны шийдвэр чгараагүй байна. Дэлхийн хэмжээнд атомын цахилгаан станц барьдаг компани маш цөөн. Харин “Росатом” бол үүний нэг нь” хэмээв.
У.Сүрэн