Нидерландын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд Роб Йеттен уржигдар тангаргаа өргөж, үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авлаа. Өмнөх Ерөнхий сайд Дик Шуфын Засгийн газрыг 2025 оны зун огцруулсны дараа ээлжит бус сонгууль явуулж, 38 настай Р.Йеттений тэргүүлсэн эвсэл ялалт байгуулсан юм.
Роб Йеттен ийнхүү ялснаар Европын улс төрд сүүлийн жилүүдэд хүчээ авч буй популист болон радикал давлагааны эсрэг либерал ардчилсан үзэл баримтлал сөрөн зогсож чаддагийг харуулсан үйл явдал болжээ. Тэрбээр Демократ-66 намаас тодорсон хамгийн залуу удирдагч бөгөөд залуусын дуу хоолойг төрд хүргэж, уур амьсгалын өөрчлөлт, цахим шилжилтэд шинэлэг өнгө төрх авчирна гэх хүлээлтийг нийгэмд үүсгээд буй аж.
Роб Йеттений Засгийн газар НАТО-гийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, батлан хамгаалах салбарын зардлыг ДНБий таван хувьд хүргэх зорилт тавин, зэвсэгт хүчиндээ олон тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Үүний зэрэгцээ мал аж ахуйн салбараас ялгарах хүлэмжийн хийн хэмжээг бууруулах байгаль орчны бодлогыг тууштай үргэлжлүүлэхээ энэ үеэр мэдэгдлээ. Мөн Франц, Герман зэрэг Европын томоохон гүрэнд хэт барууны үзэлтнүүдийн нөлөө хүчээ авч буй энэ үед либерал үзэл баримтлалтай Роб Йеттений ялалт Европын Холбооны хувьд нааштай дохио болж буйг мэргэжилтнүүд онцлов. Тэрбээр тус холбооны тэлэх бодлогыг тууштай дэмжигч бөгөөд энэ нь бүс нутгийн тогтвортой байдалд стратегийн чухал ач холбогдолтой гэнэ.
Э.Сондор