Төрийн үйлчилгээний цахим шилжилт бодлогын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй нэг ажил нь “Хотула” хэмээх аппликэйшнийг бүтээж, ард иргэдэд тулган шахсан явдал юм. Ирэх сарын 1-нээс эхлээд нийслэлийн гэр хорооллынхон галлагааны түлшээ авахын тулд ухаалаг утастай болох, түүндээ “Хотула” гэдэг аппликэйшнийг заавал татаж суулгасан байх ёстойг сонордуулъя. Өмнө нь ашигладаг байсан “Сайн” карт нь “цахим Улаанбаатар” хотын иргэдэд хоцрогдож, бүдүүлэг муухай харагдуулах болсон тул нийслэлийнхэн уг аппликэйшнийг төсвийн 1.2 тэрбум төгрөгөөр бүтээлгэсэн гэж байгаа. Болоо ч үгүй, энэ “Хотула”-гаар хотын удирдлагууд цаашид иргэдийнхээ алхах, гүйх, суух, унтах, идэх, түгжрэх, амрах, шоудах, “хүндрэх” эрхийг нь хүртэл “хангаж”, бүрэн хяналт тавих юм гэнэ. Тэр бүгдийгээ онооны системээр үнэлж, “Ногоон оноо өгнө шүү дээ. Урамшууллын оноогоо нийслэлийн үйлчилгээнд зарцуулж ч болно” гэж тайлбарлах.
Нийслэлийн Засаг даргын орлогч нь саяхан “Манай Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндийн идэвх маш тааруу байна. Гадаадын хотуудад бол иргэд нь маш олноороо алхдаг, гүйдэг” гэж тавласан юм даг. “Галзуураад байгаарай” гэдэг үгийг нийслэлийн удирдлагуудад өөрсдөд нь даймаар. Дөрвөн улирлын турш алхах, гүйх, дугуй жийх нөхцөл боломжоор нь хангаад өгвөл иргэд заавал та нараас оноо горьдохгүй, эрүүл мэнддээ анхаарчих байлгүй дээ. Тэгсэн ч хийнэ гэснээрээ хийдэг бүдүүн зүрхтэй, “бөх амьтай” юм, тэд. Нийслэлчүүдийг нийтээр нь “чип”-тэй болгож, цахимжуулах ариун үүрэгтэй тус аппликэйшнийг Монголын их хааны нэрээр нэрийдэж, хөгжүүлэлтийг нь “Дижитал инфосек” хэмээх ХХК-иар хийлгэж. Ингэхдээ 34 хувийг нь төрийн өмчийн “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК худалдан аваад зогсохгүй, “Хатуу болон хийн түлшний хяналтын нэгдсэн систем хөгжүүлэх” ажлыг санхүүжүүлэхдээ нээлттэй тендер зохион байгуулалгүй, нэг компанид давуу эрх олгосон нь хууль зөрчиж буй үйлдэл гэдгийг иргэний нийгмийн байгууллагууд удаа дараа сануулж байв.
“ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР АШГИЙН ТӨЛӨӨХ КОМПАНИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВСАН НЬ БУРУУ”
Хуульч, шинжээчид энэ талаарх байр сууриа нэгтгэн, асуудлыг шалгуулахаар АТГ, Үндэсний аудитын газар, ХЭҮК зэрэг холбогдох байгууллагад албан тоотоор хандаад буй билээ. Энэ тухай хуульч, судлаач Л.Галбаатар “Нийслэлийн удирдлагууд, ялангуяа “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Сандагсүрэн “Хотула” аппликэйшнийг бүтээхдээ Монгол Улсын Авлигын эсрэг болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай зэрэг хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн, эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй үйлдлүүдийг шалгуулахаар бид холбогдох байгууллагуудад хандсан. Нэгдүгээрт, төсвийн хөрөнгөөр бизнесийн ашиг олох зорилготой компанийн хувьцааг худалдан авсан явдал нь анхаарал татна. Тус аппликэйшнийг бүтээсэн “Дижитал инфосек” ХХК-ийн 34 хувийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” худалдан авсан шалтгаан, үндэслэл болоод нэгж хувьцааг нь хэдээр тооцсон зэрэг мэдээлэл тодорхойгүй байгаа. Энэ бол төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, тухайн жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй ажилд хийж эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Хамгийн гол нь нийслэл тендергүйгээр шууд гэрээ байгуулан, маргааш нь тус компанид урьдчилгаа болгож 800 сая төгрөг шилжүүлсэн байгаа юм” хэмээн ярилаа.
“Хотула” аппликэйшний хамрах хүрээ, ажлын горим, зарцуулах хүн цагийн үнэлэмж ил тод бус хэрнээ хэт өндөр дүнтэй ажлыг шууд гэрээгээр хийлгэсэн нь “тендер”-ийн хууль болон төр бизнесийн үйл ажиллагаанд оролцохгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, аль нэгэнд нь давуу тал олгохгүй байх зарчмыг илт зөрчсөн үйлдэл гэдгийг ийнхүү хуульч, судлаачид хэлж байна. Түүнчлэн хүний эрхийн зөрчлүүд ч их бий учраас үүнийг хууль зөрчсөн бүх албан тушаалтанд хэрэг үүсгэн шалгах, уг аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлэхгүй байх, нэн түрүүнд хүний эрхийг зөрчихгүй байх талаас нь хуульд нийцүүлэх арга хэмжээг авах ёстой гэсэн байр суурьд санал нэгджээ.
ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ, ХҮНИЙ ЭРХИЙГ ХӨСӨР ХАЯСАН ТҮРЭМГИЙЛЭЛ
“Хотула” аппликэйшн нь иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулахдаа Монгол Улсын Үндсэн болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа тул ХЭҮК-т гаргасан гомдолд ийн онцолсон байна. Нэгдүгээрт, тус аппликэйшн нь иргэдээс “KYC” (Иргэнээ таних) нэрийдлээр овог нэр, зураг, ажлын байр, албан тушаал, сарын цалин, орлогын эх үүсвэр зэрэг мэдээллийг шаардаж байгаа нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 5.1-ийн “мэдээлэл боловсруулах зорилгодоо нийцсэн, хамгийн бага хэмжээгээр боловсруулах” гэж заасныг зөрчжээ. Нийтийн тээврээр зорчих, нүүрс худалдаж авах, алхалтын оноо цуглуулахад иргэний ажил, албан тушаал, цалин, орлого огт хамааралгүй учраас энэ нь “Data minimization” буюу мэдээллийг хамгийн бага хэмжээгээр цуглуулах олон улсын стандарт болон дотоодын хуулийг зөрчиж буй хэрэг гэнэ. Хоёрдугаарт, хүний эмзэг мэдээлэл болох биометрик өгөгдлийг хууль бусаар цуглуулж буй нь ноцтой зөрчилд тооцогдох аж. Нүүр царай таних (face recognition) технологийг ашиглаж байгаа нь дээрх хуулийн 9.1, 10.1-т заасанчлан Хүний биометрик мэдээлэл нь “эмзэг мэдээлэл”-д хамаарна. Хуульд заасан үндэслэлүүд (сонгогчийн бүртгэлийг хянах, гэмт хэрэгтэй тэмцэх гэх мэт)-ээс бусад тохиолдолд иргэний биометрик мэдээллийг ийнхүү өргөн хүрээнд, хувийн компани цуглуулах нь эрсдэлтэй. Дараа нь хүний хувийн нууц мэдээллийг юунд ч ашиглах юм билээ, баталгаа алга.
Түүнчлэн аппликэйшний танилцуулга болон үйлчилгээний нөхцөлд иргэний нэр, утасны дугаар, байршил, төхөөрөмжийн ID зэрэг мэдээллийг “Мэдээллийн эзэнтэй шууд холбоотой” (Linked to You) байдлаар хадгална гэдгээ хүлээн зөвшөөрсөн байхаар тусгасан нь тухайн хүнийг хоногийн 24 цагийн турш мөшгөх (Surveillance), хувийн амьдралын хэв маягийг нь зураглах (Profiling) боломжийг олгож байна. Энэ бол Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй байх эрхийг зөрчиж буй ноцтой үйлдэл гэхээс яалтай. Цахим шилжилтийн хүрээнд хөгжүүлсэн бас нэг платформ болох ДАН систем Монгол Улсад иргэнийг таних, нэвтрэлт танилтын нэгдсэн хандалт, үйл ажиллагаа нь хэвийн атал нийслэлийнхний захиалгат “Дижитал инфосек” ХХК нь ямар үндэслэлээр “Hamuga ID” хэмээх тусдаа бүртгэлийн системээр иргэдийн мэдээллийг цуглуулан авч буйд хариулт нэхэх нь зүйн хэрэг.
Тийм ч учраас тус аппликэйшн болон мэдээлэл хадгалж буй серверүүд нь аюулгүй, найдвартай байдлын аудит хийлгэсэн, эсэх, кибер халдлага гарсан тохиолдолд иргэдийн биометрик болон санхүүгийн мэдээлэл алдагдахгүй байх баталгаа бий юү, мөн цуглуулсан өгөгдлийг гуравдагч этгээдэд зар сурталчилгаа, улс төрийн маркетингийн зорилгоор дамжуулахгүй, ашиглуулахгүй байх эрх зүйн болон техникийн баталгааг хангасан уу гэдгийг шалгуулахаар ХЭҮК-т хандаж, тэндээс тодорхой хяналт шалгалт эхлүүлжээ. Түлшээ авах, нийтийн тээврээр зорчих гэх мэт суурь хэрэгцээгээр нь далимдуулан, заавал “Хотула” аппликэйшнийг ашиглах, үүний тулд иргэдийг биометрик мэдээллээ өгөхөөс аргагүй байдалд оруулж холбож байгаа нь албадлагын шинж чанартай буюу “сайн дурын зөвшөөрөл” авах зарчмыг ч зөрчиж буй явдалд тооцогдох гэнэ.
ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ
“Хотула” аппликэйшн нь Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдэд шахмал түлш борлуулах цор ганц бүртгэлийн систем болохын хувьд 170 000 гаруй хүн шууд, дээрээс нь нийтийн тээврээр үйлчлүүлэгчид ч ашиглаж эхэлжээ. Цаашлаад татвар, даатгал, эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг төрийн үйлчилгээнээс авхуулаад худалдаа, үзвэр, цэнгээний газар гээд хувийн байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг ч оруулах төлөвлөгөөтэйг нийслэлийн удирдлагууд ярьж байгаа. “Даахгүй нохой булуу хураах”-ын үлгэрээр нөгөөх нь доголдоод, гацвал 1.6 сая иргэнийхээ эмзэг, нууц мэдээллийг хадгалах, хамгаалах, аюулгүй байдлыг нь хариуцан дааж чадах уу гэдэгт харин анхаарч байгаа хүн бий юү. Асуудал үүсвэл хар толгойгоороо хариуцах ёстой нэг дарга нь болох Жигжидсүрэнгийн Сандагсүрэн лав өдгөө Ерөнхий сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөхийн сэнтийд очиж, дээш “одсон”.
2024 оны Орон нутгийн сонгуулийн дараахан тус корпорацын гүйцэтгэх захирлаар томилогдсон, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнгийн үед буюу 2025 оны тавдугаар сарын 15-ны өдөр “Хотула” аппликэйшнийг хөгжүү лэгч “Дижитал инфосек” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК бүртгэгдсэнийг opendata.mn-ээс харж болно. 2021 онд байгуулагдсан “Дижитал инфосек” ХХК-ийн 34 хувийн хувьцааг 2025 оны тавдугаар сард нийслэлийн өмчийн “Улаанбаатар хөгжлийн корпорац” ХК худалдан авахдаа хувьцаа эзэмшигчдийн хурал хийсэн үү, хуулийн дагуу холбогдох шийдвэр гаргасан, эсэх үндэслэл болоод хувьцааны эрхийг хэдэн төгрөгөөр худалдан авах шийдвэр гаргасан, нэгж үнэ нь хэд байсан зэрэг мэдээлэл олон нийтэд ил тод биш байгаа нь анхаарал татна. Улмаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 6-нд “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК -ийн гүйцэтгэх захирал Ж.Сандагсүрэнгийн гарын үсэгтэй, 1.2 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээ үзэглэгдэж, 800 сая төгрөгийг “Дижитал инфосек” ХХК-ийн данс руу урьдчилгаа болгон шилжүүлсэн байдаг. Тендер зарлаагүй, шууд гэрээлсэн гэдгээрээ энэхүү “Хатуу болон хийн түлшний хяналтын нэгдсэн систем хөгжүүлэх, нэвтрүүлэхэд хамтран ажиллах гэрээ” нь өнөөдөр араасаа эрх зүйн ямар үр дагавар учруулахыг таашгүй.
Л.Аргамжин