Сүүлийн үед дэлхийн хэмжээнд жижиг, том гэлтгүй байгууллага, компаниуд нийгмийн түгшүүрт үзэгдэлтэй тулгарч байгааг мэргэжилтнүүд онцлох болсон. Энэ нь чимээгүй хагарал. Хүмүүс, тэр дундаа залуу, идэр насныхан ажиллах сонирхолгүй, эрхэлж буй хөдөлмөр, үйлсээсээ залхах хандлагатай, үүнээс улбаалан ажил “алах” нь түгээмэл байгааг quiet cracking буюу чимээгүй хагарал, чимээгүй шаталт хэмээн томьёолох болжээ. Өнөөгийн ийм чиг хандлага өмнө нь хөдөлмөрийн зах зээлд ажиглагдаж, мөн л quiet quitting буюу чимээгүй халах синдром хэмээн то-дорхойлж байсан ойлголтыг “залгамжлах” нийгмийн таагүй үзэгдэл юм.
Тодруулга: Чимээгүй халах гэж нэрлэсэн үе 2021 оноос АНУ-д эхэлсэн гэж тайлбарлажээ. Тухайн оны хоёрдугаар хагаст ойролцоогоор 20 сая америк хүн ажлаасаа халагдсан. Цар тахлаас шалтгаалан ажлаасаа хэсэг “хөндийрсөн”ий дараа өмнөх шигээ, зарим тохиолдолд илүү хязгаарлагдмал ажлын нөхцөлд аажмаар орж эхэлснээр улс орнууд хэсэгхэн боловч хүнд мөчлөгийг ардаа орхив. Аюулгүй байдлын үүднээс бүх зүйлээ “орхин” хатуу дэглэм сахисны дараа ажилдаа эргэн орсон хүмүүс карьераа хянах мэдрэмжээ алдсан гэж мэргэжилтнүүд тодотгожээ.
Гэхдээ чимээгүй халах синдромын үед хүмүүс сонирхол нь буурсан үедээ ажлаасаа гарах, хаях зэргээр ил тод “бойкотлох” хандлагатай байсан бол одоо харин ажил үүргээ ор нэр төдий гүйцэтгэх, нүд хуурах маягаар “аядуухан” үргэлжлүүлэх сонирхолтой. Ингэх шалтгаанаа “Удирдлагууд чадвар (KPI буюу байгууллага болон ажилтан, ажилчдын ажил үүргийн гүй-цэтгэлийг хэмжихэд ашигладаг үзүүлэлт)-ыг минь үнэлэхгүй, тоохгүй байна” гэж гомдоллодог. Хөдөлмөрийн үнэлгээний шинжээчдийн тайлбарласнаар аядуу, чимээгүйхэн гүйцэтгэгч нар “халдвар” тараах аюултай бөгөөд хамт олны уур амьсгал цаг хугацааны явцад түүнд “уусан” өөрчлөгддөг. Ингэж чимээгүй хагарлын нөлөөнд өртсөн компани өсөлтийг мэдрэх магадлал бага. Боловсон хүчнүүд нь өөдлөхөд тээг болдог гэхэд хилсдэхгүй. Орон тооны буюу албан ёсны хэрнээ албадлагаар ажиллагсдын “ачаар” 2025 онд дэлхийн хөдөлмөрийн зах зээл дэх эдийн засгийн алдагдал 438 тэрбум ам.доллароор хэмжигдэнэ гэсэн урьдчилсан тооцооллыг мэргэжилтнүүд гаргасан байдаг. Энэ нь Норвегийн ДНБ-тэй харьцуулах хэмжээ юм.
Америкийн Флорида мужийн их сургуулийн Бизнесийн коллежийн профессор Уэйн Хочвартерын хэлснээр чимээгүй хагарал бүх түвшинд тархсан. Хөдөлмөрийн талбарт анх хөл тавьж буй залуучууд ч, туршлагатай ажилчин “зөгийнүүд” ч үүнд өртөж байна. Залуу үеийнхний хувьд ихэвчлэн өндөр хүлээлт, ургуулан бодож эрч хүч, урам зоригоо хэт “чангалсан” байдал нь тэднийг эргүүлээд “ходорчихож” байгааг тэрбээр онцлов. Өөрөөр хэлбэл төсөөллөөсөө өөр нөхцөлд цочирдох, ажлын байрандаа гологдох, өөрийгөө хэт үнэлэх зэргээс үүдэн чимээгүй хагаралтай нүүр тулдаг. Ер нь мэргэжлийн сургууль төгссөнөөсөө хойш тав орчим жилийн дараа залуучууд зөв ажил мэргэжлийн сонголт хийсэн, эсэхдээ эргэлзэж эхлэх нь түгээмэл гэнэ. Ингээд ажил хийхээс, сонгосон замаасаа ухрахад хүрч байна. Харин дунд, ахмад үеийнхэн ажил, мэргэжлийн талбарт сэтгэл зүйн шаталт мэдэрдэг. Дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал, олноор нь ажлаас халах аюул, үнийн өсөлт зэрэг нь тэднийг “ухрах” сонголт руу түлхэж байна. Орон сууцын зээл, олон хүүхэдтэй байх зэрэг санхүүгийн дарамт болон бусад хүчин зүйл сэтгэлийн нэмэлт дарамт учруулдаг. Ажиллагсдынхаа энэ мэт асуудлыг шийд-вэрлэх чадваргүй, уян хатан менежментгүй удирдлага чимээгүй хагарлын бас нэг хөшүүрэг гэж Хочвартер тэмдэглэжээ. Ажлын талбар дахь чимээгүй хагарал хэмээх толгойны шинэ өвчин нь ийм өргөн хүрээгээр аюултай. Зарим шинжээч үүнийг чимээгүй ажил хаялт ч гэж нэрлэдэг.
ЧИМЭЭГҮЙ АЖИЛ ХАЯХ НЬ БҮГДИЙН АСУУДАЛ
Ажилтнуудын бодит оролцоо алдагдах үзэгдэл буюу чимээгүй ажил хаялт олон ул¬сын түвшинд түгээмэл байна. АНУ-ын “TalentLMS” корпорацын сургалтын үйлчилгээний шинжээчдийн хийсэн судалгаагаар ийм ажилчдын эзлэх хувь өнөө жилийн байдлаар 54 хувьд хүрсэн тооцоолол гарчээ. Судалгаанд оролцогчдын таван хүн тутмын нэг нь тогтмол чимээгүй ажил хаягч байна. Мөн 34 хувь нь “халдвар тараагч”-ийг мэдэрдэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл 1935 онд байгуулагдсан, дэлхий даяарх олон нийтийн санал асуулгаараа алдартай, Америкийн дүн шинжилгээ, зөвлөх үйлчилгээний компани “Gallup”-ын судалгаагаар Нэгдсэн улсын хэмжээнд ажиллагсдын бараг 52 хувь нь хийж буй зүйлдээ сэтгэл хангалуун бус, чимээгүй хагарлын шинж тэмдэгтэй бол 17 хувь нь ажлын үйл явцад идэвхтэй оролцдоггүй. Үүнээс ч муу, бүр түгшүүр төрүүлмээр хариултыг Британийн “YuLife” компанийн судалгаа харуулна. Энэ намрын эхэн үеэс тус улсын хэмжээнд чимээгүй хагарал эрс өссөн. Үүнийг оны эцэс болж буйтай буюу ажиллагсдын стрессийн оргил үетэй холбон тайлбарлажээ.
Баруун болон Европын хойд хэсгийн орнуудад өөр нэг аюултай чиг хандлага бий болоод буй нь gosworking буюу сүнсний ажил. Үүнийг хуурамч гүйцэтгэл ч гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ. Энэ нь бодитой ажил хийхгүй хэрнээ өндөр бүтээмжтэй нэгний дүр төрх бий болгож, удирдлагаа хуурдаг үзэгдэл. Гэвч тэднийг явуулах боломжгүй буюу жишээ нь, Герман болон Скандинавын орнуудад ажлаас халах ганц л үндэслэл нь хөдөлмөрийн сахилга батыг ноцтой зөрчих явдал. Тэгэхээр сүнсний ажил нь хялбар маягаар цалингаа бүтэн аваад явах боломж гэсэн үг.
Ийм үзэгдэл аль ч үед байсан боловч олон улсын шинжээчдийн тайланд дурдсанаар компаниуд ажилчдаа дижитал хяналтад оруулснаас хойш “хурцаар” илрэх болсон аж. Цахимаар ажиллах нөхцөл дэлхий дахинд үүссэн 20192020 оноос энэ талаар өргөн ярих болжээ. Цар тахлын нөхцөл байдал чимээгүй хагарлыг хурдасгажээ. Алсын зайнаас ажиллах шилжилт нь хүмүүс хувийн амьдралдаа илүү их цаг зарцуулж, тэргүүлэх чиглэл, үнэт зүйлсийнхээ талаар түлхүү эргэцүүлэн бодоход хүргэсэн. Энэ нь тун сайн ч хөдөлмөрийн талбар дахь чимээгүй хагарал даамжрах сөрөг нөлөөтэй. Олон хүний хувьд илүү цагаар ажиллахгүй, удирдлагын байнгын хяналтгүй уян хатан хуваарь нь эцсийн дүндээ хамгийн оновчтой сонголт болсон.
Нөхцөл байдлын шилжилт нь дэлхий даяар чимээгүй амралт хэмээх чиг хандлагын гол суурь болов. Ялангуяа залуу хүмүүсийн дунд “моод” болон тархсан бөгөөд ажлаас халагдахаас зайлсхийх, ачаалал бага авах гэхчлэн “Италийн ажил хаялт” (Ажиллагсад хөдөлмөрийн хуулийг зөрчихгүйгээр ажлын явцыг удаашруулан, компанид алдагдал учруулдаг эсэргүүцлийн нэг хэлбэр. Хүмүүс ажлын заавар, дүрэм журмыг маш нарийн дагаж, үйл ажиллагаанд тасалдал үүсгэхгүй ч бүтээмжгүй учраас эдийн засгийн хохирол учруулах эрсдэлтэй. Ийм хэлбэрийн эсэргүүцэл италичуудаас гаралтай)-тай төстэй арга. Тодруулбал энэ нь цахимаар ажиллах нөхцөлтэй чөлөө аваад “арилна” гэсэн үг. Хааяа нэг дэлгэцийн араас удирдлагадаа тайлан тавьж “ажил хэрэгч” байдлаа харуулаад тухтай амрах боломж. Судлаачдын тэмдэглэснээр ийм хандлага өнөөх Z үеийнхэн дунд илүүтэй гарч байна. Дэлхийн хэмжээнд олон нийтийн санал бодлын цуврал судалгаа явуулдаг, Америкийн “Harris Poll” компанийн өнгөрсөн жилийн тайланд дурдсанаар тэдний 40 орчим хувь нь чимээгүй амралтыг тогтмол ашигладаг. Тэгвэл “Resume Builder”-ийн судлаачид үүний гол шалтгааныг удирдлага өөрөөсөө хайх хэрэгтэйг сануулжээ. Үүнээс гадна сүнсний ажил нь бүтээмжийн чиг хандлагын хариу үйлдэл буюу үнэлэгдээгүйгээс үүдэлтэй байх магадлал өндөр. Олон оронд хийсэн судалгаагаар хэт их ачаалал, чиг үүргийнх нь бус үйл ажиллагаанд оролцуулахад ажиллагсад дүр эсгэдэг гэдгээ хүлээн зөв¬шөөрсөн байна
Герман, Швед зэрэг оронд халах, цомхотгох бол хэдэн сарын өмнө мэдэгдэх ёстой. Энэ хугацаанд халагдсаны тэтгэмжид их хэмжээний нөхөн төлбөр авдаг. Ийм байдлаас үүдэн залуучуудын дунд ажилгүйдэл нэмэгдэхэд хүрэдэг гэсэн судалгаа байна. Өөрөөр хэлбэл, ядрахгүйгээр мөнгөтэй байх боломж. Тэд тогтвортой ажиллахаас илүүтэй тодорхой цаг хугацаанд ажил “сэлбэж” явдаг нь үүнтэй мөн холбоотой.
БУСАД ШАЛТГААНУУД
Шинжээчид бүтээмж буурахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдгийг цохжээ. Жишээ нь, “Gallup”-ын мэргэжилтнүүдийн нотолсноор цалин багатай, цөөн ажлын байрны дунд ажлаас халах боломж хомс байдаг нь ажиллагсдын оролцоо буурах гол шалтгаан. Энэ бүхэн нь аажимдаа сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж, ирээдүйд итгэлгүй болоход хүргэдэг боловч үүнийг удирдлагууд анзаардаггүй, эсвэл мэдэн будилдаг. Ийм байдал “зөгийнүүдийг” архаг ядаргаанд оруулдаг бөгөөд саяхны судалгаагаар энэ жилийн гурван улирлын байдлаар 55 хувь нь хэ¬дийн эл дарамтын нөлөөг амсаад байна.
“Gallup-ын шинжээчид ажиллагсдын дунд стрессийн түвшин нэмэгдэж буй нь дэлхийн хэмжээний асуудал болохыг баталж байна. 2021-2023 онд энэ үзүүлэлт тогтмол өссөн бөгөөд судалгаанд оролцогчдын 44 хувь нь ажлын байранд сэтгэл зүйн стрессийг тогтмол мэдэрдэг гэжээ. Ялангуяа залуу хүмүүс стресст илүү өртөж байгаа бол Z үеийнхний бараг 50 хувь ажлын өдрийн ихэнх хугацаанд түгшүүртэй бай¬даг талаараа мэдээлжээ. Шалтгаан нь санхүүгийн дарамт.
Хүний нөөцийн менежментээр мэргэшсэн, олон улсын зөвлөх компани “Mercer”-ийн судалгаагаар дунд шатны мэргэжилтнүүдийн 62 хувь нь ажил мэргэжлийн дээд хязгаартаа хүрч, өсөлтийн боломжууд нь зогсонги байдалд орсныг хүлээн зөвшөөрчээ. Судалгаанд оролцогчдын 48 хувь нь байгууллагадаа оруулсан хувь нэмрийг нь удирдлага хүлээн зөвшөөрдөггүй гэсэн байна. Үүнээс үүдэн “албадлагаар” ажилласнаар сэтгэл ханамжгүй байдлыг нэмэгдүүлдэг. Ийм хүмүүсийн 71 хувь нь ажлын бүтээмж багатай байдгаа хүлээн зөвшөөрчээ. Эл судалгааны багийнхан “албадан” ажиллагсад дуулгавартай ч сэтгэл санааны хувьд туйлддаг. Бие махбодын хувьд оршин байгаа ч оюун санаа нь идэвхгүй болдог” гэж дүгнэжээ.
У.Хочвартер чимээгүй хагарал зарим мэргэжлийнхэнд тодруулбал эрүүл мэнд, боловсролын салбарынханд хүчтэй нөлөөлж, улс орны ирээдүйд ноцтой гэмтэл учруулдаг гэжээ. Тэрбээр “Сувилагчдын дунд чимээгүй шатах эрсдэл сүүлийн үед түгээмэл болсон. Тэд өвчтөний асаргаа, сувилгааны оронд хүнд суртлын ажилд, эсвэл шинэ программ хангамж сурахад ихээхэн зарцуулахаас өөр аргагүй болдог бол багш нарын хувьд батлагдсан ерөнхий сургалтын дүрмийг дагаж мөрдөхийг шаарддаг. Зарим оронд эрх баригч нар сурган хүмүүжүүлэгчдийг тодорхой сэдвээс зайлсхийхийг шаарддаг. Энэ бүхэн тэдний сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Багшийн хөдөлмөрийн хөлс бага байдгаас зарим оронд асуудал улам хурцаддаг. Түүнчлэн өсвөр насныхны зан авирын сорилттой тулгарах гэхчлэн тодорхой хүчин зүйлүүд багш нарын дунд чимээгүй шатах ноцтой нөхцөл бүрдүүлдэг. Чимээгүй шаталтын үед хуримтлагдсан стресс нь эргээд улс орны ирээдүйд нөлөөтэй” гэснийг бид ч нухацтай бодох хэрэгтэй. Өнөөдрийн асуудал өнөөдрийнх биш, алс хэтдээ улсыг үүрч явах ирээдүйнхэнд хорлол болохыг тэрбээр хэлжээ.
Тэгвэл “Чимээгүй ажил хаялт бол ур чадварын алдагдал биш, харин ажиллах хүчин, удирд-лага болон ажлын холбоо алдагдах явдал” гэж орос мэргэжилтнүүд тайлбарлажээ. Хамт олны санал, хүсэлтийг сонсох, ажил мэргэжлийн төдийгүй ажиллагсдынхаа амьдралын талаар ярилцах боломжтой уулзалтыг тогтмол хийх нь чимээгүй ажил хаялтаас сэргийлэх боломж. Компанийн хөгжилд оруулсан хувь нэмрийнх нь талаар асууж,“судас барих” тактик хэрэгжүүлэх нь чимээгүй хагаралтай тэмцэх үр дүнтэй арга гэсэн байна. Хэрэв ажилчдын шаталтын асуудлыг шийдвэрлэхгүй бол хамт олны дунд ийм хүн нэмэгдсээр байх болно. Боловсон хүчнүүдээ сонсох нь ямар ч хөдөлмөрийн зах зээлийн чимээгүй ажил хаялтын хөрсийг эрүүлжүүлэх боломж буюу дотоод “халдвар”-аас сэргийлэх хамгийн зөв гарц болохыг тэд тэмдэглэжээ.
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ТЭТГЭВРИЙНХЭН “БАРЬЖ” БАЙНА
Чимээгүй хагарал, амралт, сүнсний ажил гэхч¬лэн дэлхийн хөдөлмөрийн зах зээл дэх үзэгдэлтэй зэрэгцээд ажиллах хүчний хомсдол гэсэн том асуултын тэмдэг үеийн үед байсаар ирсэн. Сүүлийн аравны хувьд олон улсын түвшинд хүний нөөцийн насжилтын асуудал, хөдөл-мөрийн насны тэнцвэр гэсэн сэдэв хурцаар хөндөгдөх болжээ. Энэ нь хүн амын насжилт, шилжилт хөдөлгөөн зэрэг хүн ам зүй, бүтцийн асуудалтай холбоотой. Өнөөгийн байдлаар дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн дийлэнх буюу 60-аад хувийг тэтгэврийн насныхан бүрдүүлж буй талаарх баримт байна. Учир нь залуу ажилчин, мэргэжилтнүүдийн хомсдолд орсон гэсэн үг. Үүнд 1990-ээд оны хүн ам зүйн уналт том түлхэц болсон. Мөн ур чадвартай, өндөр боловсролтой хүмүүсийн нөөцөө гадаад руу “тавиад туучихдаг” нь дотоодын хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг зэрэг хүчин зүйл хамаатай. Гэхдээ ажиллах хүсэлгүй залуу үеийнхний сонир-хол нь ахмадуудад ажлын байраа “алдах” том шалтгаан. Олон улсын стратегийн зөвлөх фирмийн гишүүн “Bain & Company” компанийн шинэ судалгаагаар 2030 он гэхэд дэлхий даяар 150 сая ажлын байрыг 55-аас дээш насныхан эзлэх төлөвтэй. Үүнээс цааших хугацаанд дэлхийн хэмжээнд ажиллах хүчний дөрөвний нэгээс давсан хувийг тэтгэврийнхэн бүрдүүлэх нь таамаг гэхээсээ илүүтэй бодитмагадлал гэдгийг мэдээлжээ. Өөнөөгийн байдлаар хөдөлмөрийн фронт дахь ийм чиг хандлагыг Япон тэргүүлж буй бөгөөд 2031 он гэхэд 55-аас дээш насныхны эзлэх хувь 40 хувиас давна. Үүнийг төрөлтийн түвшин буурсантай холбон тайлбарлаж байна. Тус улсын арван хүн тутмын нэг нь 80-аас дээш настай. Европ болон АНУ-д ч ялгаагүй 55-аас дээш насныхны эзлэх хувь өндөр. Дэлхийн эдийн засгийн форумын мэдээлснээр 2021 онд Америкийн тэтгэвэрт гарсан хүний тоо өмнөх оныхоос 3.3 саяар олон байсныг түүхэн дэх “их хэмжээний тэтгэвэр” гэж нэрлэсэн. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн бай¬гууллага (OECD)-ын орнуудад 55-64 насных¬ны ажил эрхлэлт 2019-2000 онд 50-64.4 хувь болж өссөн. Цар тахлын улмаас 2020 онд үл ялиг буурч 63.7 хувь байжээ. Харин 65-аас дээш насныхны хувьд эл үзүүлэлт 15.3 хувиар доошилсон аж. Хэдий тийм ч тэдэнд зах зээл нээлттэй хэвээр. Хойд хөршийн хувьд 2030 он гэхэд 25-35 насныхан хөдөлмөрийн фронтоос бараг дөрвөн саяар “арчигдана”. Хамгийн сонирхолтой нь ажил олгогч нар залуу¬чуудаас илүүтэй ахмад үеийнхнийг сонгох нь нэмэгдэж буйг шинжээчид онцлов. Урт нас¬лахын хэрээр ажлын туршлага хуримт-луулдаг нь үүнд чухал нөлөөтэй. Дэлхийн банкны мэдээлснээр 1970 онд дэлхий даяар дундаж наслалт 57.8 жил байсан бол 2021 онд 71.3 жил болжээ. Энэ нь амьжиргааны түвшин, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирсан, мөн ихэнх оронд төрөлтийн түвшин буурсантай холбоотой аж. Нөгөөтэйгүүр залуу үеийнхэн өөрийгөө нээх, боловсрол эзэмшихэд илүү анхаарах болсон нь мөн л ахмадуудад боломж юм. Гэхдээ ахмад ажилчдыг татах, хадгалахыг эрмэлздэг ажил олгогчдод бэрхшээл мундахгүй гэнэ. Ялангуяа биеийн хүч, оюуны өндөр чадамж, технологи шаарддаг ажилд. Эсрэгээрээ ахмадуудын давуу тал маш их. Ажлын байранд ялгарахыг эрмэлздэггүй, өөрийгөө байнга хөгжүүлдэг, эрсдэлээс зайлсхийх хандлагатай, хамт олонтойгоо найрсаг, ажлын бус цагаар ч зөвлөхөөс татгалздаггүй гэхчлэн “онц” дүнтэй хүмүүс. Тэдний хувьд бие даасан байдлыг эрхэмлэдэг бөгөөд карьераас илүүтэй найдвартай тулгуур хүч байх нь сэтгэл зүйн таашаал учраас удирдлага болон ажилчдын дунд бат гүүр болох нь бий. Бусдыг хүндэлж, эрхэмлэдэг онцгой чанар нь ч удирдлагын хувьд чухал. Ахмад настнууд залуучууд шиг хэт мөнгө хөөдөггүй нь бас нэг давуу тал.
“T.Rowe рrice” хэмээх дэлхий даяар хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Америкийн фирмийн тайланд “Тэтгэвэрт гарсны дараа үргэлжлүүлэн ажил-ладаг хүмүүсийн 48 хувь нь санхүүгийн шалтгаанаар, 45 хувь сэтгэл зүй, нийгмийн байдалтай уялдан ажилладаг” гэж дурджээ.
ӨӨР ДҮРЭМ БУЮУ ТЭД “АМЬДРАХЫГ” ХҮСДЭГ
Бага, эсвэл бичил тэтгэвэр буюу micro-retirement гэдэг ойлголт хөдөлмөрийн зах зээлд бий болоод нэг их удаагүй. Гэхдээ энэ нь залуучуудын сонирхлыг хамгийн их өдөөдөг зүйл. Энэ нь ямар нэг тэтгэмж, тэтгэвэр биш. Тэтгэврийн насанд хүрээгүй ч ажлаас хэдэн сараас нэг жил (зарим тохиолдолд нэгээс илүү жил) хүртэл завсарлага авч аялах, хоббигоо хөгжүүлэх зэрэг зорилгоор мөнгө хуримтлуулдаг карьерын завсарлага. Үүний тулд хуримтлал, сахилга бат, ажилдаа эргэн орох тодорхой төлөвлөгөө шаарддаг. Богино хугацаанд “тэтгэвэр”-т гарах нь өдгөө жинхэнэ “моод” бол¬сон бөгөөд ихэвчлэн 25-30 насныханд таатай боломж гэж үздэг. Тэд өмнөх үейинхэн шигээ “мал” болтлоо зүтгэхийг хүсдэггүй, хүн шиг тодруулбал нийгмийн сүлжээгээр “явдаг” амьдралыг илүүд үздэг нь судалгаагаар батлагдсан. Энэ нь цаг үетэй, дэлхийн эдийн засаг, технологийн эрин, хавтгайршилтай ч холбоотой буюу зөвхөн “эго”-гоор тайлбарлах боломж¬гүй. Түүнчлэн залуу үеийнхэн өөр газраас санал авангуутаа алга урвуулахын зуурт ажлаасаа гарах шийдвэрт хүрэх хандлага түгээмэл болж үүнийг нь “нүцгэн огцролт” хэмээн нэрлэдэг аж. Ингээд зогсохгүй тэд шийдвэрээ олон нийттэй хуваалцаж, цахимаар зарлаж, өөрчлөлтөд сэтгэл хангалуун буйгаа ил болговол “чанга огцрох” гэнэ. Ийм хачирхалтай гэх үү, сонин ч гэмээр ийм үзэгдэл олон орны хөдөлмөрийн насныхны дунд дэлгэрээд байгаа аж. Тэгвэл revenge quitting буюу өшөө авалтын улмаас ажлаас гарах үзэгдэл мөн л газар авч байгааг судлаачид тэмдэглэжээ. Зугаацахын тулд биш, харин ажил олгогчид таагүй байдал үүсгэх зорилгоор ажлаа орхих ийм хэлбэрийг Z-түүд сонгох нь элбэг.
Барууны хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд хөдөлмөрийн зах зээл дэх энэ олон чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх нь элбэг бөгөөд хүсэл тэмүүлэлгүйгээр ажиллагсдыг халах журам дүрмийн талаар ч цухуйлгах болжээ. Гэвч хууль бүхнийг шийднэ.
Эцэст нь, “чимээгүй” хэмээх тодотголтой үзэгдлүүд бол хүмүүсийн сэтгэл зүйг доройтуулж, байгууллагын чанар, оршихуйг зөрчдөг чимээгүй хямрал гэдэгтэй олон улсын шинжээчид санал нэгдэж байна.
Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийг илэрхийлдэг үгсийн сан энэ мэтээр баяжсаар. Ихэнх тохиолдолд хүмүүс чин сэтгэлээ ажилд зориулахгүй байгааг илэрхийлж буй. Тэгвэл эсрэгээрээ өөргүйгээр нь ажил явахгүй мэт зүтгэдэг, чин сэтгэлтэй, амбицтай хүмүүс хэт ачаалалтай ажиллахыг жирийн зүйл хэмээн хүлээн авдгийг илэрхийлэх үг хэллэг байж болох бөгөөд тэднийг “аядуухан шатагсад” гэвэл боломжтой гэж нийгмийн сүлжээний “мэргэжилтнүүд” хошигножээ.
Э.Хана