Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын өчигдрийн шүүх хурлаар “Ногоон автобус”-ны гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн хүмүүс, тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэхээр товлосон байв. Гэвч илтгэгч шүүгч нь шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нарын гаргасан олон гомдлыг нэг бүрчлэн танилцуулах учраас нэмэлт судалгаа хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэн хэлэлцэх хугацааг хойшлууллаа.
“Ногоон автобус”-ны гэх хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны дөрөвдүгээр сард хэлэлцэж, Д.Мөнх-Эрдэнэ, Г.Энхтайван, Г.Мишээлт, Ж.Сүхбаатар, Б.Алтаншагай, Ч.Мөнхбаяр, Ц.Болортуяа, БНСУ-ын иргэн Ли Жон Соб, Ким Кэа Баум нарыг цагаатгасан. Давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хууль зөв хэрэглэсэн гэж дүгнэсэн юм. Мөн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатарт гурван жил хорих, албан тушаалтан С.Бямбасүрэнд хоёр жил зорчих эрх хязгаарлах ял оноосон. Шүүгдэгч Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, А.Чойжилсүрэн нарыг ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй хэмээн Эрүүгийн хуулийн 23.5-1 дэх хэсгийн “Хайнга хандах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэн түүнд заасан торгох болон зорчих эрх хасах ял оноосон.
“Тэнүүн-Огоо”-гийн ерөнхий захирал А.Ганхуягт зургаан жил хорих ял шийтгэснийг давж заалдах шатны шүүх хянаад залилан мэхэлсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй хэмээн хөнгөрүүлэн өөрчилж, эдлэх ялыг гурван жил болгосон билээ.