Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүд дөрвөн улирлын хүлэмжид мод бут, төмс, хүнсний ногоо тарьж ургуулан өөрсдийн хэрэгцээг хангахаас гадна “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн оролцож буй билээ. Тухайлбал, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Мод үржүүлэг, агро-экологийн төвийнхөн Монголд анх удаа өвлийн хүлэмжид заг үрслүүлж, амжилттай ургуулжээ. Тэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард загийн үр түүж, өвлийн хүлэмждээ үрслүүлсэн нь ийн амжилттай нахиалсныг Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэв. Заг нь зөвхөн Төв Азийн говьд ургадаг, илчлэг сайтай, эрчилсэн урт үндэстэй, олон зуун жилээр насалдаг мод юм. Монгол орны ойн нөөцийн багагүй хувийг эзлэх ба говь цөлийн бүс нутгийн үндсэн ургамал гэгддэг. Загийг хүлэмжид ургуулж, говьд шилжүүлэн суулгаснаар бүсийн экологийн тэнцвэрийг хадгалах, цөлжилтийг сааруулж, элсний нүүдлийг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлнэ гэдгийг агро-экологийн төвийнхөн онцолсон. Мөн мал, амьтны тэжээл болохоос гадна говийн амьдрах орчныг сайжруулахад ихэд тус хүргэх гэнэ.
М.Гэгээ