Нийслэлийнхний өглөөг эрч хүчтэй угтана гэсэн гэрэл гэгээтэй зорилго автобусны буудалд очиход л сарнин алга болдог нь гунигтай. Автобус хүлээсэн хүмүүсийн урт дараалал, бухимдалтай харц бол өнөөгийн нийслэлийн иргэдийн бодит дүр зураг. Автобус буудал дээрээ ирж, хаалгаа нээх төдийд л ар араасаа түлхэлцэж, бяцхан “дайн” өрнөдөг билээ. Хөл дээрээ гишгүүлж, үсээ зулгаалган, нүүрний будаг, гутлын шавхайгаа хэн нэгний хувцсанд арчих нь энүүхэнд. Аз таарвал автобусандаа амжиж сууна, хэрэв багтахгүй бол дараагийнхыг нь хүлээхээс өөр аргагүй. Учир нь өглөө, оройн оргил цагаар автобус нүдний гэм болчихдог.
Заримдаа автобуснууд ар араасаа уралдах шахуу ирэх нь бий. Гэвч алинд нь ч багтаж чадахгүй хоцрох нь түгээмэл. Ингээд арай гэж дотогш орж, тэнцвэрээ олох гэж бариул тэмтчих зуур жолооч тоормосоо гишгэн, зорчигчдыг автобусны арагшаа “чулуудаж”, хүнээ чигждэг уламжлалтай. Бүр хүн нэмж суух зайгүй болтлоо чихсэн байхад л “Цаана чинь зайтай байна шүү дээ арагшаа яв” гэж зандарна. Бас агааргүй, бүгчим орчинд олон хүн чихчхээд халаагуураа эцэст нь хүртэл нэмчихдэг. Амьдрах гэж ийн тэмцэж буй нийслэлчүүдийг автобусны цонхны цаанаас харвал шилэн хоргонд чихцэлдсэн загас мэт өрөвдөлтэй харагдана.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2023 онд нийтийн тээврийн жолооч нарын цалинг 1000 ам.долларт хүргэнэ гэж амласан. Үүний дагуу нийслэлийн ЗДТГ-аас 2024 оны төсөвт тодотгол хийж, нийслэлийн ИТХ баталснаар жолооч нар 2024 оны гуравдугаар сарын 1-нээс 3.5 сая төгрөгийн цалин авдаг болсон. Үүнтэй зэрэгцэн ТҮК-ийн ажилтнуудын цалинг ч адил хэмжээнд нэмэгдүүлж, “Дэрсэн шүүрийг том тоос сорогчоор солино. Техник, хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлнэ” хэмээн сүржин амлаж байсан нь саяхан. Гэвч бодит байдалд автобусны жолооч нар болон ТҮКийнхны цалин нэмэгдээд юу өөрчлөгдөв. Хот өнгө орж, үйлчилгээ сайжирсан уу гэвэл үгүй шүү дээ. Үндсэндээ юу ч өөрчлөгдөөгүйгээс гадна ТҮК-ийнхан үеэ өнгөрөөсөн дэрсэн шүүрээ барьж, хотын зам, талбайгаар тоос, шороо манаруулсан хэвээрээ. Автобусны жолооч нар ч хувийнхаа машинаар биднийг зөөж буй аятай аашилж, дургүй нь хүрэхээр “буу” гэж зандардаг нь бахь байдгаараа.
ЖОЛООЧ НАР ЗАРИМ БУУДАЛ ДЭЭР ЗОГСДОГГҮЙ, МАШ ХУРДТАЙ ЯВДАГ ГЭВ
Цалинг нь нэмснээс хойш тэдний ажил, амьдралд ямар өөрчлөлт гарсан талаар М1 чиглэлийн автобусны жолооч М.Эрдэнэбаяраас лавлахад “Би автобусны жолоочоор тавь дахь жилдээ ажиллаж байна. Бид өмнө нь сард 1.5 сая төгрөгийн цалин авдаг байсан. Цалин бага учраас ажиллах хүн ч олддоггүй. Сүүлдээ жолооч нарын олонх нь уул, уурхайн салбарт ажиллах болсон. Бид үүрээр 04.40 цагт гэрээсээ гардаг. Амралт багатай, ажиллах хүний орон тоо дутуу байв. Харин цалин нэмэгдсэнээс хойш залуус жолоочийн сургалтад сууж, хүн хүч олширлоо. Автобусны жолооч нар хүний амь насыг тээж яваа учраас нойр, хоол сайтай байх хэрэгтэй. Манай улсад жолооч, ТҮК-ийн ажилчдыг хамгийн бага цалин авах ёстой мэтээр ойлгодог. Угтаа бол жолооч нар гадаадад хамгийн өндөр цалинтай байдаг юм. Тэд хангалуун сайхан амьдардаг. Гэтэл манайд бол ноорхой хувцастай, бүдүүлэг хүмүүс мэтээр хардаг” гэлээ. Харин нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар зорчигчдоос тодруулахад жолоочийн харьцаа муу, автобус маш бохир, хог ихтэйгээс гадна оройн цагаар зарим буудалд зогсдоггүй, маш хурдтай явдгийг олонх нь хэлсэн юм.
Идэр есийн хүйтэн эхэлж, цасаар шуураагүй ч нийслэлд өнөөдөр хаа сайгүй халтирч уначихгүй юм сан гэсэндээ биеэ чангалж алхсан хүмүүс л байна. Зам, талбай нь ийм байхад автобус хүртэл нүдний гэм болсон нь харамсалтай.
НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭРСЭН ШҮҮРЭЭР ХЭМЖИЖ БОЛНО
Үүсгэн байгуулагдаад хэдийн 386 жил болсон нийслэл Улаанбаатар хотын хөгжлийг ердөө дэрсэн шүүрээр нь хэмжиж болно. Үеэ өнгөрөөсөн XX зууны дэрсэн шүүр бол өнөөгийн нийслэлийн цэвэрлэгээний гол “зэвсэг”. Ийм шүүр ашигладаг улс битгий хэл, айл ч байхгүй болсон өнөө үед ТҮК-ийнхан маань өвөл, зунгүй л үүнтэй зууралддаг нь үнэн. Зөвхөн нэг дүүрэг л гэхэд жилд 100 гаруй сая төгрөгөөр дэрсэн шүүр худалдан авах тендер зарладаг. Тэгэхээр ганцхан жилд зөвхөн нийслэлд дэрсэн шүүр худалдан авахад дор хаяж 900 сая төгрөг зарлагаддаг байх нь. Гэтэл энэ олон жилийн хугацаанд манай дарга нарт дэрсэн шүүрийг шинэ технологиор орлуулах боломж үнэхээр байсангүй юу, эсвэл зүгээр л хүссэнгүй юү. Магад үүний цаана хэн нэгний ашиг сонирхол хөндөгдөөд байна уу ч гэж хардахаар. Дэрсэн шүүрээсээ ч ангижирч чадахгүй байж эвдэрч, хэмхрээгүй бордюр сольж, гантиг чулуун явган хүний зам хийх нь дарга нарын хувьд гаршсан ажил гэж хэлж болно. Туршлага судлах нэрээр хэрэгцээгүй цай, кофены зардалд хэдэн арван саяыг үрдэг хэрнээ гол ажлыг нь нугалж буй ТҮК-ийнхны техник, хэрэгслийг шинэчлэхэд огт анхаардаггүй. Үндсэндээ ТҮК-ийнхны цалинг нэмлээ ч тоног, төхөөрөмжийг нь сайжруулахгүй юм бол хөхөө өвлийн хүйтэнд хүрз, лоом, дэрсэн шүүрээ чирээд явах тэдний ажлын бүтээмж төдийлөн нэмэгдэхгүй. Улмаар иргэд энд тэндгүй халтирч унан, шавар шавхайтай холилдож байна.
АЖИЛЧДЫН ТОО Л НЭМЭГДЭВ
Нийслэлийн хэмжээнд одоогоор тохижилт үйлчилгээний 40 компанийн 1150 ажилтан 102 тусгай зориулалтын машин, техник, хэрэгсэлтэйгээр нийтийн эзэмшлийн гудамж, талбайг цэвэрлэж байна. Тэгвэл тэдний цалинг нэмснээр гарсан хамгийн том өөрчлөлт бол эл салбарт ажиллах хүн олширсон нь аж. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл өвөл, зун, хавар, намаргүй, халуунд халж, хүйтэнд хөхөрч яваад 1.5 сая хүрэхгүй төгрөгийн цалин авахыг хэн ч хүсэхгүй. ТҮК-ийнхан бол хүнд хүчир нөхцөлд, цас, бороог үл ажран та, биднийг цэвэр цэмцгэр орчинд амьдруулахын тулд эрүүл мэндээ золиослон ажилладаг хүмүүс. Ийм хүнд нөхцөлд ажилладаг учраас залуус төдийлөн тэсэж, тэвчиж үлдэх нь ховор. Тиймээс тэтгэвэрт гарсан ахмадуудаа ажиллуулах нь түгээмэл тул эл салбарт ажиллах хүн хүч хүрэлцээгүй болохын цагт л Хотын дарга тэдний цалинг 3.5 сая төгрөг болгон нэмэгдүүлж, далимд нь нэр хүндээ өсгөөд амжсан. Гэхдээ цалин нэмэгдэж, ажиллах хүч олширсон ч үйлчилгээ сайжирсангүй.
Сонгинохайрхан дүүргийн ТҮК-ийн ажилтан Н “Бидэнтэй хамт ганцхан цаг л ажиллаад үзээрэй. Тэгээд л бүх зовлонг нь мэдэрнэ. Цалин нэмэгдсэнээс хойш залуучууд ажиллах нь нэмэгдсэн нь сайшаалтай. Уг нь Хотын дарга Х.Нямбаатар төв замаар автомат төхөөрөмж явуулна гээд их шийдэмгий ярьж байсан. Яг үнэндээ энэ нь хөрсөн дээрээ буухгүй, бид урьдын адил шороо манаргаад, хүмүүсийг уурлуулан барин ажлаа хийсээр л байна” гэсэн юм. Харин Хотын дарга Х.Нямбаатар “Цэвэр цэмцгэр, аюулгүй хотыг бий болгох гол тулгуур багана нь Тохижилт үйлчилгээний ажилтнууд. Намайг хотын даргаар томилсон 2023 онд хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээний тусгай зориулалтын машин техникүүдийн хүрэлцээ муу, өвлийн улиралд давс, бодисыг машин дээрээс гараар цацдаг байлаа. Бас явган замын цас, мөсийг гараар болон цохиураар цохих, шүүрдэж цэвэрлэх зэрэг нь хэвийн үзэгдэл байв. Тиймээс эл хандлагыг халж, гар ажиллагааг багасгаж, орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр парк шинэчлэл хийх ажлыг эхлүүлж, 2023 онд нийт 87 машин техник, 2025 онд 241 тусгай зориулалтын машин техник худалдан авсан. Эдгээрийг таван жилийн хугацаанд, урьдчилгаагүй, хүүгүй лизингээр гүйцэтгэгч байгууллагуудад гэрээлж өгснөөр санхүүгийн хүндрэлгүйгээр паркаа шинэчлэх боломж бүрдүүлсэн” гэж саяхан мэдээлсэн билээ.
ТӨЛСӨН ТАТВАРТАА ТОХИРОХУЙЦ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЭРХТЭЙ
Харин нийслэлчүүд бид эдгээр шинэ техник, хэрэгслийг бус, гудамж, талбайд хүрз, лоом, дэрсэн шүүр барьсан ТҮК-ийнхныг л хардаг. Уг нь хав дарах гэж л хэдэн зуун саяар шинэ техник, хэрэгсэл цуглуулдаггүй байлтай. Нөгөөтээгүүр, дарга нарын баруун, солгойгүй үрээд буй мөнгө үр дүнтэй зүйлд зарцуулагдахгүй байгааг үүнээс харж болно. Иргэдийн хөдөлмөрлөж олсон цалингаас төр нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, НӨАТ гэх мэтээр олон татаас авдаг. Нийгмийн даатгалын шимтгэлд л гэхэд хувь хүн цалингийн 11.5, ажил олгогч 12.5 хувийг төлнө. Түүгээр зогсохгүй хувь хүний орлогын албан татвар болон НӨАТ тус бүр 10 хувь гэх маягаар нэмэгддэг. Иргэдийн зүдэрч олсон мөнгө ийнхүү төрийн дансанд хэдээр авсан, ямар хүчин чадалтай нь мэдэгдэхгүй, хэн ч хэрэглэдэггүй “нууц” болон хувирч байна. Уг нь бид татвар төлснийхөө төлөө чанартай үйлчилгээ авч, тэр хэрээр амьдралын чанар бага багаар сайжрах ёстой.
Хотын амьдралын чанарыг сайжруулахын тулд ажилчдын хөдөлмөрийг үнэлэх нь зүйтэй. Гэвч цалин нэмэх ганцхан алхам бүх асуудлыг шийдэж чадахгүй. Автобусны жолооч нар эелдэг харилцаатай, Улаанбаатар хот цэвэр цэмцгэр байхад удирдлагын тогтолцоо, сургалт, хяналт, иргэдийн хандлага зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, хотын өнгө төрх, үйлчилгээний чанарыг цалингаар бус, ажилтнуудын харилцаа хандлага, соёл, технологийн дэвшлээр тодорхойлох учиртай.
Э.Сондор