Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
УИХ-ын 2024 оны сонгуулиар бүрдсэн парламент түүхэндээ хамгийн олон буюу 32 эмэгтэй гишүүнтэй болсон. Үүний найм нь тойргоос буюу цэвэр өрсөлдөөн дундаас сонгогдсон бол 24 нь нам, эвслийн жагсаалтаас, “зовлон” багатайгаар гарч ирсэн юм. Намынхаа ивээлд багтаж, “ногоон гэрэл”-ээр УИХ-д анх удаа сонгогдсон АН-ын долоон эмэгтэй гишүүний нэг П.Батчимэгийг энэ удаа онцолж байна.
Тэрбээр 2008-2020 онд нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр ажилласан. Нийслэлд гурвантаа сонгогдож, хотын “парламент”-д 12 жилийн хугацаанд иргэдийг төлөөлж суусан гэсэн үг. Харин дараа нь Үндэсний бодлогын хорооны болон Улс төрийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад АН-ын дэд даргын албыг хэсэгхэн хугацаанд хашжээ. Үндсэндээ 10 гаруй жилийн хугацаанд улс төртэй ойр явсны дүнд нутгийн удирдлагын байгууллагаас хууль тогтоох дээд байгууллагад дэвшсэн аж. Хачирхалтай нь, тэрбээр төлөөлөгчийнхөө хувиар олон нийтэд, тэр дундаа нийслэлчүүдэд төдийлөн танигдаж чадаагүй. Энэ нь түүнийг өнгөрсөн хугацаанд юу хийсэн, яаж ажилласан бэ гэдгийн бодитой үнэлгээ юм. Харин тэрбээр АПУ-гийн, УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн төрсөн дүү гэдгээрээ нийгэмд илүү танигдсан.
П.Батчимэг өөрийгөө “Боловсролын байгууллагад цөөнгүй жил ажилласан” гэж тодотгодог. Үндсэн мэргэжил нь орос хэлний багш. 1995-2003 онд Цагдаагийн академид багш, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын бодлого зохицуулалтын газарт мэргэжилтнээр ажиллаад, 2004 оноос “АПУ импекс” ХХК-ийн ерөнхий захирлаар томилогдсон. Тэрбээр ахынхаа үүсгэн байгуулсан компанийн удирдлагаар 14 жил ажилласан бол 2017-2022 онд “Гофро” ХХК-ийн гүйцэтгэх захирлын алба хашжээ. Цаасан хайрцаг, сав, баглаа боодол, хүнсний бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эл компанийн эцсийн өмчлөгчөөр П.Батчимэг бүртгэлтэй бол одоогийн гүйцэтгэх захирлаар нь Д.Батсайхан хэмээх хүн ажилладаг аж.
Зарим нэр дэвшигч нисдэг тэрэг хөлөглөн орон нутгийн иргэд, сонгогчидтой уулзаж буй тухай мэдээлэл өнгөрөгч сонгуулиар тархаж, нийгмийн сүлжээнд шуугиан тарьж байв. Тэгвэл энэ дуулианд УИХ-ын гишүүн П.Батчимэг холбогдсон. Тэрчлэн АПУ-гийнхан хоёр хүнээ (нэг нь П.Батчимэг, нөгөө нь Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг) УИХ-д суулгахаар АН-тай тохироо хийж, хөрөнгө хүч хаяж буй гэх мэдээлэл ч эртнээс тархсан юм. Эцсийн мөчид Б.Ганхөлөг энэ сонгуулиар өнжиж, авга эгч нь АН-ын жагсаалтын 12-т эрэмбэлэгдэн сонгогдсон юм. Өмнө нь тэд 2020 оны парламентын сонгуулиар АН-аас Дорнод, Өвөрхангай аймагт нэр дэвшиж, аль аль нь ялагдсан билээ.
П.Батчимэгийг Г.Батхүү агсны төрсөн дүү мөн, биш гэсэн маргаан олны дунд байдаг. Энэ нь тэдний овгоос үүдэлтэй. Батхүү агсан Пунцагийн Гаваа хэмээх өвөөгөөрөө овоглодог бол түүний төрсөн дүү Батсайхан, Батчимэг, Батхишиг нар нь ааваараа овоглодог, бас АПУ-гийн ах, дүүс гэдгээр нь олон нийт тэднийг таньдаг. Тийм ч учраас П.Батчимэгийг том бизнесүүдийн төр дэх хамгаалагчдын нэг, ард олны сонголтоор бус, АПУ-гийн тулгалтаар гишүүн болсон улс төрч гэж харддаг юм.
Н.Мишээл