Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Б.Мөнхсоёл болон гишүүн С.Замира нар Налайх дүүрэгт ажиллаж, хэд хэдэн компанийн үйл ажиллагаатай танилцжээ. 2017 онд баталсан уг хуулийн хэрэгжилт муу гэж ажлын хэсгийнхэн үзэж, сайжруулах төсөл боловсруулах гэж буй юм.
Тус дүүрэг дэх нөхцөл байдлын талаар Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг гишүүдэд мэдээлэл өгчээ. Налайх дүүрэгт нийт 10 991 өрх (үүнээс гэр хороолол 7960, байшин хороолол 3031), 588 аж ахуйн нэгж, байгууллагын хогийг тогтмол тээвэрлэдэг. Мөн хог хаягдлын чиглэлээр ажилладаг 12 үйлдвэр байдаг бөгөөд тэд 27 606 тонн хог дахин боловсруулсан аж. Хогийн савны стандарт батлах, ангилан ялгаж буй үйлдвэрүүдийг төрийн бодлогоор дэмжиж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах талаар хуульд тусгаж өгөхийг тэд хүсэв.
Гишүүд мөн “Электрокем монголиа” ХХК-ийн ажилтай танилцсан байна. Уг компани хаягдал хар тугалгын аккумляторыг байгальд ээлтэй технологиор дахин боловсруулж, барилгын материал үйлдвэрлэдэг аж. Үйлдвэр нь жилдээ 12 мянган тонн буюу Монгол Улсын хэмжээнд хаягддаг аккумляторуудыг бүрэн хэмжээнд дахин боловсруулах хүчин чадалтай гэнэ. Тэдний зүгээс Хог хаягдлын тухай хуульд үйлдвэрлэгчийн хариуцлагыг өргөтгөх, импортлогч нь үйлдвэрлэгчтэй адил хариуцлага хүлээнэ гэдгийг тодорхой болгох, аюултай хог хаягдлын мөшгөлтийн системийг хуульчлах, зөвшөөрөл олгох хяналтын босгыг тодорхой тусгах, тусгай хог хаягдлыг ялгаж, бүлэг заалттай болгох зэргээр зохицуулалт нэмэх саналаа хэлсэн байна. Хог хаягдал нь улс орны хөгжил, эдийн засгийн байдал, агаар, хөрс, орчны бохирдол гээд олон асуудалд сөрөг нөлөө үзүүлдэг тул бүх салбарын төлөөлөлтэй уулзаж, санал авахаар төлөвлөснөө УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл онцлов.