Австрали улсад суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарласныг Боловсролын яамнаас мэдээлэв. Энэ нь хөгжиж буй орнуудад дэлхийн хөгжлийн ирээдүйг тодорхойлох манлайлагчдыг бэлтгэхэд чиглэсэн Засгийн газраас нь санхүүжүүлдэг тэтгэлэгт хөтөлбөр юм. Монгол Улсын иргэдэд тухайн орны их сургуулиудад бакалаврын дараах зэрэгт суралцах боломж олгодог. Суралцахыг хүсэгчид бакалаврын дипломтой, голч оноо нь 3.0 болон түүнээс дээш, академик IELTS-ийн голч оноо 6.0 (нэгж оноо 5.5-аас доошгүй), эсвэл түүнтэй дүйцэх iBT-TOEFL шалгалтын оноотой байх шаардлагатай. Түүнчлэн эх орондоо хоёр ба түүнээс дээш жил тасралтгүй хөдөлмөр эрхэлсэн гэдгээ нотлох гэнэ. Үүнд хүүхэд асрах чөлөөний хугацааг оруулж тооцох аж. Суралцахыг хүсэгчдийн өргөдлийг Канберра хотын цагаар дөрөвдүгээр сарын 30-ны 14.00 цаг хүртэл цахимаар хүлээн авах юм байна.
Тэтгэлэг зарласантай холбоотой боловсрол зуучлалын төвүүд, бизнесийн байгууллага, хувь хүмүүс хөтөлбөрийн талаар буруу ташаа, үндэслэлгүй мэдээлэл тараах, өргөдөл, эсээ бичих, ярилцлагад нь туслах, зөвлөгөө өгөх нэрийдлээр төлбөр хураамж авч буйг эсэргүүцэн Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газраас мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд “Манай газар тэтгэлэгт өргөдөл гаргах үйл явц, сургууль, курс сонголтын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг үнэ төлбөргүй явуулдаг. Мөн эл тэтгэлэгт хамрагдаж буй болон төгссөн хүмүүс зөвлөгөө, мэдээлэл төлбөргүй өгдөг. Иймд Австралийн тэтгэлгийн талаар төлбөртэй зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх нь хориотой болохыг мэдэгдэж байна” гэжээ.
Ч.Болор