Баянхонгорын Жинст сумд өчигдөр 01.00 цагт газар 4.1 магнитудын хүчтэй хөдөлснийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв. Газар хөдлөлийн төвийн байршил нь өргөрөгийн 45.03, уртрагийн 100.35 хэмд, 10 км гүнд бүртгэгдсэн байна. Газар 3.5-аас дээш магнитудын хүчтэй хөдөлсөн тохиолдлыг мэргэжлийн байгууллагынхан бүртгэдэг. Тэгвэл өнгөрсөн сард энэ хэмжээнээс дээш хүчтэй газар хөдлөлт есөн удаа бүртгэгдсэн байна. Тодруулбал, өнгөрсөн сарын 1-нд Булган аймгийн Могодод газар 3.5, 7-нд Өмнөговийн Цогтцэцийд 3.8, 9-нд Хөвсгөлийн Цэцэрлэг, Ханхад нэг минутын зайтай хоёр удаа хөдөлсөн юм. Мөн энэ сарын 15-нд Хөвсгөлийн Улаан-Уул сумд газар 3.7 магнитудын хүчтэй, 22-нд Увсын Наранбулаг, Ховдын Булганд 16 минутын зайтай тус тус хөдөлсөн юм. Тэгвэл энэ сарын 25-нд Дорнодын Матад сумд газар 3.9 магнитудын хүчтэй хөдөлжээ.
Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрынхан чичирхийлэл зарим хүнд мэдрэгдсэн ч хохирол учраагүйг хэлсэн.
Ч.Цэлмэг