1999 онд баталсан Гэр бүлийн тухай хуульд өнөөг хүртэл нийт найман удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч эдгээр нь эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй гэр бүлийн харилцааг зохицуулахад учир дутагдалтай байгааг судлаачид хэлдэг. Харин ХЗДХЯ-наас 11 бүлэг, 88 зүйл бүхий Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна. Засгийн газрын аравдугаар сарын 29-ний хуралдаанаар Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн юм. Үүнд хүүхэд үрчлэх, тээгч эмэгтэйтэй гэрээ байгуулж, хүүхэдтэй болох, гэрлэлтийн гэрээ байгуулах, хамтын амьдралыг гэрлэлттэй адилтгах, гэр бүлээс гадуурх харилцаа тэргүүтэйг зохицуулсан, хүн бүрд хамаатай анхаарах заалтууд тусгаад буй. Тун удахгүй УИХ-аар хэлэлцэх гэж буй тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор М.Мөнхнарантай ярилцлаа.
-Тус шинэчилсэн найруулга дахь гэр бүлийн эрх зүйн суурь ойлголтын өөрчлөлтийг судлаачийн хувьд та хэрхэн харж байна вэ?
-Уг хуулийн төсөл “Төр хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаална” буюу гэр бүлийн хүчирхийлэлд өртөмтгий, эмзэг хүмүүсийг нэн тэргүүнд хамгаалахад чиглэсэн. Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагааг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр хуульчилсантай холбогдуулан уг харилцааг нарийн, дэлгэрэнгүй зохицуулсан ийм хууль шүүгчдэд тун ач холбогдолтой гэж бодож байна.
-Шүүх гэрлэлт цуцлахдаа нэхэмжлэлийн шаардлагаас үл хамааран хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, эцэг, эхийн хүүхэдтэйгээ уулзах хугацаа, байршлыг тогтоон өгч буй нь тун хэрэгтэй заалт шиг санагдлаа. Салсныхаа дараа хүүхдээ эцэг, эхтэй нь уулзуулахгүй, тас хориглох тохиолдол түгээмэл шүү дээ.
-Тусдаа амьдарч байсан ч эцэг, эх хүүхэдтэйгээ уулзах эрх, үүрэгтэй. Тухайлбал, “Би хүүхэдтэйгээ уулзмаар байдаг ч манай эхнэр хориглоод байна. Фэйсбүүкт блоклосон” гэдэг. Шинэ зохицуулалтад “Эцэг, эхийн эрх, үүргээ хэрэгжүүлэх гэрээ”-тэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэж буй нь хүүхдийн эрхийг хангахад чухал ач холбогдолтой гэж хэлнэ. Бусад улсад гэрлэгчид хэрэв салсан тохиолдолд хүүхдээ тэгш оролцоотой өсгөх үүрэгтэй байх нь бий. Харин манай оронд зөвхөн ганц эцэг, эхэд л асрах эрх олгодог тогтолцоотой. Ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд хүүхдээ авч үлддэг нь үнэн. Манай эмэгтэйчүүд хүнд муугаа үзүүлэхгүй, хүний дор орохгүй гэсэн зангаасаа болоод амьдралаа ганцаараа авч явах гэж их хичээдэг. Гэхдээ хүүхэд ээж, аавтайгаа уулзах эрхтэй. Хүүхдийн эрхийн тухай конвенцод “Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсөн цагаасаа нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг, эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ” гэсэн.
Нөгөөтээгүүр, Монголд ганц бие ээж маш олон. Шүүхийн шийдвэрүүдээс харвал ээжүүд хүүхдээ хүчирхийлсэн тохиолдол элбэг. Түүнч¬ лэн тэтгэмжийн хэмжээ, нэмэлт зардал, сургалтын төлбөрийг хариуцах асуудлыг шүүх бие даан шийдвэрлэхээр тусгасан нь их зөв. Эхнэр нөхөр гэрлэлтээ цуцалж, тэтгэмжээ дараа нь өгөхөөр тохиролцдог ч “Энэ муу надаас салсан, намайг хуурсан юм чинь” гээд шарандаа хүүхдээ үнэтэй сургуульд сургах нь ч бий. Эдгээр заалт нь гэрлэлт цуцалсны дараа үүсдэг маргааныг цэгцлэх давуу талтай юм. Ээж, аав нь салах нь тусдаа асуудал. Гэр бүлийн эрх зүйд гэрлэгчид болон эцэг, эх, хүүхдийн харилцаа ангид.
-Ээжүүд хүүхдээ хүчирхийлсэн тохиолдол элбэг гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Шүүх ихэнх тохиолдолд ээжид асран хамгаалах эрх олгох маягаар шийдвэрлэж байгаа. Японд ч тийм. Ер нь Азийн орнуудын соёл шүү дээ. Хүүхдээ ганцаараа өсгөх нь маш их ачаалал, стресс. Тэр байтугай хүүхдээ харах ч сонирхолгүй хүн байдаг. XXI зуун болчхоод байхад гэртээ өлсөж үхсэн хүүхэд Японд их бүртгэгддэг. Жишээ нь, Токиод амьдардаг нэг эмэгтэй найз залуутайгаа өөр муж руу аялахаар явахдаа гурван настай охиноо гэрт нь цоожлоод долоо хоноод ирэхэд хүүхэд нь өлсөж үхсэн байдалтай олдсон. Харин манайд хүүхэд асрахад гэр бүлийн бусад гишүүн туслах хандлага харьцангуй их. Тэгэхээр ганц бие ээжүүд хүүхдээ ар гэртээ даатгаад, ажил эрхлээд явах боломжтой. Гэхдээ бусдад хүүхдээ үлдээгээд явна гэдэг нь үнэндээ үл хайхрах хүчирхийлэл. Ямар ч шалтгаантай байсан хүүхдэдээ цаг зарцуулж, эрхийг нь эдлүүлэх ёстой юм.
-“Эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас мэргэжил, арга зүйн дэмжлэг авч, хамтран ажиллаж болно” гэжээ. Үүнийг бодитоор хэрэгжүүлэх боломжтой юу?
-Үүнийг нарийвчлах, эсвэл үүнтэй холбогдсон журам гаргахдаа анхаарах нь зүйтэй. Хуульд ийнхүү тусгасан ч хэрхэн хамтарч ажиллах нь тодорхойгүй байвал хүүхдийн эрхийг хамгаалах суурь зорилго нь алдагдах болов уу. Эвлэрүүлэн зуучлагчид өндөр ачаалалтай ажилладаг шүү дээ. Эвлэрүүлэн зуучлагчийн орон тоог нэмэх байдлаар тэдний ачааллыг багасгавал гэр бүлүүд эвлэрэх тохиолдол ихэснэ.
-“Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө хоорондоо садан, төрлийн холбоотой, эсэхээ мэдэх зорилгоор өөрийн хүсэлтээр, эсхүл сонирхогч талын шаардлагаар ДНХ-ийн удам зүйн шинжилгээнд хамрагдана” гэсэн нь сонирхол татлаа. Манай улсын хүн амын 6.1 хувь нь цус ойртсон байх магадлалтай гэдэг юм билээ.
-Бид зан заншлын хэм хэмжээнийхээ дагуу садан, төрлийн хүнтэйгээ гэрлэх ойлголт байхгүй. Тухайлбал, Турк, Пакистанд үеэлүүд хоорондоо суух нь түгээмэл. Цаг хугацааны явцад хөгжлийн бэрхшээлтэй, бөгс нь битүү, амьдрах чадваргүй, тусгай хэрэгцээ шаардсан хүн ам ихээр бий болж буйг хуульчид нь шүүмжилж, ДНХ-ийн шинжилгээний дагуу гэрлэлт бүртгэдэг болсон. Миний судалгааны зорилгоор авсан мэдээллийн дагуу, орон нутгийн нэгэн аймагт 20 орчим насны хоёр үеэл хоорондоо гэрлэсэн байгаа юм. Гурван хүүхэд төрүүлэхэд гурвуулаа бөгс нь битүү гарч, эцэстээ эмэгтэй нь сэтгэцийн асуудалтай болсон. Хотжилт тэлэхийн хэрээр сар шинийн баяраар уулзах хүмүүс ч цөөрч, ураг, төрлөө мэдэх нь багассан шүү дээ. Тодорхой шалтгааны улмаас эцэг, эхээ мэдэх боломжгүй байсан хүн байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс эл заалтыг зайлшгүй тусгах ёстой. Намайг Мөнхтүвшингийн Мөнхнаран гэдэг ч ургийн овог маань өөр. Уг нь би ургийн овгоороо овоглох ёстой. Ураг, төрлөө тааруу мэдэхэд ийм хүчин зүйл ч нөлөөлж байгаа.
-Гэрлэлт цуцлах шалтгааны 20 орчим хувийг гэр бүлээс гадуурх харилцаа эзэлж байна. Үүнийг бууруулахын тулд гэрлэгчдийн эрх, үүргийг нарийвчиллаа хэмээн танилцуулсан. Гэрлэгчдийн эрх, үүргийг өөрчилснөөр гэр бүлээс гадуурх харилцаа буурна гэж үзэж буй нь учир дутагдалтай юм биш үү?
-Тийм. Энэ хуульд гэр бүлээс гадуурх буюу нууц харилцааны асуудалд их ач холбогдол өгч, тусгайлан зохицуулсан нь судлаачийн зүгээс харахад төдийлөн зөв биш. “Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцалсан бол буруутай гэрлэгчээс нөгөө тал сэтгэл санааны хохирол нөхөн төлүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэсэн нь энэ хуулийг маш радикал феминист хандлагатай болгосон байна. Гэр бүлээс гадуурх харилцааг эрэгтэйчүүд үүсгэдэг гэсэн хэвшмэл ойлголт нийгэмд байгаа. Үүгээр тогтохгүй “Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцалсан бол энэ хуулийн 45.1д заасны дагуу хүүхэд нь гэр бүлээс гадуурх харилцааг үүсгэсэн буруутай эцэг, эсхүл эхээ тэжээн тэтгэхгүй байж болно” гэж байгаа юм. Амьдрал баялаг шүү дээ. Гарын таван хуруу (1983) киног Шагдарын зүгээс харвал их ганцаардмал эр. Уг нь их сайн аав. Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн ч хүүхдийнхээ хувьд сайн ээж, аав байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн эцэг, эх нь өтөл насанд хүрэхэд тэжээн тэтгэхгүй байж болох зохицуулалт орсон нь зүйд нийцэхгүй.
-Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн хүн, ялангуяа гуравдагч этгээдэд хатуу хариуцлага тооцохыг олон нийтийн зүгээс шаарддаг. Гэтэл нийгмийн харилцаанаас хуульчилж болох, үл болох зүйл гэж бий. Өнөөгийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Хайр сэтгэл хуульчлагддаггүй” хэмээсэн нь тухайн үед маргаан дагуулж байв.
-Багш болон судлаачийн зүгээс хариулахад, энэ бол маш зохимжгүй зүйл. БНСУ-д гэр бүлээс гадуурх харилцааг “Садарлах” гэсэн зүйлээр тодорхойлж, шийтгэл оногдуулдаг байсан ч Үндсэн хуулийн шүүхээс нь уг зохицуулалтыг Үндсэн хууль зөрчсөн, хүний эрхэд нийцээгүй гэж үзсэн. Гэрлэгчид бие биедээ үнэнч байх үүрэгтэй ч бэлгийн хамтрагчаа чөлөөтэй сонгох, романтик судлаачдын хэлдгээр хайрлах, хайрлагдах эрхтэй. Муухайгаар хэлбэл нууц амрагийн цаана ч хүний нэр төр яригдана. Гэр бүлээс гадуурх харилцаа үүсэх суурь шалтгаан нь жендерийн хэвшмэл ойлголт.
Энэ хууль гэр бүлээс гадуурх харилцаанд хэт төвлөрсөн тал анзаарагдсан. Гэрлэлт цуцалсны дараа эрэгтэйчүүд бараг өмссөн хувцастайгаа л үлддэг. Аливаа гэр бүлийн маргаан эмэгтэйн талд шийдэгдэх нь түгээмэл байна. Тэр байтугай Гэр бүлийн тухай хууль гэхээр хууль тогтоогчид эмэгтэй улс төрчдөд л хамаатай юм шиг тэдэнд хариуцуулж үлдээх хандлагатай. Хууль тогтоогч эрэгтэйчүүд ч үүнд анхаарч, агуулгыг тэнцвэржүүлэх талд ажиллаасай гэж хүсмээр байна.
-“Эрүүл мэндийн шалтгаанаар өөрөө жирэмслэх, ураг тээх, хүүхэд төрүүлэх чадваргүй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон эмэгтэй нөхөн үржихүйн туслах аргыг ашиглан Донорын тухай хуульд заасны дагуу тээгч эмэгтэйтэй гэрээ байгуулж, хүүхэдтэй болж болно” гэснээр цаашид үүсэх маргааныг хялбар шийдвэрлэх боломжтой болжээ. Ер нь ийм харилцааг тойрсон санаанд оромгүй тохиолдол шүүхийн практикт их гардаг шүү дээ.
-Эхнэр, нөхөр хоёр хүүхэдтэй болох гэж олон жил оролдсон ч бүтээгүй. Нөхөр нь тээгч эхэд хандъя гэдгээ эхнэртээ хэлж чаддаггүй байсан. Ингээд нөхөр нь тээгч эхээр үр тээлгүүлсэн байгаа юм. Нэг л өдөр нөхөр нь хүүхдээ тэврээд ороод ирж. Мөн 20 орчим жилийн өмнө 18 настай охин хотод ирсэн хойно мөнгө хэрэгтэй болоод тээгч эх болжээ. Төрснийхөө дараа хүүхдээ өгөхийг хүсээгүй. Харин шүүх 18 настай охиныг ээж нь мөн гэж шийдсэн жишээтэй.
Нөхөн үржихүйн туслах аргыг ашиглах гэрээ байгуулсан үр хөврөлийн донор, эсхүл тээгч эмэгтэй өөрийгөө эцэг, эхээр тогтоолгох нэхэмжлэл гаргах эрхгүйгээс гадна тээгч эмэгтэй хүүхдийн эцэг, эхийг хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалж, хүчирхийлэлгүй, эсхүл тогтвортой гэр бүлийн орчинд өсгөж чадахгүй нөхцөл байдал бий болсон гэж үзвэл хүүхдийг өөрийн төрсөн хүүхдээр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргах боломжтой байдлаар тусгажээ. Нөхөн үржихүйн туслах аргыг ашигласны үр дүнд төрсөн хүүхдийн эцэг, эхийг тогтоох гэсэн энэ хэсгийг анзаарвал их цөөхөн заалттай байгаа. Үүнээс илүү нарийвчлаад хэрэггүй болов уу.
-Энэ хуульд “Асралт гэр бүл” гэсэн ойлголт байна. Энэ талаар та тайлбарлаж өгөхгүй юү?
-2016 оны Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхдийг өөрийн гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх заалт байсан ч төдийлөн нарийн зохицуулаагүй. Харин 2024 онд уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “асралт гэр бүл” буюу гэр бүлээсээ тусгаарлагдсан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг гэрээнд заасан хугацаанд асран халамжилж байгаа хүүхдийн төрөл, садны биш гэр бүлийн тухай ойлголтыг тусгасан юм. Ийм гэр бүл олон болоосой гэж боддог шүү. Асран хамгаалах хүнгүй үлдсэн хүүхэд хамаатныхаа айлд очоод хүчирхийлэлд өртсөн олон тохиолдол байна.
-Гэрлэлт цуцлах тусгай журамд гэрлэгчид эвлэрэх боломжгүй, эсвэл гэрлэгчийн байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон, эсхүл тодорхой хугацаанд хамтран амьдраагүй нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж болохоор тусгасан байна л даа. Энэ нь жендерийн эрхийн хамгааллын хувьд дэвшилттэй алхам болж чадах уу?
-“Gem mall” худалдааны төвд болсон хэргийг бодъё л доо. Сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүмүүс түүнийгээ цагдаад яаж илэрхийлэх, өөрсдийгөө хэрхэн хамгаалахаа мэддэггүй. Бие махбод, сэтгэл санаа, бэлгийн, эдийн засгийн гэсэн хүчирхийлэл байна. Гэрлэгсдийн дунд бие махбодын хүчирхийллийг чухалчилж анхаардгаас бусдыг нь үгүй. Хэрэв бусад төрлийн хүчирхийлэл ч гэр бүлд байна гэж үзвэл эвлэрүүлэн зуучлалгүй салах ёстой. Хүсээгүй байхад нь бэлгийн хавьталд ордог, гаж бэлгийн зан үйл хийхийг тулгадаг гээд цагдаад хэлэнгүүт “Танай нөхөр, эхнэр юу гэж чамайг хүчинддэг юм бэ” гэдэг. Харин тодорхой хугацаанд хамтран амьдраагүй гэдэг нь зүгээр л хамт байгаагүйг ойлгохгүй. Тухайлбал, манай нөхөр Солонгост ажил хийдэг ч бид хамтдаа санхүүгийн шийдвэр гаргаж, байнгын холбоотой байдаг бол хамтран амьдарсантай дүйцдэг. Тиймээс эвлэрэх боломжтой харилцааг ийм хэлбэрийн шалтгаанаар шууд цуцлах вий гэдэгт анхаарах нь зүйтэй.
-Гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамтран амьдрах хэлбэр нь эдийн засаг болон бусад хэрэгцээг хангах, зарим үүргийг гүйцэтгэдгээрээ гэр бүлтэй төстэй харилцаа гэж үздэг. Манай улсын хувьд гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамтран амьдарч байгаа хүмүүсийн эрх, үүргийг тодорхойлох цаашлаад эд хөрөнгө хуваах, хүүхэд асрамжлалын маргаан үүсэх тохиолдолд үүсэх үр дагаврыг зохицуулах эрх зүйн зохицуулалт байдаггүй ч тодорхой нөхцөл байдлыг харгалзан хамтын амьдралыг гэрлэлттэй адилтгахаар тусгасан. Харин хамтын амьдрал дуусгавар болоход бие биеэ тэжээн тэтгэх, өв залгамж¬лах эрх, үүрэг үүсэхгүй байх юм гэнэ.
-Тийм. Түүнчлэн хуульд сул орхисноороо илүү орон зай үүсгэсэн нь ижил хүйстнүүдийн хамтын амьдрал байгаа биз. Манайх насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр тэгш эрх, сайн дурын, чөлөөтэй харилцаанд үндэслэх буюу моногами гэрлэлтийн хэлбэртэй. Харин хамтын амьдралд хүйсийн шаардлага тавигдаагүй. Энэ нь шинэ зүйлийн эхлэл ч байж болох юм.
-Энэ шинэчилсэн найруулгын агуулга, чиглэл дунд зайлшгүй өөрчлөх, анхаарал хандуулах шаардлагатай зохицуулалтуудыг дурдвал?
-“Гэрлэгчдийн хэн нэг нь хүндээр өвчилсөн тохиолдолд хүндээр өвчилсөн гэрлэгч гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөөгүй бол гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзана”, “Эхнэр нь жирэмсэн, эсхүл гурван насанд хүрээгүй хүүхэдтэй, эсхүл хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй бол эхнэр нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөөгүй тохиолдолд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзана” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд өмнө дурдсанчлан хэт феминист, хүний эрхийг зөрчсөн агуулгатай байна. Байж болохгүй гэхэд болно. Эхнэр өөр хүнээс жирэмсэлснээс үүдэн гэр бүл салах тохиолдол амьдралд элбэг. Шинэчилсэн найруулгын эл заалтаар хэрэв эхнэр “үгүй” гэвэл салах ямар ч боломжгүй байгааг эргэн харах шаардлагатай. Түүнчлэн “Гэрлэлтээ цуцлуулснаас хойш нэг жилийн дотор өөрийн буруугүй үйлдлээс хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол гэрлэлт дууссан байсан ч тэтгэлэг гаргуулах эрхтэй” гэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй юм.
Д.Хүслэн