Наадмын олон хоногийн амралтаар нийслэл хотын төдийгүй нийт монголчуудын ажил, амьдрал дагаад “амарчихдаг” нь тоогүй. Тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэрлэл, хүн амын нийтлэг үйлчилгээ, тээвэр, холбооныхныг эс тооцвол төр, засгийн ажил тэр чигтээ зогсдог. Ялангуяа аймаг, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр авто замын засвар шинэчлэл, шугам сүлжээний ажил хийж байгаа аж ахуйн нэгжүүд энэ үеийг далимдуулаад “ээлжийн амралт” авчихдаг. Долоодугаар сарын эхээр III, IV хороололд дулааны шугам сүлжээ засах гээд замыг нь хуулж, ухаж сэндийлсэн газар өдгөө бахь байдгаараа, шороо нь пургиж, машины дугуйны аясаар чулуу чавхадсан янзаараа л байна.
Зуны сар зургаа биш учраас бороо хургүй, хөл хөдөлгөөн сэлүүхэн ийм таатай өдрүүдэд замын засвар шинэчлэл, шугам сүлжээний ажлаа шуурхайлан дуусгахыг нийслэлийнхэн ажил хариуцаж авсан компианиуддаа шаардах ёстой бус уу. Ажил дааж авсан, даалгасан талууд болон тэдэнд хяналт тавих чиг үүрэг бүхий л хамааралтай этгээдүүд хамтдаа наадмаар иргэдтэйгээ “барь¬цаад” амарчхаар юу болдог билээ. Наймдугаар сар гараад, ид хичээл сургуулийн бэлтгэл эхлэхтэй зэрэгцээд нийслэл хотод энд тэндгүй зам хааж, даарин дээр давс нэмж олон нийтийг бухимдуулна.
Архангай аймгийн Тариат сумын нутагт орших Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо бол зундаа дотоод, гадаад аялагчдын хөл тасардаггүй үзэсгэлэнт байгалийн бүрдэл. Гэтэл сум, орон нутгийнхан ямар ч бэлтгэл хангаагүй, Хоргын тогоо руу хүрэх хуучин шороон замаа ч засаж тордоогүй, шинийг нь ч дуусгаагүй орхичихсон тул бартаат замын авто раллид оролцож байгаа аятай жолооч, машин хоёр өөр өөрсдийн авхаалж самбаа, хүч, шандсыг сорьж байлаа.
“Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг хоёр дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн заалтын ач тусыг хамгийн ихээр хүртдэг төрийн байХөдөө бие засахад 2000 төгрөг гэв үү гууллагууд нь тийм хойрго, ийм гэдгэр байхаар хувийн хэвшлийнхнийг яах ч аргагүй юм.
Сая наадмын амралтын өдрүүдэд хөдөөгүүр аялж явахад аймгийн төвүүдийн томоохон супер маркетуудад хүртэл талх огт байхгүй, хиам, зайдас “нүдний гэм” болсон байсан. Ямар сайндаа л дэлгүүр ороод гарч ирсэн аав, охин хоёр “Лангуун дээр нь ус, архи, шар айрагнаас өөр юм алга”, “Үгүй, бэлэн гоймон, модтой чихэр байсан шүү” хэмээн тус тусын өнцгөөс харж, хайсан зүйлээ онцолж байх вэ. Аялал жуулчлалын жинхэнэ “сезон” орж байхад манай хувийн хэвшил, үйлдвэрлэл, үйлчилгээнийхэн амрах бус, харин ч дорвитойхон ажиллаж, ахиу орлого олж болмоор. Ерөөс манайханд нэг тийм бусдаас хоцрох вий гэсэн бардам, барь¬¬цамтгай араншин байхаас биш, “яавал бусдаас өөр байх вэ” гэсэн бүтээлч эрэлхийлэл, ад үзэгдэх эр зориг дутаад байдаг шиг. “Хүн болгон наадмаар амарч байхад манайх яахаараа ажиллах ёстой юм. Хэдэн өдөр амарлаа гээд турж үхэхгүй л байх” гэсэн давилуун монгол сэтгэхүй жижиг, дунд бизнес эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэлийн түвшинд ч анзаарагддаг.
Монголчууд нийтээрээ ийн “даяарын амгалан” төлөвт оршиж байх зуур дэлхий дахинаа аадар бороо, үер ус, далайн хүчтэй шуурга зэрэг байгалийн гамшигт үзэгдэл шил шилээ даран тохиосоор байна. “Монгол түмэн минь ээ, наадмын маргааш намар шүү” хэмээн Төрийн тэргүүн Үндэсний их баяр наадмыг хааж хэлэх үгэндээ жил бүр тодотгодог. Гэвч манайхан өнөөхийг нь чихнийхээ хажуугаар өнгөрүүлээд зунжин, намаржин аймаг, сумын түүхт ойгоо тэмдэглэж, уламжлалт найр наадмаа хийсээр л. Жил ирэх тусам ааш нь олдохоо байсан айхтар өвөл нэг мэдэх нь ээ, хаяанд ирчихсэн “араа шүдээ” хавирах тул ядаж төр, засгийнхан ажлаа хийдүүлэхгүй, шуурхайлах сан.
Л.Аргамжин