Засгийн газрын 41 дүгээр тогтоолоор хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, өвөл, хаврын улиралд зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Тэгвэл Цагаан сарын баярын өмнөхөн зарим аймаг, сумд хурдан морины уралдаанд хүүхэд оролцуулж, эрхийг нь зөрчсөн талаар ХЭҮК-оос өчигдөр мэдээлэв.
Тус комиссын Гомдол, хяналт, шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар “Сар шинийн баярын өмнөхөн буюу хоёрдугаар сар гараад орон нутагт хурдан морины үсэргээ, сунгаа хийж эхэлсэн. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл үсэргээ, сунгаа хийхийг 2019 оноос хориглосон. Эл тогтоолд 18 насанд хүрээгүй хүүхдийг оролцуулах боломжгүй гэсэн өөрчлөлтийг 2025 онд оруулсан. Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанд өвөл, хаврын хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа хийж болох ч үүнд 18 насанд хүрээгүй хүүхэд оролцох боломжгүй гэсэн эрх зүйн баримт бичиг хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэтэл насанд хүрээгүй хүүхдээр морь унуулсны улмаас гэмтэж бэртэх, цаашлаад амиа алдсан тохиолдол бүртгэгдсээр байна. Сүүлд гэхэд Хөвсгөл аймгийн Галт сумд хурдан морины ажил хийж байсан хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Мөн Төв аймгийн Сэргэлэн сумд уяачдын хурдан морины жүчээнд үсэргээ болсон. Манай газраас хяналт, шалгалт хийж байна. Хориглосон хугацаанд харьяалах нутаг дэвсгэрт нь хурдан морины үсэргээ, сунгаа хийж, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлээгүй зургаан аймгийн 11 сумын Засаг даргад хариуцлага тооцсон. Сүүлийн 10 жилийн хугацаанд буюу 2014-2024 онд 44 хүүхэд хурдан мориноос унаж нас барж, 52 хүүхэд гэмтэж, бэртжээ. Үүнээс хориглосон хугацаанд хурдан морь унаж, 22 хүүхэд амиа алдсан” гэв.
Ч.Цэлмэг