“Үйлчилгээний чанараа сайжруулах зорилгоор таны дуу хоолойг бичлэг болгон хадгалж байна” гэх өгүүлбэр танд танил сонсогдож байгаа биз. Үйлчилгээний зарим байгууллагын гаргадаг энэ үйлдэл нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг зарим тохиолдолд зөрчиж болзошгүйг хуульч Л.Галбаатар санууллаа. Өөрөөр хэлбэл, тухайн хүн дуу хоолойгоо бичлэг болгон өгөхийг хүсээгүй, зөвшөөрөх, эсэх сонголтгүйгээр шууд сануулаад хураан авч байгаа нь хуулийн практикт эрсдэл учруулж болзошгүй гэнэ. Дээрх хуулийн ерөнхий үзэл баримтлал нь хүний хувийн мэдээллийг хамгийн бага хэмжээнд цуглуулах, ингэхдээ зайлшгүй шаардлагатай тохиолдолд л хэрэгжүүлэх агуулгатай.
Энэ тухай хуульч Л.Галбаатар “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд зааснаар, дуу хоолой нь биометрик мэдээллийн нэг хэсэгт тооцогддог. Биометрик нь хүний дахин давтагдашгүй бие махбодтой холбоотой физиологийн мэдээлэл (дуу хоолой, хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, нүүр царай, алхаа зэрэг) ордог бөгөөд эдгээрийг тоног төхөөрөмж, техник хэрэгслийн тусламжтайгаар таньж тогтоох боломжтой. Мөн онцгой хамгаалалттай байх ёстой эмзэг хувийн мэдээлэлд хамаардаг. Иймд зөвшөөрөлгүйгээр бичлэг хийхийг хориглодог. Дуу хоолой цуглуулах, боловсруулах, ашиглахын тулд тухайн иргэнээс бичгээр болон цахим гарын үсгээр баталгаажуулсан тодорхой зөвшөөрөл авахыг шаарддаг. Тухайлбал, үйлчлүүлэгч зөвхөн “үйлчилгээний чанарыг хянах” зорилгоор бичүүлэхийг зөвшөөрсөн байхад үүнийг тухайн хүнийг таних биометрик системд сургах, эсвэл маркетингийн өөр зорилгоор ашиглах нь зөрчил болно. Тиймээс дуу хоолойг бичлэг болгон хадгалж, ашиглаж байгаа аливаа этгээд нь мэдээллийн эзнээс тусгай зөвшөөрөл авч, хуульд заасан аюулгүй байдлын шаардлагыг хангах үүрэгтэй. Эдгээр шаардлагыг зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжтой” гэв.