“Орфей” театрын найруулагч М.Батболд болон “Xermel” багийн уран бүтээлчид хамтран Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч, зохиолч Ц.Балдоржийн “Хориотой” драмын жүжгийг ирэх сарын 7-ноос 18-нд “Зайсан хилл” цогцолборт толилуулах бөгөөд тасалбарыг 79-125 мянган төгрөгөөр борлуулах аж.
Уг жүжгийг “Х ТҮЦ” продакшныхан одоогоос 20 жилийн өмнө тайзнаа “амилуулсан” бол энэ удаад найруулагч М.Батболд шинэчилсэн найруулгаар үзэгчдийн хүртээл болгох гэж буйгаараа онцлогтой. Тэрбээр өмнө нь И.Гётегийн “Фауст”, Ф.Достоевскийн “Гэм зэм”, Ж.Оруэлийн “1984” тэргүүтэй дэлхийн сонгодог зохиолуудыг пост драм хэлбэрээр найруулан олны хүртээл болгосон туршлагатай нэгэн. Харин энэ удаа монгол зохиолчийн бүтээлийг хэрхэн амилуулах нь үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байна.
“Хориотой” жүжгийн үзэл санаа нь өнөөгийн нийгмийн шаардлага, хүлээлттэй бүрэн нийцэж байгааг уран бүтээлчид онцолж буй юм. Шилжилтийн үеийн нийгэмд ажиглагдаж байсан үзэгдлүүд өнөөдөр ч хэвээр оршиж, монголчуудын амьдралд тодорхой мессеж илгээсээр байгаа нь уг бүтээлийг тайзнаа дахин залах гол шалтгаан болжээ. Төслийн багийнхан Ц.Балдорж сан болон “Х ТҮЦ” продакшнаас зохиогчийн эрхийн албан ёсны зөвшөөрлийг авсан бөгөөд эл бүтээлд хошин урлагийн салбарт хэдийн олны танил болсон жүжигчин Г.Лхагвацэрэн, У.Цогтбаяр, Н.Баясаа, С.Батзориг нар тоглох аж.
Э.Сондор