Монгол Улсын шатрын өсвөр үеийн шигшээ баг, “Босоо ноён” клубийн тамирчин, Баянзүрх дүүргийн 183 дугаар сургуулийн М.Ариунаа багштай 4(3) бүлгийн сурагч Б.Энхмандал 2020 оноос эхлэн оюуны спортоор хичээллэжээ. Дэлхийн шилдэг тамирчин, супер их мастер болох зорилготой тэрбээр одоо есөн настай. Өсвөр үеийнхний УАШТ-ий (2022, 2024, 2025 онд аварга болсон) гурван түрүүтэй. Өмнөд Америкийн Панам улсын Панам хотод 2022 онд зохион байгуулсан сурагчдын ДАШТ-д VII байр эзэлж, дараа жил нь Узбекистаны Ташкент хотыг 2023 онд зорин сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний шагналт V, өнгөрсөн жил өсвөр үеийнхний “Дэлхийн цом”-д VII байртшалгарсан юм. Дотоодын томоохон тэмцээнээс 2023, 2024 онд “Цодгор хүү” сурагчдын УАШТ-ий хошой мөнгөн медальт түүнийг “Шинэ танил” буланд онцоллоо.
-Баянзүрх дүүргийн 183 дугаар сургуулиас төрсөн шатрын шилдгүүдийн нэг нь та. Ширээний теннисээр хичээллэж байсан хүүг хэн оюуны спорт руу хөтлөв?
-Манай сургууль шатрын клубтэй. Өвөө, аав хоёрын шатар тоглохыг харах сонирхолтой санагддаг байлаа. Сэлэнгэ аймгийн “Таван хан” шатрын клубт анх хичээллэж, спортын гараагаа эхлүүлсэн. Улаанбаатар хотод ирснийхээ дараахан “Алаг морьт” клубийн дасгалжуулагч Д.Ганбаатар багшийн удирдлагад бэлтгэлээ үргэлжлүүлж, түвшингээ ахиулсан юм. Багш бодлого их бодуулдаг байсан нь хожим амжилт гаргахад багагүй нөлөөлсөн гэж боддог. Шатрын бодлого тооцоолол, тактик сайжирдаг юм билээ. Надад шатрын эрдмээс харамгүй заасан буурал багшдаа их баярладаг. Тэрбээр тэмцээнд оролцох бүрд “Шавьдаа амжилт хүсье. Сайн тоглоорой” гэж амжилт хүсдэг байв.
-“Стейниц Монголын шатрын академи”-ийн дасгалжуулагч Г.Мөнхбаярын шавь байхдаа улсын аварга болсон санагдах юм.
-Дотоодын томоохон тэмцээнд өрсөлдөхийн тулд ур чадвараа дээшлүүлэх шаардлага гарсан. Тиймээс Г.Мөнхбаяр багшийн клубт хичээллэж, 2022 онд зохион байгуулсан УАШТ-д зургаан настнуудын ангилалд оролцсон юм. Тэмцээн эхлэхийн өмнө аавдаа “Би бүх өрсөлдөгчөө ялж түрүүлнэ” гэж хэлсэн. Тэр амлалтаа биелүүлж, нэг ч хожигдолгүй тоглоод улсын аварга болж байв. Улсын тэмцээнээс хүртсэн алтан медаль маань араасаагурван цом дагуулсан. Монголд миний насны ангилалд тоглодог шилдэг тамирчин олон бий. Тэдэнтэй ана мана өрсөлдөж түрүүлэх амаргүй.
-Медаль хүртэнэ гэдэг бэлтгэл сургуулилалтаа сайн хийсний үр дүн шүү.
-Улсын тэмцээнд түрүүлэх зорилго тавьж оролцдог. Намайг медаль хүртэхээр аав, ээж “Хүүдээ баяр хүргэе. Миний хүү сайн тоглолоо. Дараагийн тэмцээнд нь амжилт хүсье. Өмнөхөөсөө илүү хичээгээрэй” гэж урам хайрладаг. Шатраар хичээллэснээс хойш хичээлдээ идэвхтэй болж, сурлага маань дээшилсэн. Тэр дундаа математикийн хичээлдээ сайжирч байгаа. Тамирчид тэвчээр хатуужлаас суралцах ёстой. Би өмнө нь ширээний теннис нэг хэсэг тоглосон. Шатарчид бэлтгэлээ олон цаг сууж хийдэг. Тэмцээний ачаалал даах чадварыг теннисээр хичээллэдэг байхдаа сурсан. Миний хувьд улсын аваргын гурван түрүүтэй. Аварга болсон тамирчид амжилтаа бууруулахгүй тоглохыг хичээдэг. Багш нараас гадна гэрийнхний минь дэмжлэг амжилт гаргахад нөлөөлсөн.
-Та одоо “Босоо ноён” клубт харьяалагддаг. Э.Энхнар багшийн шавь нартаа зөвлөдөг гол зүйл юу вэ?
-Миний хувьд тус клубийн дасгалжуулагч Э.Энхнар, Б.Очирсүх багшийн удирдлагад гурванжилхичээллэж, гадаад, дотоодын тэмцээнд цөөнгүй оролцлоо. Бидэнд “Медаль бодохоос илүү өрөг бүрээ чанартай болгож нүүдэл хийгээрэй. Хамгийн сүүлчийн өрөгт өөрт байгаа бүх хүчээ дайчил. Хүчтэй хүнийг аз түшдэг юм” гэж хэлдэг. Харин аав “Энхийн цагт хөлс их урсгавал дайны талбарт цус бага урсана” гэж хурцалж зоригжуулдаг.
-Медалиудаа харахаар өмнөх тэмцээнүүдийн чинь дурсамж бодогддог уу?
-Цомнуудаа хараад шилдгүүдтэй дахин өрсөлдөж, өөрийгөө соримоор санагддаг. Өнгөрсөн жил хилийн дээс алхаж Гүржийн Батуми хотод болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцсон. Дараа нь Узбекистаны Ташкентыг зорьж, Азийн АШТ, мөн Панам улсад зохион байгуулсан сурагчдын ДАШТ-д өрсөлдлөө. Энэ мэтчилэн шатрын спорт намайг тив, дэлхийн олон оронд хөл тавиулсан. Очсон орнуудаас Гүрж улсын цаг агаар, орчин нөхцөл их таалагдсан. Намайг гадаадын тэмцээнд оролцох бүрд аав хамт явдаг. Тив, дэлхийн тамирчидтай тоглоход аав, багш хоёр ард минь түшиг тулгуур болдог. Тиймээс өөртөө итгэлтэй, зоригтой өрсөлддөг. Намайг анх тоглож сурсан цагаас аав дагаж явсаар байгаад шатарт дуртай болж, одоо улсын шүүгчээр ажилладаг.