Манай оронд 1990 оноос өмнө улсын үйлдвэрүүдэд хүмүүс “умалзтал” ажиллаж, арьс, шир, ноос, ноолуурыг өндөр түвшинд боловсруулж, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүнээр бүгд хувцаслаж, импортын хамааралгүй амьдарч ирсэн хэмээн санагалзах хүн олон. 1990 он гарч өмч хувьчиллаа. Хувьчлал алдаа, оноотой үргэлжилж талх, мах, сүү, гурил, мал, орон сууц гээд улс орны амин чухал хэрэгцээт үйлдвэр, үнэ цэнтэй хөрөнгийг хүмүүс хувьдаа авсан. Өдгөө хувийн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн нэр, төрөл, чанар, үзэмж социализмын үеийнхээс хэд дахин илүү болсон ч иргэд “хэрэв төр үйлдвэртэй байсан бол баян цөөнхтэй, ядуу, дундаж амьдралтай иргэд, ажилгүйчүүд олонтой ийм нийгэм үүсэхгүй сэн” хэмээн бухимддаг. Нөгөө талаас төрд буй үйлдвэр, өмч, компаниуд ашигтай ажилладаггүй, хур өр үүсгэдэг, хулгай хийх нөхцөл болдог, төр огт өмчгүй, бизнес ч төрийн оролцоогүй байх ёстой гэх болсон.
Ийм мэтгэлцээний зэрэгцээ өдгөө төрийн өмчит аж ахуйн нэгж (ТӨААН), төрийн өмчит үйлдвэрийн 70 орчим газар (ТӨҮГ) үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 68 000 хүн ажиллаж, ажилтнуудын дундаж цалин 3.5 сая төгрөг байгаа аж. Мөн орон нутгийг оролцуулбал төрд буй хөрөнгийн үнэлгээ 100 их наяд төгрөгт хүрч, өр төлбөр нь 22 их наядаас давсан гэдгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас мэдээллээ. Нэмээд Монгол Улсыг 2026-2031 он хүртэл хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөнд гурван том аж үйлдвэр буюу Эрдэнэтэд зэсийн, Дархан болон Сэлэнгэд төмөрлөгийн, Дорноговьд нефть боловрсуулах үйлдвэр барина гэв. Нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлээд долоон жил өнгөрсөн, улсын хэмжээнд баяжуулах 140 орчим үйлдвэр байгаагаас 57 нь огт ажилладаггүй зэргээс харахад төр нэмж үйлдвэр, аж ахуйн нэгж байгуулаад ашиг байгаа юм уу. Ер нь төрийн өмчит үйлдвэр, уурхайд хулгай нүүрлэдэг, ажилчдынх нь цалин улсын дунджаас өндөр байдаг, ТӨААН-д “шахаа хийдэг”, авлига, хүнд суртал зэргийг хэзээ арилгаж, цэгцлэх бол. Энэ талаар судлаачид, эдийн засагчид, төрийн албаныхан юу хэлэв.
Сүүлийн арав гаруй жилд төсвийн орлого, зарлага, алдагдал өрийн хэмжээ тогтмол өсөж, эдийн засаг дахь төрийн оролцооны түвшин харьцангуй өндөр хэмжээнд хүрснийг мэргэжилтнүүд онцоллоо. Татварын орлого ДНБ-ий 34.2 хувьд хүрсэн нь хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг бууруулж, хөрөнгө оруулалтын орчинд дарамт учруулж байгаа аж. ТӨААН-үүдийн хөрөнгийн хэмжээ, орлого нь ДНБ-ий гуравны нэгтэй дүйцэхүйц байгаа ч санхүүгийн гүйцэтгэл тогтворгүй, экспортын бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэлд өртөмхий, татварын орлогод оруулж буй хувь бага юм. Хэдийгээр тодорхой салбаруудад хувийн хэвшлийн оролцоо тогтвортой түвшинд байгаа ч, стратегийн болон нийгмийн суурь үйлчилгээний салбаруудад төрийн оролцоо давамгай хэвээр. Тухайлбал, цахилгаан, дулаан, уур, хий үйлдвэрлэл, усан хангамж, хог хаягдлын менежмент, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ, урлаг, үзвэр зэрэг салбарт хувийн хэвшлийн оролцоо бага байгаа нь эдгээр үйлчилгээг үндсэндээ төрөөс бүрэн буюу зонхилон үзүүлж, хянаж буйн илэрхийлэл. Тухайлбал, уул уурхайн салбарт төрийн өмчит аж ахуйн дөрвөн нэгж бүртгэлтэй, эдгээрт 20 470, нэг компанид (Эрдэнэс монгол) дунджаар 5000 гаруй хүн ажиллаж, салбарын орлогын 72, ажиллах хүчний 30 хувийг бүрдүүлж, нийт 37.8 их наяд төгрөгийн хөрөнгийг дангаар эзэмшиж байгаа аж. Энэ нь уул уурхайн салбарын зах зээлд үнэмлэхүй байр суурь эзэлж, бодит өрсөлдөөнийг сааруулж, эдийн засгийн өгөөжийг сулруулах нэг нөхцөл болжээ. Ийм бүтэц, зохион байгуулалт нь нээлттэй, тогтвортой, урт хугацааны хөрөнгө оруулалтад суурилсан зах зээлийн хөгжлийг удаашруулж, түүхий эдийн мөчлөгт хэт хамааралтай орчныг бий болгож буй талаар “Ай би менежмент консалтинг” компанийн “Монгол Улсын төрөөс төсөв болон төрийн өмчит аж ахуйн нэгжээр дамжуулан эдийн засагт оролцож буй оролцооны түвшнийг үнэлэх харьцуулсан судалгаа”-нд дурджээ. Дээрх компанийн судлаач, эдийн засагч Д.Болортуяа “Төрийн өмчит компаниуд ашиггүй, алдагдалтай ажилладаг. Бизнесийн орчин дахь төрийн оролцоо өндөр, хууль, журмын давхардал их бөгөөд засах, сайжруулах шаардлагатай зүйл олон байгаа талаар эдийн засагчид, судлаачид, гадаад, дотоодын байгууллагынхан байнга хэлдэг. Эдийн засаг дахь төрийн хамаарлыг бууруулахын тулд зөвшөөрлийг цахимжуулах, төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, төсвийн гүйцэтгэлийг KPI-аар “Key performance indicator буюу амжилтыг тооцох тоон болон чанарын үнэлгээ” үнэлэх, ТӨААН-үүдийн ил тод байдлыг нэмэгдүүлж, нээлттэй хувьцаат компани болгох, төрийн өмчлөлийн дээд хязгаарыг тогтоох, бүтцийн өөрчлөлт, хувьчлалд бэлтгэх зэрэг ажлыг үе шаттай хэрэгжүүлэх хэрэгтэй. Ялангуяа төрийн өмчит томоохон компани, уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарыг хувьчлах ажлын бэлтгэлийг эхлүүлж, дунд хугацаанд хэрэгжүүлэх нь зүйтэй. Үүнээс гадна орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийг байгуулахад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ) оролцохгүйгээр орон нутаг бие даан шийддэг болсноор хувийн хэвшил ажиллах боломжтой салбаруудад төрийн компани олноор түрж оржээ. Одоогоор 21 аймагт л гэхэд 300 орчим орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгуулж, зардал хэт өсжээ. Улсын төсвөөр худалдааны зах барих, цагаан идээний үйлдвэр байгуулах зэрэг ажил хийх болж. Энэ нь төрийн өмчит компанийн тоог цөөрүүлэх зорилтод огтхон ч нийцэхгүй. Цаашид орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдээс татан буулгаж, хувьчилж, бодлого шийдвэрийг нь нэг байгууллага зангидаж явах учиртай” гэлээ.
Төрийн өмчит 80 орчим компаниас хувьчлах, нээлттэй компани болгохоор яригдаж буй аж. Стратегийн ордод үйл ажиллагаа явуулж буй уурхайн 10-аас доошгүй хувийг олон нийтэд санал болгуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хууль бий аж. Гэхдээ энэ нь хэрэгжихгүй байсаар олон жил өнгөрчээ. Энэ талаар ямар ажил хийж байгааг нь ТӨБЗГ-аас тодрууллаа. Тус газрын Төрийн өмчийн удирдлага, төлөөллийн албаны дарга В.Дарханбаатар “Манайхаас одоогоор 20 компанийг хувьцаат компани болгохоор санал болгосон. “Эрдэнэс тавантолгой”, МИАТ, “Төрийн банк”, Монголын хөрөнгийн бирж”, ТЭЦ-III, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” зэрэг есөн аж ахуйн нэгжийг нэн түрүүнд хөрөнгийн биржид гаргахаар бэлтгэж буй. Бэлтгэл ажил нь цаг хугацаа, тооцоо төлөвлөгөө их шаардаж байна. Тухайлбал, Манай хөрөнгийн бирж 1.8 орчим их наяд төгрөгийн “багтаамжтай” юм билээ. Тэгвэл “Эрдэнэс тавантолгой”-н 10 хувийг л биржид гаргахад 1.3 их наяд орчим төгрөгийн хөрөнгө оруулалт, арилжаа хийнэ. Биржийн “багтаамж” хүрэхгүй. Мөн биржид гарсан компани бүр ашигтай ажилладаггүй, үнэт цаасных нь ханш унадаг, жижиг хувьцаа эзэмшигчид хохирч үлддэг зэрэг асуудлыг хэрхэн шийдэх, иргэдийн санхүү, хөрөнгөд улсын үйлдвэрийн хувьчлал яаж нэмэр болох талаар судлах, гаргалгаа олох шаардлагатай. Гадны хөрөнгө оруулагчдыг ч татах учраас эхлээд МХБ-ийн технологийг сайжруулж, зах зээлийг өргөжүүлнэ гэсэн үг. Үүнээс гадна эрчим хүчний салбар, нүүрсний уурхай хооронд байгаа асуудал, цахилгаан, дулаан үйлдвэрлэлийн өртөг хямд байгаа зэрэг нь ТӨААН-үүдэд хур өр үүсгэн, нийт өрийг их харагдуулж байгааг бодолцох хэрэгтэй” хэмээв.
Төрийн өмчит компанитай байх, эсэх нь тухайн орны геполитикийн онцлог, хүн амын тоо, зах зээлийн нөхцөл зэргээс шалтгаалдаг аж. Эдийн засаг дахь төрийн оролцоо нь үндэсний эрх ашгаа хамгаалах, байгалийн баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх ач холбогдолтой гэдгийг бас мартаж болохгүй. Монгол Улс хоёр том хөрштэй, далайд гарцгүй, өргөн уудам газар нутагтай учраас төрийн өмчит компанигүй байх боломжгүй гэнэ. Хамгийн гол нь төрийн өмчит компани аль салбарт байвал зохистой, олон нийт болон гадаад хөрөнгө оруулагч хэдэн хувийг нь эзэмших, хэрхэн удирдах зэргийг нарийн тооцож байж хувьчлах шаардлагатай. Тиймээс одоо ажиллаж ТӨААН, ТӨҮГ-аа тордож, хувьчилж, ашигт ажиллагааг сайжруулж, өр төлбөрийг нь барагдуулж, үлгэр жишээ үзүүлж байж дараагийн үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах талаар ярих хэрэгтэй байх нь.
С.Дулам