2026 оны улсын төсөв батлагдсантай холбогдуулан сайд нар мэдээлэл өглөө. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан багш, эмч нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Багш, эмч нарын цалингийн 874 тэрбумын нэмэгдэл нь инфляцид бага зэрэг л нөлөөлнө. Тухайлбал, Монгол Улсын 2026 оны төсвийн алдагдал анх ДНБ-ийн 1.5 их наяд төгрөг байсан, УИХ алдагдлыг 1.1 их наяд болгон бууруулж, баталлаа. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд бол урсгал зардал 24.9, хөрөнгийн зардал 8.6 гээд том тоонууд өөрчлөгдөөгүй.
2026 оны төсөв УИХ-д өргөн баригдсанаас хойш гишүүд, ажлын хэсэг дээр гарсан саналын дүнд салбаруудад орсон өөрчлөлтийн нийт дүн нэг их наяд 351.3 тэрбум болж байгаа. Үүнээс 884 тэрбум нь цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зориулагдаж байна. Зөрүү 80-аад тэрбум нь бусад урсгал зардал дээр гарч байгаа өөрчлөлт. Хөрөнгө оруулалтын зардлын өөрчлөлт 382.1 тэрбум буюу 28 хувь. Эдгээр зардлууд нэмэгдсэн зүйл байхгүй, одоо байгаа урсгал зардал болон хөрөнгө оруулалт дээр зохицуулалт хийж, нэг зардлаас нөгөө зардал руу шилжиж байгаа гэсэн үг. Тэгэхээр инфляцид ирэх дарамт нь бага байна гэсэн үг" хэмээв.