Ардчилсан намаас өчигдөр мэдээлэл хийж, цаг үеийн асуудлаар тайлбар өгөв. Аn.mn сайтад тус намын гишүүн биш иргэн регистрийн дугаараа хийхэд хувийн мэдээлэл нь гарч ирж буй тухай уржигдар нийгмийн сүлжээгээр шуугьсан юм. УИХын сонгуулийн тухай хуулийн 20.15-д “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу энэ хуулийн 20.9-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө болон санал авах өдрөөс гурав хоногийн өмнө тус тус цахим хэлбэрээр олгоно” хэмээн заасан байдаг. Үүний дагуу 2024 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд оролцсон бүх намд сонгогчдын дээрх мэдээлэл бий. Үүнийг сонгуулиас бусад үед ашиглаж болохгүй тухай цаг хугацааны ямар нэг хязгаарлалт хуульд байхгүй, тиймээс АН ямар ч хууль зөрчөөгүй” хэмээн тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тайлбарлав. Тэрбээр “Бид гишүүнчлэлийн бүртгэлээ шинэчилж буй. Тиймээс ардчилсан үзэл баримтлалыг дэмждэг Монгол Улсын бүх иргэн хүсвэл мэдээллээ баталгаажуулж, “Ардчиллын гэрэгэ” авах боломж бүрдүүлэхийн тулд сонгуулийн үеэр албан ёсоор авсан сонгогчдын мэдээллийг цахим хуудсандаа байршуулсан. Манай намын гишүүд, дэмжигчид ч мөн адил сонгогч шүү дээ. Харин зарим иргэн өөрсдөө орж шалгаад, гарч ирсэн хувийн мэдээллээ цахим сүлжээнд түгээж, маргаан гарсан учраас тэр хэсгийг сайтаасаа түр хаасан” гэлээ.
Мөн жагсаалтын гишүүдийн ёс зүй, хариуцлагын тухайд АН-ын дарга О.Цогтгэрэл “Жагсаалт, тойргоос сонгогдсон гэлтгүй УИХ-ын гишүүн сахилга, хариуцлагатай ажиллах ёстой. Намынхаа зарим гишүүнд ч би сануулга өгсөн. Хэрэв жагсаалтын гэлтгүй, УИХ-ын гишүүнд хариуцлага тооцож, эгүүлэн татах хуулийн төслийг өргөн барьвал АН-ын бүлэг дэмжинэ” гэлээ. Дэд сайдын албан тушаалыг цомхотгохгүй бол Засгийн газрыг огцруулах байр суурь нь хэвээр, Шадар сайд, Эрчим хүчний болон Боловсролын сайдын үйлдэл Г.Занданшатарын танхим бүхэлдээ ажиллах чадамжгүй болсны баталгаа хэмээн тэрбээр хэлсэн юм.
С.Уул