Монголын ширээний теннисний олон улсын шүүгчдээс Б.Буянбат Blue badge (цэнхэр) зэрэглэлтэй. Тэрбээр өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Швед улсад болсон өсвөр үеийнхний ДАШТ-д ажиллаж, ахисан түвшний шалгалтад тэнцсэн. Тэгвэл Хонконгод энэ оны долоодугаар сард, Тайландын Бангкокт есдүгээр сард зохион байгуулсан Дэлхийн ширээний теннисний цуврал тэмцээнийг дэнсэлж, мэргэжилтнүүдийн үнэлгээнд амжилттай тэнцсэнээр уг болзлыг хангажээ. Түүнчлэн хойшид олон улсын өндөр зэрэглэлтэй тэмцээнд шүүгчээр ажиллах эрхтэй болсон юм. Түүнийг зочноор урилаа.
-Тамирчид спортын талбарт карьераа өндөрлүүлснийхээ дараа дасгалжуулагч, шүүгч болох замналаа эхлүүлдэг. Таны шийдвэр ч бас ийм байв уу?
-Би 11 настайдаа ширээний теннисээр хичээллэж өсвөр үеийнхний, дараа нь их сургуульд элсэж, оюутны шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан дотоодын томоохон тэмцээнүүдэд оролцдог байлаа. Сурахын хажуугаар бэлтгэл хийх амаргүй. Хичээл, сургууль орхигддог тул спортоос түр завсарлаж, мэргэжил боловсрол эзэмшихэд анхаарал хандуулсан. Их сургуулиа 2013 онд төгссөн ч УАШТ, лигийн тэмцээнд оролцож явсаар 2016 онд олон улсын шүүгчийн шалгалт өгч тэнцсэн юм. Ширээний теннисний тамирчдаас Э.Мөнхбилэг 2010 онд анх олон улсын шүүгч болсон нь бидэнд урам өгч, хойшид гадаадын тэмцээнд шүүгчээр ажиллах боломжтойг харуулсан. Түүнээс үлгэр дуурайл авч, шүүгч болсон хүн цөөнгүй бий.
-Олон улсын шүүгч бүр тив, дэлхийн тэмцээнийг дэнслээд байдаггүй. Өндөр шалгуур давж, шүүх эрх авдаг юм билээ.
-Олон улсын шүүгчийн шалгалтыг хоёр жил тутамд авдаг. 2012 онд шалгалт өгсөн ч тэнцээгүй. Дөрвөн жилийн дараа дахин өгөхдөө сайтар бэлдсэний үр дүнд болзлыг нь биелүүлсэн. Спортын ихэнх төрөлд нас хязгаарладаг. Тамирчны карьераа өндөрлүүлж, шүүгчийн замнал руу шилжсэн минь үүнээс эхлэлтэй. Миний хувьд ид тоглож, амжилтаа ахиулах нас хэдийн өнгөрсөн байв. Тиймээс шүүгчээр ажиллах нь надад ирээдүйтэй санагдсан. Гэхдээ дуртай спортоосоо огт хөндийрөөгүй. Одоо ч тэмцээнд сонирхогчийн хувиар оролцдог. Шүүгч байх давуу талтай. Олон улсын тэмцээн зохион байгуулах үйл явц, дараалал, стандарт, дүрэм журам ямар байдгийг судлахаас гадна дэлхийн шилдэг тамирчдын тоглолтыг дэргэдээс нь шүүх их сонирхолтой.
-Спортын төрлүүд хурдацтай хөгжихийн хэрээр тэмцээний дүрэм, заалт, шагналын санд нь өөрчлөлт орж байна. Ширээний тенниснийх хэрхэн өөрчлөгдсөн талаар та сонирхуулж ярихгүй юу?
-2021 оноос хойш Дэлхийн ширээний теннисний холбооноос олон улсын тэмцээн зохион байгуулж эхэлсэн. Үүнээс өмнө Олон улсын ширээний теннисний холбоо тэмцээний удирдлага, дотоодын засаглалын асуудлыг хариуцдаг байсан бол одоо тусад нь салгаж, тэмцээнийг WTT буюу “Дэлхийн ширээний теннис” брэнд нэрээр явуулдаг болсон. Энэ нь ширээний теннисний цуврал тэмцээнүүдийн нэр хүндийг өсгөх, тамирчдын карьерыг тогтвортой байдлыг хангах чухал шийдвэрүүдийг гаргасан. Тухайлбал, шагналын санд өөрчлөлт оруулж, хамгийн багадаа 30 мянган ам. доллараар эхэлж, хоёр сая гаруй ам.доллар хүрч байх жишээтэй. Энэ нь дэлхийн хэмжээнд өрсөлдөөнийг нэмэгдүүлж, тамирчдад амжилтаа ахиулах боломж олгох зорилготой юм. Тамирчдын тоглох түвшнээс хамаараад таван өөр зэрэглэлийн шагналын сантай чансааны оноо цуглуулах тэмцээн бий. Тухайлбал, “World table tennis сhampions” тэмцээнд дэлхийн топ 32 тамирчин урилгаар оролцож, 500 мянган ам.долларын төлөө өрсөлдөх, мөн “World table tennis smash”-д шилдэг 100 тамирчин оролцож, эхний 64 байрт шалгарсан нь 5000 ам.доллараар шагнуулж, аварга болсон нь 135,000 ам.долларын эзэн болсон. Дээрээс нь чансааны өндөр оноо цуглуулна. Арай бага чансаатай тамирчид “WTT contender”, “WTT feeder” гэх бага шагналын сантай тэмцээнд оролцвол илүү тохиромжтой. Мөн 19, 17, 15, 13, 11-ээс доош насны ангилалтай өсвөр үеийнхний “WTT youth contender” тэмцээнийг түлхүү зохион байгуулах болсон. Энэ нь ширээний теннисний спорт хурдацтай хөгжин менежмэнт нь сайжирч, тамирчдын оролцоо, өрсөлдөөн нэмэг¬дэхийн хэрээр ивээн тэтгэх байгууллагууд, шагналын сан ахиснаар үзэгчдийн тоо ч өссөн.
-Энэтхэгийн Бхубанесвар хотод болсон багийн Азийн АШТ-ээс эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг Английн Лондонд ирэх жил зохион байгуулах ДАШТ-д оролцох эрх гардсан. Энэ нь манайхны хувьд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх ховор боломж байлаа.
-Англид 2026 онд болох ширээний теннисний ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй төрөл тус бүрт 64 улс тамирчдаа илгээнэ. Өмнө нь Азийн АШТ-д эхний 12 байрыг шалгаруулдаг байсан бол энэ удаа 16 байрт шалгарсан багт эрх олгосон. Манайхан энэ боломжийг алдалгүй оролцож, эрэгтэйчүүд 14, эмэгтэйчүүдийн баг 15 дугаар байрт шалгаран Лондон хотыг зорих эрх өвөртөллөө. 2020 онд цар тахал олон улсад дэгдсэн тул ДАШТ-ийг зохион байгуулаагүй. 2021 оноос хойших тэмцээнд тив, бүс нутгаасаа шалгарсан багийг Азийн АШТ, чансаагаараа эхний 128-д бичигдсэн тамирчдыг ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд оролцуулдаг болсон юм. Өмнө нь дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнд А, B, C, D, E гэсэн таван ангилалд хуваадаг байв. Монголын баг хамгийн сүүлд С ангилалд оролцсон. Одоо бол ангилалд хувааж зохион байгуулахаа больсон. Монголын тамирчид дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн тамирчидтай нэг хэсэгт орж, тоглон туршлага хуримтлуулах боломжтой. Ширээний теннисний ДАШТ-ийг Лондонд 1926 онд анх удаа зохион байгуулсан түүхтэй. Үүнээс 100 жилийн дараа дахин зохион байгуулах гэж буйгаараа онцлогтой юм. Мөн “Токио-2020” олимпод манай тамирчид оролцсоныг дурдах нь зүйтэй. ОУХМ Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ нар олимпын эрхээ авч, анх удаа ширээний теннисний төрөлд улсаа төлөөлөн оролцож байлаа.
-Тамирчид, үзэгчдийн тоо нэмэгдэх тусам шүүгчдийн үүрэг, хариуцлага, ур чадварыг ахиулах зорилгоор тэмцээн явуулдаг болсон уу?
-Одоогоос 10 жилийн өмнө олон улсын шүүгчийн цагаан, хөх тэмдэгтэй хоёр ангилал байсан. Тэр үед хөх тэмдэгтэй (зэрэглэлтэй) шүүгч болох амар байгаагүй. Шалгалт өгөхөөс гадна үнэлгээний шалгалтад нэг бус удаа орж, тэнцсэн тохиолдолд хөх тэмдэгтэй олон улсын шүүгч болдог байв. Тэгвэл 2020 онд алтан буюу (Gold badge) гэсэн шинэ ангилалтай болсон. Үүнийг нэр хүндтэй, өндөр түвшний шүүгчдэд олгодог. Монголд өмнө нь хөх тэмдэгтэй олон улсын шүүгч байгаагүй. Миний хувьд 2023 оноос ийм тэмдэгтэй болохын тулд өөрийгөө шаргуу бэлдэн, шалгалт өгч дөрвөн удаа үнэлгээнд орж, болзлыг нь хангаснаар өнгөрсөн есдүгээр сард баталгаажуулсан. Ийм зэрэглэлтэй олон улсын шүүгч дэлхийд 200 гаруй бий. Нэг тэмцээнд 6-40 гаруй шүүгч ажилладаг. Тэмцээний ангиллаас хамаарч, шүүгчийн зэрэглэл, туршлага болон урд өмнө нь ажиллахдаа авсан үнэлгээг харгалзаж сонгодог.
-Та хоёр ч олон улсын тэмцээнд шүүгчээр ажилласан байх аа?
-Тийм ээ. Дэлхийн ширээний теннисний холбооны цуврал тэмцээний эхнийх нь Хонконг, хоёр дахь нь Тайландын Бангкок хотод болсон. Үүнээс өмнө 2024 онд зохион байгуулсан өсвөр үеийнхний ДАШТ-ий тоглолтыг дэнсэлсэн юм. Тухайн үед би их азтай сонгогдсон. ДАШТ өрсөлдөөн ихтэй. Монголоос намайг тоож сонгосонд олзуурхаж, том зорилго тээж явсан. Тэр зорилго бол шүүгчийн ахисан түвшний шалгалтад орж тэнцэх байв. Ахисан түвшний шалгалтын асуултууд нь нэлээд хүнд. Өнгөрсөн жил өмнөхөөсөө илүү өөрийгөө дайчилж бэлдсэн минь үр дүнтэй болж, шалгалтад тэнцлээ.
-Шалгалт өгсний дараа өөрийгөө батлан харуулах дөрвөн удаагийн үнэлгээнд ордог нь ямар учиртай юм бол?
-Шүүгч тоглох тамирчдын нэрийг авч, цохиурыг нь шалган, бөмбөгийн сонголт, бусад шаардлагатай шалгалтыг хийнэ. Тамирчдыг авч гарч, ширээнд тоглолтыг эхлүүлнэ. Тэмцээний явцад дүрмээ хэрхэн баримталж буйг, мөн биеэ авч яваа соёл, хандлагыг нь анзаарах шаардлагатай. Хэрэв тоглолтын үед ёс зүйгүй үйлдэл гаргавал торгох арга хэмжээ авна. Бөмбөг давуулалтыг буруу хийсэн тохиолдолд зөрчлийн долоон дүрэм бий. Үүнээс аль нэг зөрчил гаргавал заавал сануулна, эсвэл оноогоор торгодог. Тоглолтын дараа тайлан бичиж, тухайн тамирчин шар картаар торгуулсан бол ямар алдаа гаргасныг нь тодорхой бичнэ. Ийм дарааллын дагуу 100- 80 оноо авбал нэг тэнцсэн үнэлгээ авч буй юм. Ширээнд тоглох тамирчны нэрийг шалгасан бол дасгалжуулагчийнхыг нь ч бас давхар шалгах ёстой. Нэрийг нь шалгаагүй өнгөрвөл -2 оноо гэх жишээтэй. Тухайн тамирчин тоглохдоо удаж, цаг их үрвэл сануулж, шар картаар торгоно. Хэрвээ торгоогүй бол бүр их оноо хасуулна. Ийм маягаар дөрвөн өөр хүнээс үнэлгээ авч байж хөх зэрэглэл авдаг.
-Сайн шүүгч ч байсан тэмцээний үед хааяа алдаа гаргах тохиолдол гардаг биз?
–ДАШТ-д ажилласан шүүгчдийн шүүлтэд үнэлгээ өгдөг ерөнхий шүүгчдийн баг бий. Тамирчдын карьер, хувь заяа, нэр хүнд шүүгчийн шүүлтээс хамаардаг. Тиймээс шүүгчдийг өндөр түвшинд бэлдэх нь тухайн холбооны бодлого юм. Би Хонконгод болсон өсвөр үеийнхний олон улсын тэмцээнд ажиллахдаа 11 настай охины тоглолтыг дэнсэлсэн юм. Гэрээсээ хол яваа, хүүхдүүдээ санасан надад миний охинтой төстэй харагдсан. Хүүхдийг том тэмцээнд оролцож байхад нь сандаргаад яах вэ гэж бодоод торголгүй өнгөрөөв. Тэгтэл “Чи энэ тоглолтод ямар ч арга хэмжээ авсангүй. Тиймээс энэ удаа тэнцүүлэхгүй” гэж сануулга өгсөн. Түүнд боломж олгож, өөрийнхөө боломжийг хойшлуулсан маань надад том сургамж болсон шүү. Шүүгч хүн ямар ч тэмцээнд сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй. Тамирчид алдаанаасаа суралцаж, өөрийгөө хөгжүүлдэг. Миний хувьд тэр тэмцээнээс хойш дүрмээ чанд баримталдаг болсон доо.
-Олон улсын тэмцээнд анх шүүгчээр ажиллахдаа ямар улсын тамирчдын тоглолт шүүж байв?
-БНСУ-ын Пёнгчан хотод 2023 онд болсон Азийн АШТ-ийг шүүхээр явсан юм. Тэнд өмнө нь зурагтаар хардаг байсан дэлхийн шилдгүүдтэй таарч, их сүрдэж билээ. Би эхлээд Шриланк болон Саудын Араб улсын дундаж түвшний тамирчдын тэмцээнийг дэнсэлсэн. Дараа нь Сингапур, Энэтхэгийн тамирчдын тоглолтыг ширээнд шүүв. Эдгээр улс шилдэг тоглогчидтой тул эн тэнцүү өрсөлддөг. Шүүгч хүн тэмцээнийг дэнслэхдээ тамирчид шиг сэтгэл зүйгээ бэлдэх ёстой. “Парис-2024” олимпын шалгаруулалтад нөлөөлөх чухал тэмцээн байсан тул Азийн шилдгүүд ширүүхэн өрсөлдсөн. Сүүлийн үед ширээний теннисний талбарт БНХАУ ноёрхдог гэсэн ойлголтыг бусад орон халж байна. Тухайлбал, Парисын олимпын дараа Казахстанд болсон Азийн АШТ-д Японы шигшээ өмнөд хөршийн багийг аваргын төлөө хожсон юм. Хятадын тамирчид анх удаа алтан медальгүй нутаг буцсан нь дуулиан тарьж, олон орны анхаарлыг их татсан. Бразил улс ширээний теннисийг улсдаа эрчимтэй хөгжүүлж дэлхийд хүчтэй өрсөлдөх хэмжээнд хүрлээ. Энэ жил зохион байгуулсан “Дэлхийн цом”-д Бразилын тоглогч Хятадын шилдэг тамирчныг ялж түрүүллээ.
-Парисын олимпын тэмцээн ч сонирхолтой болсныг та үзсэн байх. Шведийн тамирчид эргэн ирснээ зарлаж Японы шигшээг, БНАСАУ-ын баг Хонконгийн тамирчдыг буулган авч шуугиулсан шүү дээ.
-Парисын олимпын ширээний теннисний тэмцээний үеэр гурван сонирхолтой үйл явдал тохиосон. Нэгдүгээрт, Шведийн тамирчид Японы багийг хожиж, мөнгөн медалийн болзол хангасан. Шведийн шигшээгээс нэг тамирчин Хятадын хамгийн шилдэг тоглогчийг шигшээ 32-т буулган авсан. Хоёрдугаарт, БНАСАУ-ын эмэгтэйчүүдийн баг Япон, Хонконгийн тамирчдыг илүүрхэж мөн дэд байрт шалгарсан. БНАСАУ тамирчдаа олон улсын тэмцээнд нэг ч оролцуулалгүйгээр Парисын олимпод сойсон юм. Гуравдугаарт, Францын тамирчид нутагтаа болсон тэмцээнд багийн, ганцаарчилсан төрөлд тус бүр хүрэл медаль авсан. Олимпын дараа Казахстанд болсон тивийн тэмцээнд БНАСАУын тамирчин түрүүлж, аваргаар тодорсон шүү дээ. Шведэд өнгөрсөн наймдугаар сард болсон нэг сая 500 мянган ам. долларын шагналын сантай өндөр зэрэглэлийн тэмцээнд олимпоос мөнгөн медаль гардсан тамирчин нь мөн л Хятадын тоглогчийг ялж, тэргүүн байрт шалгарлаа.
-Та Монголын ширээний теннисний шүүгчдийн зөвлөлийг ахалдаг. Гадаадын тэмцээнүүдээс олж харсан зүйлээсээ юуг хэрэгжүүлэхээр зорьж байна вэ?
-БНХАУ, БНСУ, Япон, ХБНГУ, Франц, Швед улс ширээний теннисийг сайн хөгжүүлсэн. Эдгээр улсын шүүгчдийн ёс зүй, хандлага, биеэ авч явах соёл өндөр. Дотоодын тэмцээн дэнсэлдэг шүүгч нь хүртэл нэр хүндтэй. Тэдгээр оронд улсын шүүгч болохын тулд дүүрэг, дараа нь хот, мужийн тэмцээн шүүдэг. Улсынхаас олон улсын шүүгч болох амархан. Бид энэ туршлагыг Монголд нэвтрүүлэх бодлого баримталж байна. Олон улсын шүүгч болоход доод шатнаасаа маш сайн бэлтгэгдэх ёстой. Монголд олон улсын 20 шүүгч бий. Бид өнгөрсөн тавдугаар сард журам боловсрууллаа. Улсын шүүгчийг гэрчилгээтэй болгох нь зүйтэй юм. Улсын шүүгч болохын тулд дотоодын томоохон тэмцээнд ажилласан туршлагатай байх хэрэгтэй. Олон улсын тэмцээнд тухайн улсаас хоёр шүүгч ажиллуулахаар нэрийг нь дэвшүүлж болно гэж заасан байдаг. Тухайлбал, 20 шүүгчээс 10 нь тэмцээнд бүртгүүлэх хүсэлт гаргавал хэнийх нь нэрийг нь дэвшүүлэх вэ гэдэг асуудалтай тулгарсан. Тиймээс шүүгчдэд оноо өгдөг системтэй болъё. УАШТ-ийг шүүвэл 10, нээлттэй нэрэмжит тэмцээн дэнсэлбэл 2-5, дээд лигийн тоглолт шүүвэл 20 оноо гэх мэт. Шүүгчид өндөр оноо авахын тулд ажилдаа хариуцлагатай хандах, ур чадвараа ахиулах боломжтой. Тэгэхээр өндөр оноотой хоёр шүүгчээ олон улсын тэмцээнд ажиллуулна гэсэн үг.
-Хүүхдүүдээ ширээний теннис тоглуулдаг уу. Тамирчны замнал сонговол цаашид дэмжих үү?
-Миний ууган охин таван нас хүрлээ. Охиноо ширээний теннистэй нөхөрлүүлэхийг боддог. Гэхдээ заавал хичээллэ гэж шаардахгүй. Хэрвээ хүсэл сонирхолтой байвал нь дуртай дэмжинэ. Энэ спорт эрүүл мэндэд тустай. Бие, сэтгэл зүйг хөгжүүлдэг.
-Ширээн теннисний шүүгчдэд хандаж юу гэж уриалах вэ?
-Улс бүрийн ширээний теннисний холбоо шүүгчдээ хөгжүүлэх хөтөлбөртэй болсон. Шүүгчийн хувиар хэдэн жилийн дараа ДАШТ, олимпын тэмцээн шүүх боломжтой гэж хардаг. Ийм томоохон, мөн шагналын өндөр сантай тэмцээнд ажиллуулахаар урьсан бол тухайн улсаас зардлыг нь бүрэн хариуцдаг. Тиймээс шүүгч нартаа “Олон тэмцээнд оролцож, идэвхтэй ажил¬лаарай” гэж хэлье.