Улсын хэмжээнд галлагаатай хоёр сургууль байдаг нь Хөвсгөл аймгийнх аж. Тус аймгийн Рэнчинлхүмбэ сумын сургууль барих санхүүжилтийг төсвөөс бүрэн олгосон гүйцэтгэгч компани барилгын ажлыг дуусгаагүй юм. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаярыг тус аймагт ажиллах үеэр Засаг дарга Л.Төмөрбаатар танилцуулав. Тэрбээр “Оны эхэнд Ерөнхий сайдтай хамт ирэхдээ ярьсан асуудлыг шуурхай шийдвэрлэхээр эргэн ирсэнд талархаж байна. Хөвсгөл хамгийн орлого багатай, татаас ихтэй аймаг. Тэр дундаа Дархадын сумд маш хүнд нөхцөлд байна. Тухайлбал, Цагааннуур сумын Соёлын төвийн барилга сийгсэн ханатай, сургуулийн хана нь цуурсан” гэв. Харин Боловсролын сайд Рэнчинлхүмбэ сумын сургуулийн барилгын ажлыг дуусгаагүй компанийг шалгаж байна. Гэхдээ сургуулийн барилгыг дуусгахад шаардлагатай хөрөнгийг АХБ-ны санхүүжилтээр шийднэ. Мөн Цагааннуур сумд 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ онд эхлүүлнэ” гэв.
Ташрамд, тус аймагт 2026 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 10 сургууль, зургаан цэцэрлэг, таван дотуур байр, нэг спорт заал, мэргэжлийн боловсролын төвийн барилгыг нийт 179.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барих гэнэ.
ЧТуяа