УИХ-ын гишүүн Ж.Баясгалан мэдээлэл өглөө. Тэрээр "Төсөв хэлэлцэж эхлэхээс өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг анхаараач, өгөөч гэдгийг удаа дараа Ерөнхий сайд болон УИХ-ын дарга нарт уламжлалж ирсэн. Улмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, халамж нэмэх асуудал өнгөрсөн баасан гарагийн чуулганаар авч хэлэлцээд 66 гишүүний саналаар дэмжигдсэн ч шадар сайд гүйцээн боловсруулах чиглэл авъя гэж санал гаргаснаар дахин санал хураахаар болсон. Улмаар хагас, бүтэн сайнд ТБХ ярилцаад тодорхой хэмжээнд үр дүнд хүрлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох, 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох асаргааны мөнгө, хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ харж байгаа иргэнд гэсэн гурван төрлийн халамж авдаг. Үүнээс ирэх оны төсөвт Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 хүртэлх насны хүүхдийн асаргааны тэтгэмжийг 20 хувь хүртэл нэмэхээр ажлын хэсэгт тооцоолол оруулсан. Өөрөөр хэлбэл, 20 хувь хүргэхэд зам, барилгатай холбоотой төсвөөс 30 орчим тэрбум төгрөгийг хэмнэх хэрэгтэй. Анх өргөн баригдсан төсөвт 6 хувь нэмж, 17 мянган төгрөгөөр өсөх байсан бол 20 хувиар буюу 80 мянган төгрөгөөр нэмэгдэхээр боллоо. Төр засаг өнөөдрөөс эхлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг, бид нар бас дуугарч жагсаж, цастай, хүйтэн байсан ч бид эрхийнхээ төлөө нэгдсэн гэдгийг ойлгуулж чадсан байх гэж бодож байна. Асаргааны мөнгө 397000 мянган төгрөг 80 мянган төгрөгөөр нэмэгдээд 477500 боллоо" гэх мэдээллийг өглөө.