Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Өнөөгийн парламентад хууль тогтоолцож буй гишүүдээс хамгийн товч намтартай бөгөөд хамгийн өндөр шагнал хүртсэн нэгэн бол Хөдөлмөрийн баатар Дамдинсүрэнгийн Жаргалсайхан. УИХ-ын гишүүний намтарт 1998-2002 онд Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийг банк, санхүүгийн нягтлан бодогч, 2010-2011 онд “Засагт хан” дээд сургуулийг төг¬сөж, төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан хэмээн бичжээ. Ердөө ийм л товч намтар УИХ-ын албан ёсны цахим хуудсанд бий. Харин 2024 оны УИХ-ын сонгуулийн I тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт нэр дэвших үеийнх нь, gogo.mn цахим хуудсанд буй танилцуулгад 20102011 онд Удирдлагын академи төгссөн гэсэн байх юм. Эндээс нутгийнхных нь ярьдагчлан “Боловсрол нь хүртэл худлаа” гэх хардлага батлагдах мэт. Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарамын дүү тэрбээр Хөдөлмөрийн баатраас гадна аймгийн алдарт уяач цолтой, 2017-2024 онд Баянхонгор аймгийн “Хонгор нутаг” бөхийн дэвжээний тэргүүн, 2010-2017 онд Баянхонгор аймгийн Ардчилсан намын дарга, 2012-2016 онд тус аймгийн Засаг дарга, 2017-2019 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого, үйл ажиллагааны хэлтсийн дарга, 2019-2021 онд ЗХЖШ-ын Барилга-инженерийн цэргийн удирдах газрын даргаар ажиллаж, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416.1 км зам тавих ажлыг амжилттай удирдсан гэжээ. Зэвсэгт хүчнийг улс орны бүтээн байгуулалтад оролцуулах бодлогын хүрээнд барилгын цэргийн ангиудыг сэргээн ажиллуулж эхэлснээр цэргийн алба хаагчид төмөр зам барих болсон. Уг төмөр замын ажлыг хариуцан барьж гүйцэтгэж байсан зэвсэгт хүчний удирдах албан тушаалтан генералыг өөрчлөөд, 2019 оноос Д.Жаргалсайхан гэнэт цэргийн цол зүүж, өнөөгийн Барилга-инженерийн цэргийн удирдах газар буюу Бүтээн байгуулалт, дэмжлэгийн газрын даргаар томилогдон очсон нь Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулгын шийдвэр байсан юм даг. Ерөнхийлөгч асан, үүсгэн байгуулсан “Женко” хэмээх компаниараа нэрийддэг эрхэм Цэргийн албаны тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж, насны хязгаар давсан Д.Жаргалсайханыг томилуулсан юм. Өөрөөр хэлбэл, Д.Жаргалсайхан нь Баянхонгор аймгийн Засаг дарга байхдаа өөрийгөө төрийн албанд ажиллаж байсан гэдгийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан түүхтэй. Үүнийг нь шүүх 2014 онд шийдвэрлэхдээ Д.Жаргалсайханыг 1976 оны долоо¬дугаар сард төрснийг тодотгосон. Эндээс Д.Жаргалсайхан нь 35 насны хязгаараас хэтэрсэн буюу 43 настай хүнийг Х.Баттулга хууль зөрчин, уг албан тушаалд томилуулаад дараа нь сэнтийгээсээ буухын өмнө түүнд Хөдөлмөрийн баатар цол олгосон нь өөртөө үнэнчээр үйлчилснийг нь үнэлж, албатаа өндөр цол, хэргэм хүртээсний бодит жишээ гэлтэй.
Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн энэ хүн Барилгаинженерийн цэргийн удирдах газрын даргаар ажиллаж байхдаа хамаарал бүхий буюу төрсөн эгчийнхээ удирддаг компанид давуу байдал олгож, тендерт ялуулсан тухай цахим мэдээллийн хэрэгсэлд бичсэн нь ч бий. Тухайлбал, “2020 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын 228.3 метр урттай гурван ширхэг бетонон гүүрний гүйцэтгэгчээр Д.Жаргалсайханы төрсөн эгч Д.Одсүрэнгийн “Их богд зам” ХХК тендергүйгээр шалгарч, 14.4 тэрбум төгрөг “халаасалсан” байна” хэмээжээ. Төмөр замд цэргийн алба хаагчид ажиллаж эхэлж байх үед доод бүтцийг нь 986 сая төгрөгөөр тооцож, барьж байсан бол Д.Жаргалсайхан энэ албан тушаалыг хаших болсноос хойш энэ үнэлгээ гурван тэрбумд хүрсэн нь хардлага төрүүлдэг ч шалгасан нь үгүй.
Түүний сонгуульд нэр дэвших үеийнх нь хувийн ашиг со¬нирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт “Түмэд групп”, “Их жигүүр”, “Жишиг бетон” компанид хувь эзэмшдэг хэмээн дурдсан байх бөгөөд төсвийн хөрөнгөөр зарласан тендерүүдэд эдгээр аж ахуйн нэгж шалгарч байсан нь Д.Жаргалсайханы оролцоо бий хэмээн олон нийтийн сүлжээнд тодотгожээ.