Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, цаг агаарын аюулт үзэгдэл болохыг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлсэн. Тэгвэл энэ сарын 6-7-нд цасан шуурганы улмаас төөрсөн, сураггүй болсон гурван дуудлага онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж, нэг хүн нас баржээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Төгрөг, Булган аймгийн Дашинчилэн, Дорнод аймгийн Баян-Уул сумд төөрсөн, сураггүй болсон гурван удаагийн дуудлага бүртгэгдэж, хоёр иргэнийг эсэн мэнд олсон бол нэг хүн нас барсан байжээ. Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн М энэ сарын 6-нд 11.00 цагт гэрээсээ явганаар гараад сураггүй болсон дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, цагдаагийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, эрэн хайсан боловч тус иргэний цогцсыг маргааш өглөө нь 08.10 цагт олсон байна. Харин Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Эрээн уулын нөмөр гэх газар мотоциклоор хонь хариулж яваад сураггүй болсон 13 настай хүүг эсэн мэнд олжээ. Мөн Булган аймгийн Дашинчилэн сумын Бригадын төв гэх газар тус сумын харьяат иргэн А энэ сарын 7-нд 00.20 цагт саахалт айлаасаа гэр лүүгээ харихаар мотоциклоор гараад сураггүй болсныг сумын онцгой байдлын байгууллагын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 03.15 цагт эсэн мэнд олсон байна.
Ташрамд, энэ долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хагаст хүйтэн байх нь. Маргааш баруун болон төвийн аймгуудын зарим газар, нөгөөдөр төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгийн зарим газраар цас орж шуурах нь.
Ч.Болор