Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын энэ оны нэгдүгээр сарын 27-ны А/128 тоот тушаалаар ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээ, улс, аймаг, нийслэлийн менежментийн төлөвлөгөө, ойн сангийн төлөв байдал, тооллого, дагалдах баялгийн нөөц, түүнийг ашиглалттай холбоотой мэдээ, тайланг хэлэлцэж баталгаажуулах, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан билээ. Тэгвэл тус зөвлөлийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын ойн сангийн шинэчилсэн тоо баримтыг хэлэлцэж, ойрхог чанарыг нийт нутаг дэвсгэрийн 8.71 хувь гэж тогтоолоо.
Өнгөрсөн жилүүдэд эл үзүүлэлт дунджаар 8-9 хувьтай үнэлэгддэг байсан аж. Тухайлбал, 2023 онд ойгоор бүрхэгдсэн нийт талбай 9.1 хувьтай байсныг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тайланд дурджээ. Уг үнэлгээг таван жил тутамд нэг удаа хийдэг гэнэ. Үүнээс үзвэл манай улсын ойн сангийн эзлэх хувь бага зэрэг буурсан байгаа юм.
Аливаа улс орны газар нутгийн ойрхог чанарыг тогтоохдоо ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээгээр нь тооцож үнэлдэг юм байна. Монгол орны нутаг дэвсгэрт ургадаг бүх төрлийн мод, бут, сөөг, заг, таримал нөөцөөс ойн сан бүрддэг. Нийт ойн сангийн 83.7 хувь нь навчит болон шилмүүст, 16.3 хувь нь заган ой эзэлсэн байв. Ойгоор бүрхэгдсэн нийт талбай 13.6 сая га.
Нэмж мэдээлэхэд, Ойн газраас сангийн нөөцийг хамгаалах, хяналт тавих үйл ажиллагааг цахимжуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн бөгөөд үүний үр дүнд ойн баялгийн ашиглалт, түүнийг тээвэрлэх, гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих зорилгоор erp.forest.gov.mn систем хөгжүүлэн, аймгуудын Байгаль орчны газар, сум болон сум дундын ойн ангиуд, бүс нутаг хариуцсан улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт ашиглуулж эхлээд байна.
О.Ундрах