Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос Осака хотод ирэх сарын 6-нд эхлэх хаврын башёгийн банцүкэг зарлав. Банцүкэг сүмогийн 74 дэх аварга Хошёорюү С.Бямбасүрэн тэргүүлсэн бол хоёр башё дараалж түрүүлсэн Украины бөх Аонишики озэки цолтнуудаа анх удаа манлайллаа. Харү башёд Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд 99 дэх удаагаа зодоглоно. Тэрбээр дээд зиндаанд барилдсан тоогоор (1467) одоогоор хоёрдугаарт бичигдэж байгаа ч хаврын барилдааны гурав дахь өдөр “Ошима” дэвжээний бөх асан Кёкүтэнхо Масарү Н.Цэвэгнямтай тэнцэх бөгөөд 50 хувийн амжилт үзүүлбэл найм давсан хамгийн ахмад бөх болох гэнэ. Өнгөрсөн тэмцээнд жонокүчи зиндаанд түрүүлсэн Асахифүжи Б.Очирсайхан жонокүчигийн зүүний 19-өөс жониданы барууны найм хүртэл дэвшсэн. Энэ нь нэг банцүкэд 111 байр ахисан нь анхны тохиолдол болов. Банцүкэд 592 бөхийн нэр бичигдэж, таван зиндаанд Монголын 24 бөх барилдах нь.
Өнгөрсөн жилийн есдүгээр сард болсон Аки башёд жюүрёо зиндаанд улсын гарди Д.Рагчаагийн хүү, дархан аварга Д.Цэрэнтогтохын зээ Асахакүрюү Р.Жамъянтогтох 13 даваатай түрүүлсэн. Тэрбээр хоёр башё дараалж, хоёр зиндаанд тэргүүлсэн тул өнгөрсөн нэгдүгээр сарын Хацү башёгоос эхлэн дээд зиндаанд дэвшиж барилдсан билээ.