Бразилын зүүн өмнөд нутгийн Минас Жерайс мужид их хэмжээний аадар бороо орсны улмаас үер бууж, 36 хүн амиа алдаж, 33 иргэн сураггүй болжээ. Тус мужийн онцгой байдлын газраас мэдээлснээр хоорондоо 110 орчим км-ийн зайтай орших Жуис-ди-Фора болон Уба хотынхон эл гамшигт хамгийн ихээр өртсөн аж.
Жуис-ди-Фора хотын захиргаанаас мэдээлснээр ширүүн борооны улмаас үер бууж, хөрсний нуралт үүссэнээр 440 орчим иргэн орон гэргүй болсон байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сургууль, цэцэрлэг болон олон нийтийг хамарсан үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлажээ. Одоогоор онцгой байдлын 134 алба хаагч гамшгийн бүсэд дайчлагдан, эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж буй гэнэ.
Үүнтэй холбогдуулан Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва нийгмийн сүлжээнд Х платформоор дамжуулан хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ. Тэрбээр “Бидний нэн тэргүүний үүрэг бол хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, тасарсан ус, цахилгаан хангамжийг сэргээх, орон гэргүй болсон иргэдийг дэмжиж, сэргээн босгох ажилд анхаарлаа хандуулах явдал” хэмээв.
Э.Сүйлэн