Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн хүрээнд “Занабазар: Тал нутгийн мэлмий” тусгай үзэсгэлэнг Итали улсын Турин хотын Дорно дахины урлагийн музейд олон улсын үзэгчдийн хүртээл болгож байна. Энэхүү үзэсгэлэн Монголын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал болох Өндөр гэгээний хөрөг, хүрэл цутгамал “Ногоон дарь эх” бүтээл дэлгэж, Өрнө дахины үзэгчдийн мэлмийг баясгаж буйгаараа онцлогтой. Түүнчлэн Занабазарын дэг сургуульд гүн нөлөө үзүүлсэн Төвөдийн “Дэнсатил” хийдийн олдворуудыг музейн сан хөмрөгт хадгалж буй эртний бүтээлүүдтэй зэрэгцүүлэн дэлгэсэн нь судлаач, үзэгчдэд харьцуулан шинжих ховор боломж олгож байна. Өрнө, Дорнын суут уран бүтээлчдийн сэтгэлгээний онцлогийг нэг дор толилуулах тус үзэсгэлэнг ирэх сарын 7 хүртэл толилуулах аж.
“Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун энэ үеэр “Занабазар нь Монголын тал нутагт бүтээлээ туурвиж шашны дэг ёсыг өөрчилж, олон гайхамшигт сүм хийдийг байгуулж явсан Чингис хааны угсааны язгууртан. Түүний зохиосон соёмбо үсэг өдгөө ч монгол төрийн бэлгэдэл хэвээр байна. Энэхүү бэлгэдлийг зохиосны 340 жилийн ой 2026 онд тохиож буй. Зөвхөн уран бүтээл туурвиад зогсохгүй Занабазарын хэмээх өвөрмөц дэг сургуулийг бий болгож, бүтээлдээ нүүдэлчдийн ахуй амьдрал, тал нутгийн онцлог, байгаль эх дэлхий хүмүүний харилцааг тусгасан юм. Өндөр гэгээний бүтээлүүдийг хаанаас нь ч харсан нүүдэлчдийн ертөнц тодорно. Тиймээс бид үзэсгэлэнгээ Тал нутгийн мэлмий хэмээн нэрлэсэн” гэв.