Тэргэнцэртэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр өчигдөр тохиолоо. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас үүний хүрээнд тэргэнцэртэй иргэдийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, саадгүй, хүртээмжтэй орчныг бүрдүүлэхийн ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулав. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 107.9 мянган иргэн байгаа нь нийт хүн амын 3.2 хувийг эзэлдэг байна. Үүнээс 20 мянга орчим нь хөдөлгөөний бэрхшээлтэй аж. Хэдийгээр орчны хүртээмж сайжирч байгаа ч нийгмийн дэд бүтэц, барилга, байгууламж, нийтийн тээвэр, төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээний саадгүй байдлыг илүү нэмэгдүүлэх бодит шаардлага бийг тэргэнцэртэй иргэдийн тоон мэдээлэл харуулж байна хэмээн албаныхан хэлсэн.
Хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдийн хувьд саадгүй орчин нь зөвхөн тав тухын асуудал бус, харин үндсэн эрх, тэгш боломжийг хангах үзүүлэлт юм. Тиймээс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан ажиллаж байгаа гэв. Эдгээр эрх зүйн шинэчлэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодитой хангах, нийгмийн бүх салбарт хүртээмжийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн байгууллагын хариуцлагыг тодорхой болгоход чиглэжээ.
О.Оргилох