Монголын мэргэжлийн снөүбоардын холбооны тамирчин, Удирдах зөвлөлийн гишүүн, “Эхлэл” клубийн дасгалжуулагч Г.Зоригт эх орондоо энэ спортыг хөгжүүлж, мэргэжлийн тамирчин бэлтгэхээр зорьж яваа. Түүний хүсэл тэмүүлэл, эхлүүлсэн ажил, гаргасан амжилт нь хүүхэд, залуусыг үүгээр хичээллэхэд ихээхэн нөлөөлсөн. Сүүлийн үед тэрбээр өөрөө тэмцээнд оролцохын зэрэгцээ шавь нараа ч бас сойж, медалиас атгуулах болжээ. Тухайлбал, Азийн мэргэжлийн снөүбоардын холбооноос БНХАУ-ын Жанжакоу хотын “Cui yun shan” цанын баазад өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулсан снөүбоардын Азийн аварга шалгаруулах цуврал тэмцээнд тэрбээр насанд хүрэгчдийн мэргэжлийн ангилалд параллел жиант слалом төрөлд 24.08 секундийн амжилтаар тэргүүн байрт шалгарч, параллел слалом төрөлд хүрэл медаль хүртсэн бол шавь нараас нь М.Есүй өсвөр үеийнхний охидын ангиллын параллел жиант слалом төрөлд (26.95 секунд) түрүүлсэн юм. Монголын снөүбоардын баг тус тэмцээнээс хошой алт, мөнгө, хүрэл нийт зургаан медаль хүртсэн. Энэ үеэр багш, шавь хоёр алтан медалийг нь зүүсэн нь манай улсын хувьд түүхэн, онцлох үйл явдал болсон юм.
Үүний дараа дөрөвдүгээр сард тус улсын “Wan long” цанын баазад болсон тэмцээнд тэрбээр параллел слалом, жиант слалом төрөлд тус бүр хүрэл, шавь М.Есүй нь охидын 14-17 насныхны ангилалд алтан медаль хүртсэн билээ.
Тэрбээр шавь нараа дасгалжуулахын зэрэгцээ төрсөн дүү болох Монголын мэргэжлийн снөүбоардын, Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Ганзоригийн бэлтгэл сургуулилалтыг хариуцан хийлгэдэг. Г.Ганзориг Швейцарын Сант Мориц хотод энэ оны гуравдугаар16-30- нд болсон снөүбоард, фрийстайл, чөлөөт цанын ДАШТ-д оролцож, параллел слалом, параллел жиант слалом төрөлд (туг сүлжих холын зай) өрсөлдсөн билээ.
-Снөүбоардоор хичээллэдэг тамирчдын хамгийн дуртай улирал эхэллээ. Цас орохыг хоног тоолон сэтгэл догдолж хүлээдэг гэдэгт эргэлзэхгүй байна.
-Тийм ээ. Өвөл бол бидний хамгийн дуртай улирал. Цас орохыг баяр болох гэж буй мэт догдолж хүлээдэг. Монголд өвлийн улирал гурван сар үргэлжилдэг тул алдаж болохгүй боломж шүү дээ. Учир нь уулын болон гүйлтийн цана, снөүбоард, тэшүүр, шорт трек, хоккейн тамирчид энэ хугацаанд дотоод, гадаадын тэмцээнд оролцож, ур чадвараа ахиулдаг. Снөүбоардчид “Скай ресорт” цанын баазын үйл ажиллагаа эхлэхээр бэлтгэлдээ гарна. Бид бусад улиралд нь хүчний сургуулилалтаа кроссфит, фитнесийн клубт хийдэг юм. “Милан-Кортина 2026” өвлийн олимп ирэх оны хоёрдугаар сард эхэлнэ. Эрх олгох тэмцээний эхнийх нь БНХАУ-ын “Майлин” цанын баазад ирэх сарын 7-8-нд зохион байгуулах “Дэлхийн цом”, дараагийнх нь “Галакси” цанын баазад Азийн цомын АШТ 27-28-нд болно. Бид энэ удаа Азийн цомын АШТ-д оролцохоор зорьж байна.
-Тамирчдаа дасгалжуулахын зэрэгцээ тэмцээнд оролцох нь танд амаргүй санагддаг уу?
-Миний хувьд олон улсын тэмцээнд тав дахь удаагаа оролцох гэж байна. Үүнээс өмнө Азийн цомын болон олимпын оноо олгох тэмцээнд гурван удаа оролцохдоо хувийнхаа амжилтыг ахиулсан. Би тамирчин болох хүүхдүүдийг авьяас, ур чадвараар нь сонгож авдаг. 2019 онд төрсөн дүү болох Б.Ганзоригтой хамт снөүбоардаар хичээллэсэн. Бид хичээллэх сонирхолтой хүүхдүүдэд энэ спортын талаар ойлгуулж, өөрийн сурсан, мэдсэн бүх зүйлээ харамгүй зааж, зөвлөдөг. Тэднийг таван жилийн хугацаанд тууштай бэлтгэл хийлгэж, олон тэмцээнд оролцууллаа. Өөрөө тамирчин байхын зэрэгцээ дасгалжуулагчаар ажиллах амаргүй. Гэхдээ надад аль алийг нь хийх жаргалтай санагддаг.
-Цанын баазад өглөө бүр дүүгийнхээ хамт ирж, шавь нартаа өөрийн биеэр үлгэр дуурайл үзүүлж, сургуулилалт хийлгэдэг гэж сонссон.
-Эцэг, эхчүүд хүүхдээ “Таны шавь болгоё” гэж итгэл хүлээлгээд хөтөлж авчрахад нь үүрэг хариуцлага дагаад ирэх шиг санагддаг. Тэдний амь нас, эрүүл мэнд, ур чадвар, амжилтыг дасгалжуулагч хариуцах тул бүхнийг эхнээс нь тусгайлан, зөв техниктэй заах шаардлагатай. Бүх зүйлийг зөв сурсан хүүхэд амжилт гаргах магадлал өндөр. Снөүбоард экстрим спортын төрөлд багтдаг. Тиймээс өөрийн биеэр бүхнийг даван туулж, мэдэрсний үр дүнд тамирчдаа аюул осол, бэртэл гэмтлээс хамгаалах ёстой. Хүүхэд бүрийн биеийн онцлог, сэтгэл зүйн байдал, зан чанарт нь тохируулан бэлтгэл хийлгэж, спортын талбарт тамирчнаар бэлтгэнэ гэдэг үүрэг хариуцлагатай байхыг шаарддаг юм. Дасгалжуулагчийн ажил бол шавь нараа спортын давуу талаар хүмүүжүүлж, нийгэмдээ зөв бодолтой, эерэг хандлагатай хүн болгож төлөвшүүлэхэд чиглэдэг шүү дээ.
-Манай улсад снөүбоардын спорт 2010 оноос хөгжиж эхэлсэн түүхтэй. Та шанг нь татсан анхдагчдын үргэлжлэл. Тамирчнаас дасгалжуулагч болтлоо сурч мэдсэн, хуримтлуулсан туршлага багагүй л байх.
-Монголд снөүбоардын холбоог анх байгуулсан ах нараасаа маш их зүйл сурч, өөрийгөө хөгжүүлсэн. Тэднээс тамирчин хүн ямар байх ёстойг харж, үлгэр дуурайл авч байсан минь алхам тутамд хэрэг болдог. Тэр үеэс хурдацтай хөгжиж, өвлийн спортоос залуусын хичээллэх хамгийн дуртай төрөл болсон. Монголын тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцдог болсон нь ур чадвараар бусад орны хэмжээнд дөхөж очсоныг харуулж байна. Энэ нь Монголын мэргэжлийн снөүбоардын холбооны удирдлага, Удирдах зөвлөлийн гишүүд, дэмжиж ажилладаг хүмүүс, мөн өсвөр үе, насанд хүрэгчдийн тамирчдын ар гэрийнхний дэмжлэгийн үр дүн юм. Снөүбаордын тэмцээний параллел слалом төрөлд манай тамирчид шигшээд шалгарч байна. Улс бүрд спортын төрлүүдийг хөгжүүлэх онцлог бий. Уулын цанын шигшээ багийнхан Япон, БНСУ-аас мэргэжлийн дасгалжуулагчдыг урьж, “Скай ресорт” цанын баазад хамтарсан бэлтгэл хийж, олон улсын тэмцээн зохион байгуулсан юм. Тэр үеэр БНСУ-ын дасгалжуулагч “Монголд снөүбоард хөгжих давуу талтай. Учир нь энэ спорт өрсөлдөөн, тэмцлээс үүссэн. Монголын тамирчид уулын цана, снөүбоардын төрлөөс кросс буюу бартаат замын уралдаанд өндөр амжилт үзүүлэх боломжтой. Ийм чанар монгол хүний ген, цусанд байдаг” гээд хэлж байв. Монголчуудын аливаа зүйлд амархан бууж өгдөггүй. Тэмцэл дундаас цойлж гардаг нь энэ зантай нь ч холбоотой болов уу.

-“Скай ресорт” цанын бааз олон улсын стандартын шаардлага хангадаг уу. Таны дүү Г.Ганзориг “Милан-Кортина 2026” өвлийн олимпод оролцохоор бэлтгэлээ базааж эхэлсэн талаар дуулсан л даа.
-Бид тус баазад өдөр бүр бэлтгэл хийж, олон улсын тэмцээнд оролцоход ахиц дэвшил гарсан. Өвлийн улиралд улсын чанартай снөүбоардын томоохон тэмцээн 5-6 удаа болдог. Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгч, мэргэжлийн тамирчдад чансаа тогтоож, улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд оруулах санал тавьдаг.
Монголын снөүбоардын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Ганзориг “МиланКортина 2026” өвлийн олимпын эрхийн оноо олгох тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Түүнд ахын хувьд, дасгалжуулагчийн хувьд ч зааж зөвлөх, хурцалж зоригжуулах, бие, сэтгэл зүйн бэлтгэлийг нь сайтар хангаж, амжилтад хүргэх ёстой. Тэр ч гэсэн надад чадах, мэдэх зүйлээсээ хуваалцахдаа харилцан суралцаж, туршлага солилцдог. Бид өдөр бүр бэлтгэл хийхдээ, мөн олон улсын тэмцээнд оролцохдоо ч байнга өрсөлддөг. Тэмцээний талбарт хүчтэй өрсөлдөгч болж, өндөрлөснийх нь дараа ах дүүс болох жишээтэй. Снөүбоардын спорт олон төрөлтэй. Монголд параллел слалом, параллел жиант слалом төрөл түлхүү хөгжиж байна. Параллел слалом төрөл нь туг сүлжих юм. Энэ нь богино зайд уралддаг. Хамгийн бага хугацаа зарцуулсан нь түрүүлдэг. Бид энэ төрөлд улсдаа мэргэжлийн тамирчид бэлдэх боломжтой. Снөүбоардын спорт юунд ч хайрцаглагдаж хязгаарлагддаггүй. Би 2022 оны снөүбоардын чөлөөт үзүүлбэрийн төрөлд улсын аварга болсон. Тэгвэл параллел жиант слалом төрөлд тамирчид 185 см-ээс хоёр метрийн урттай снөүбоардаар уралддаг. Бид Монголынхоо орчин нөхцөл, боломж нөөцөд тулгуурлаж, амжилт гаргах төрлийг нь хөгжүүлэхээр хичээж байгаа.
-“Газарчин” дээд сургуулийг хятад хэлний орчуулагч, аялал жуулчлалын менежер мэргэжлээр төгссөн залуугийн сэтгэлийг снөүбоард хүчтэй татсан нь сонирхол татаад байх юм.
-Тус сургуулийг төгссөнийхөө дараахан БНХАУ-ын гадаад хэлний их сургуульд суралцан мэдлэгийнхээ түвшинг дээшлүүлж, эх орондоо 2017 онд ирсэн. Өвөө минь залуудаа тэшүүрийн тамирчин байлаа. Тиймээс би тамирчин болохоор зорьж, “Скай ресорт” цанын баазад цанаар гулгаж, мөсөн талбайд хоккей тоглож явсаар сүүлдээ снөүбоардоор хичээллэхээр шийдсэн. “iPhone 4” гар утсаа снөүбоардын тавцангаар сольж, “Нарантуул” худалдааны төвөөс зузаан гутал 20 мянган төгрөгөөр худалдан авч, хөлдөө анх удаа углаж үзсэнээр тамирчин болох гараагаа эхлүүлж байв. Тухайн үед Г.Ганзориг хүүхэд байхдаа надтай хамт хичээллэсэн юм. Тэрбээр эл спорттой нөхөрлөсөн цагаасаа хичээл зүтгэл гаргаж, олон улсын тэмцээнд оролцох эхлэлээ тавьсан. Биднийг анх хичээллэхэд аав минь бэртэж гэмтэнэ гэж бодсон уу, нэг их дуртай хүлээж аваагүй. Гэрийнхнээсээ нууцаар бэлтгэл хийн, тэмцээнд оролцож, улсын аваргаар шалгарлаа. Биднийг медаль хүртээд ирэхэд аав минь ойлгож, хүлээн зөвшөөрөх болсон доо. Улаанбаатар хотод “Скай ресорт” цанын бааз анх ашиглалтад орж үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд Монголын мэргэжлийн снөүбоардын холбооны ах нар зар сурталчилгаа хийж, үзэгчдэд танилцуулахыг нь хараад дүүтэйгээ хичээллэхээр ярилцаж байсан тэр үеийн дурсамж саяхных мэт бодогдож байна.
-“Эхлэл” клуб одоо олон тамирчинтай болжээ. Та анх байгуулсан гэл үү?
-Өөрийн хүслээр “Эхлэл” клубийг үүсгэн байгуулж, дасгалжуулагчаар нь ажилласан. Тэр үеэс энэ спортоор хичээллэдэг тамирчдыг олон улсын тэмцээнд хэрхэн оролцуулах вэ гэж байнга боддог байлаа. Тиймээс өөрийн анх хичээллэсэн параллел слалом, параллел жинат слалом төрөлд тамирчин бэлтгэхээр шаргуу зүтгэсэн. Спортын ямар нэг төрлийг хөгжүүлэхээр эхлэхэд тулгардаг асуудал бишгүй л гардаг. Монголд олон улсын стандартад нийцсэн цанын баазтай болсон нь снөүбоард, уулын цанын тамирчдыг ур чадвараа хөгжүүлэхэд их нөлөөлсөн. Олон улсын тэмцээнд тамирчидтайгаа оролцож, юу дутуу байгааг олж хараад хөгжүүлэхээр зорьсон юм. Гадаадаас ирээд цанын баазын удирдлагатай уулзаж, өглөө бүр тугтай сүлжих бэлтгэл хийснээр Азийн мэргэжлийн снөүбоардын холбооноос өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулсан тэмцээнд өөрийн шавь М.Есүйтэй хамт оролцож, хошой алтан медалийг улсдаа авчирлаа. Эрэгтэй тамирчдаас хүүхдийн ангилалд Д.Ууганзаяа, М.Тэгшдүүрэн нар мөнгө, хүрэл медаль хүртэж, олон улсын тэмцээнд хойшид амжилт гаргаж чадахаар болжээ гэсэн итгэл найдвар бидэнд төрүүлсэн дээ.
-Таныг мотоциклын тэмцээнд оролцохыг хараад түүний хувьд экстрим спорт өөрийгөө сорих хамгийн дуртай хобби байх нь гэж бодож байлаа.
-Экстрим спортод дурладаг минь өөрт ямар авьяас, ур чадвар, нөөц боломж байгааг олж мэдэхийг хүсдэг сониуч зантай минь холбоотой. Эр зориг, тэсвэр хатуужил, өндөр мэдрэмж шаарддаг спортоос тамирчин хүн өөрийгөө ялан дийлсэн таашаал авах нь гайхалтай шүү дээ. Би Монголд 2017 онд ирээд мотоцикл болон снөүбоардын спортоор зэрэг хичээллэсэн. Өвлийн улиралд снөүбоард, зун мотоциклтой нөхөрлөдөг. Мото спортоос эндуро төрөл сонирхлыг минь их татдаг. Энэ төрөлд Монголын тамирчдаас улсын таван удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер П.Төрбат тууштай хичээллэж, тив, дэлхийн тэмцээнд цөөнгүй оролцсон. Гаргасан амжилтаараа дэлхийн шилдэг тамирчидтай эн зэрэгцлээ. Түүнтэй хамт бэлтгэл хийж, эндуро мотоциклын цуврал тэмцээнд оролцож, замаа амжилттай дуусгаж, финиш хийсэн. Би Монголын мэргэжлийн эндуро мотоциклын холбооноос зохион байгуулсан шаврын уралдаанд хятад мотоциклын ангилалд түрүүлж, аварга болсондоо сэтгэл өндөр байдаг.
-Тамирчдаа тэмцээнд оролцуулахдаа дасгалжуулагч олон зүйлийг харж судалдаг. Таны ажиглаж, анзаардаг гол зүйл юу вэ?
-Тэмцээний үед тамирчдаа ажиглахад уралдаагүй байхдаа сэтгэлээр унасан харагддаг. Өрсөлдөгчдөө хараад өөрөөсөө илүү гэж шүтэн бишрэх, харьцуулах асуудал анзаарагдана. Монголын мэргэжлийн снөүбоардын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Хишигбаатар (Тино Алекс нэрээр улсдаа алдаршсан) тамирчдад сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг. Тэрбээр “Чи өрсөлдөгчөөсөө айвал түүний өмнө хэзээ ч гарахгүй. Түүнийг шүтэн бишрэх ямар ч шаардлагагүй. Яагаад гэвэл чи улсдаа шилдэг нь. Тэдэнтэй өрсөлдөхийн тулд Монгол Улсаа төлөөлж буй тамирчин. Би ялна, чадна, түрүүлнэ гэсэн бодолтой гараанаас гарвал амжилтад хүрнэ” гэж хэлдэг юм. Снөүбоардын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Ганзоригийн бэлтгэл сургуулилалт, амжилтын ард том баг, тусалж дэмждэг олон хүн ажилладаг. Тэд энэ спортыг улсдаа хөгжүүлэхийн төлөө амьдралаа харамгүй зориулж яваа. Спортыг хөгжүүлэхэд сэтгэл, зүтгэл, итгэл найдвар, дэмжлэг, хөдөлмөр, хичээл зүтгэл маш их нөлөөлдөг. Орчин нөхцөл нь ч амьдралаа, цаг хугацаа, зориг, золиос гаргахыг шаарддаг. Ингэж байж амжилтын тухай ярина шүү дээ. Энэ ташрамд, Монголын мэргэжлийн снөүбоардын холбооны удирдлага, Удирдах зөвлөлийн гишүүд мөн тус холбоог үүсгэн байгуулагч Г.Баттулга ах болон гар, сэтгэл нэгдэн хамтран ажилладаг хүмүүс, найз нөхөд, гэр бүл, баг тамирчдадаа маш их баярлалаа. Бидэнд чин сэтгэлээсээ тусалж дэмждэг “Скай ресорт” болон Орхон аймаг дахь “Сархиа” цанын баазын удирдлага, хамт олон, Монголын цанын холбоо, Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлага, хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье.